2010/06/07

Чанга бодох

Урьд нь би анх програм бичих дадлагаар нэг байгууллага дээр жил гаран ажиллахдаа нэгэн үзээгүй үзэгдэлтэйгээ учирсан юм. Тэр нь чангаар бодох. Намайг хийх юмаа чадахгүй байгааг минь дааж авсан хүн маань анзаараад нэг өдөр намайг хажуудаа суулгаж байгаад хэрхэн програмчлахыг харуулсан юм. Тэгэхдээ бүх юмыг эхнээс нь эхлээд бичиж эхэлсэн бөгөөд надад тайлбарлаж ярилгүй зөвхөн өөрөө өөртэйгөө ярьж байгаа юм шиг бодлоо чангаар ярьж бичиж үзүүлэв. Нүдний минь өмнө босоод ирж байгаа тэр програм, нөхрийн бодож байгаа бодол хоёр намайг зүгээр л хүлчихсэн мэт хөдөлгөөнгүй хөшиж билээ.

Гэхдээ би энд өөрийгөө хэрхэн програмчилж сурсанаа тоочих гэсэн юм биш ээ. Сурсан ч гэж бас хэлж чадахгүй дээрээ байгаа амьтан. Өмнөх нийтлэлийг тэрлэсний дараа андуудын нэмэрлэсэн үг болон нөхөрсөг мөртлөө ноцтой дарж авсан ам асуулт зэргээс хүч авсаар анхны туршилтын үр дүн тэгээд цаашлах сурах алхмуудын дараа тойрохгүй байх арга үгүй бас нэг алхамтай тулгарсныг чангаар бодохыг зорилоо.

За ямар ч байсан энэ чигээрээ мацаад байвал нохойн дуу ойртож л байна. Бичиж эхлэнэ шүү дээ. Гарын байрлал юу ч гэсэн эмакс дээр бэлдэж авна. Энүүн дээрх сэтгэгдлийн талбай дээр хүүтэй мэтгэлцэж байхдаа түрэгүүдийн бэлдэж авсан гарын байрлал нь дэлхийн хурдан бичлэгийн уралдаанд 14 удаагийн дээд амжилт эвдсэн гэдгийг уншсанаар миний dvorak гарын байрлал уруу орох зам минь эхэлсэн бил ээ. Түрэгүүдийн гарын байрлал нь дворак байрлал дээр үндэслэсэн гэсэн магадлалтай бөгөөд түрэг хэлний шинж чанарыг судлан мөн гарын хурууны үе мөч, шөрмөсний таталцлыг судалсны үр дүнд бүтээсэн гарын байрлал юм. Жинхэнэ улс гэгч нь эх орныхоо хүүхдүүдэд харийн тоглоомоор тоглуулахдаа эх хэл, соёлоо харгалзан үзэж судалж байж тоглуулдагийн сонгодог жишээ энэ бус уу? Үсэгнүүдээ 49 болон 51 хувийн ачааллаар зүүн болон баруун гарт оноож өгсөн нь дворак гарын байрлал бүтээх таван дүрэмнээс зарчмын хувьд нэг их зөрөөгүй мэт. Хүүтэй маргалдаж байхдаа нэг зүйлийг би ухаарсан. Одоо байгаа байрлалууд монгол хүнд зориулсан гарын хуваарилалт биш. Бид зөвхөн том нөлөөтэй улсын л шахсан хоолыг идэж байна. Гарч байгаа ялгадас нь одоогийн улсын минь энэ байдал. Уншигч авхай миний үгнээс улс төрийн бухимдлын үгс холилдож байгаад дургүйцэж магадгүй. Гэхдээ үр хүүхдийнхээ ирээдүй гэж улсаа харахаар ийм байдалд орохоос өөр арга үгүй болдог юм байна. За жолоог зөв зам уруугаа залъя. Бид ямар ч байсан өөрсдийн хэлээ сайн судалж байж товчлуурын хуваарилалт бүтээх ёстой.

Хэл шинжлэлийн зэвсгүүд ашиглаж байгаад хэлэнд их давтагдсан хоёрлосон болон гуравласан эгшиг, үе, гийгүүлэгч, үг гэх мэтийн судалгааг харгалзан үзэж гарын хуваарилалт бүтээж болно. Ингэхийн тулд корпора буюу судлагдах их хэмжээний текст материал бэлдсэн байх шаардлага гардаг. Би энэ тэрлэлийг монгол бичгээрээ бичдэг болтлоо кирил үсэг хэрэглэх бөгөөд удахгүй солигдохын хооронд кирил бичигт тийм судалгаа хийж цаг заваа үрмээргүй байна. Одоогийн дворак байрлалыг латин үсгэнд хэрэглэж, эх монгол бичигтээ цоо шинэ дворак байрлал бүтээхийг хүснэм. Социйн үеийн бичээчдийн гарын хуваарилалт дээр дадлагажиж кирилээр бичиж сурсан ч юмыг гээх амархан шүү дээ!

Монгол сэхээтнүүд энэ асуудал дээр "муу" монгол зангаар залхуурч бүү хаяасай гэж бас бодогдож байх юм. Энэ сэхээтэн гэдгээрээ ирээдүйн монголыг залгамжлах хүмүүсийг хэлсэн болохоос одоогийн дээр гарсан сэхүүн соёлгүйчүүлийг хэлээгүй! Тэдний нүдэнд цэвэр соёлт нарлаг улаанбаатарын гудамж биш харин мөнгө, жийп, архи хүүхэн гэсэн юмс л орой дээр нь ороож байгаа биз.

За тэгээд бэлэн текст одоогоор бидэнд бий бил үү? Байгаа бол тэр нь юникод стандартад заасан тэмдэгтийг ашигласан уу? гэсэн асуултууд хөвөрсөөр. Сүүл орхиц болон нэр үгэнд залгагдах дагаваруудын дунд нь заагладаг тэмдэгтүүд хуруунд илүү ойр байх ёстой ч юм шиг.

Одоогоор байгаагаас гурван гарын байрлалыг би оллоо. Надад гурвуулаа санаанд минь хүрсэнгүй. Эхнийх нь өвөр монголд хэрэглэгдэж байгаа гарын байрлал:

Энэ байрлал нь бараг л латин хуваарилалтыг шууд ашигласан байгаа юм. Тийм болохоор миний хүссэн гарын хуваарилалт биш. Удаах нь Бадрал нөхрийн опенофисд хэрэглэгдэх гарын байрлал:

Бас л өвөр монгол байрлалтай ойролцоо. Нөгөө миний дурдаад байсан онцгой тэмдгүүд харин өөр өөр газар зоогдсон байгааг хоёр гарын байрлалаас ялгаж харж байгаа биз дээ. Ингээд би энэ байрлалыг бас л сонгохыг хүссэнгүй. Адаг сүүлд нь VirtualNodepad хэмээх бүндөүс дээр монгол бичгээр бичиж болдог програмын гарын хуваарилалт:

Энэ хуваарилалтанд нэг содон ялгаа бий. Латин хуваарилалтыг биш харин кирил монгол хуваарилалтыг ашигласан байгаа юм. Энүүн дээр би илүү хурдан бичих магадлалтай боловч энэ хуваарилалтыг хэрэглэхгүй болох шалтгааныг минь та дээд хэсэгт уншсан даа.

Бас нэг сонирхолтой анзаарагдсан зүйл гэвэл энэ гурван зургийн файлуудыг нэрлэсэн нэрүүд юм. uighur.jpg, KeyMonScr1.png, hudammon.jpg. Өвөр монголын гарын хуваарилалтыг герман нөхрийн вэбээс олсон санагдаж байна, тийм болохоор uighur гэж нэрлэсэнг тэгсгээд өнгөрөөчихөе. Бадрал нөхөр Монгол Скрипт нэрийг сонгож. Бүндөүс нөхдүүд худам монгол нэрийг сонгосон байх юм. Гэтэл би гэж бас нэг юм зохиоё гээд галзуураад байдаг. Бадрал нөхрийн нэр сонголт илүү оносон гэж би бодож байна. За тэгж байгаад нэр ороод ирэх байх аа. Файлын л нэр шүү дээ ямар сүртэй юм гэж та бодож байна уу? Харин тийм ээ, би ч гэсэн бас тэгж бодож байна :)

21 comments:

  1. Монгол бичигт санаа тавьж байгаа залуусын ажлыг олон хүн дэмжинэ гэдэгт итгэж байна гаа шүү. Миний мэдэхийн Emacs босоогоор зүүнээс баруун тийш бичих горимыг нэг Америк залуу 96-97 онд оруулсан гээд нэг хурал дээр ярьж байсан санаж байна. Юникод-д орсон хойно “Oliver Corff mongolia” гээд хайчих Герман хүн оруулсан, Мөн Perl ашиглаад юм хийчихсэн Онгоцонд тааралдаад үзүүлсэн олон жилийн өмнө.

    Гарын хувьд бол монгол судлалын эрдэмтдийн хийсэн маш их өгөгдлийн сан байгаа, дээр маш их ном хэвлэл бүгд латин галиг дээр үндэслэсэн тул латин галигаа барих нь зүйтэй бол уу. (миний бодол шүү) 1. Кирилл үсгээр монгол бичгийг галигласан зүйл үгүй тул, 2. Хийсэн зүйлээ хоёр сая найман зуун хүн хэрэглэхээр биш дэлхий нийтээр хэрэглүүлэхийн тулд гэчихвэл хэт томдсон асуудал болчихдог юм бол уу. Үүнийг шийдэхээсээ өмнө монгол хэлийг галиглах олон улсын АйТи-гийн стандартыг нэг үзэхийг хичээгээрэй.

    Товчлуур-Гарын даралтыг Чоймоо багшийн тэнхим дээр тулгуурлаад хэрэгжүүлсэн ЮНИСКО-гийн төслөөр гаргасныг КТМС-ын Батзолбоо багш хүснэгт үзүүлж байсан. Тэр бүгдийг олж танилцвал их тус болох байх гэж бодож байна.

    ReplyDelete
  2. Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Миний гол санаа маань 1800 оны үед зохиосон энэ хуваарилалт 1900 онд зохиогдсон хуваарилалтаас дутмаг юм шүү гэдгийг гаргах ёстой байсан юм. Амны салиа минь арилаагүйгээс болоод гол санаа маань төөрчихөж :) Дэлхий нийтээрээ буруу хуваарилалт ашиглаад байна ш дээ гэж дворак эзэмшсэн хүмүүс үглээд байгааг би их сонслоо. Улс өөрийн гэсэн дүрэм журамтай байх нь олны урсгалд хөл алдахгүй хэл соёлоо хамгаалах нэг дархлаа болдог юм байна гэж бодлоо л доо.

    Оливер гуайн энэ оны гурван сард бичсэн захиаг интернэт дээр олж уншаад хийсэн хөдөлмөр нь Латекс дээр төвлөрснийг мэдэж авлаа. Уг хүний үгээр бол монголчууд бид өөрсдөө кирилдээ автсан бөгөөд нэгдэлгүй хэд хэдэн тархай бутархай оролдлогууд бийг дурдсан байв (уг хаягийг өөр төмөр дээр сууж байхдаа хадгалчихсан байсан учир энд ишлэж чадсангүй).

    Таны гарын товчлуурын хуваарилалт болон латин галиглалт хоёрын хоорондох холбоог би сайн ойлгоогүй юм шиг байна. Энд гарын хуваарилалт голчлон яригдсан. Монгол хэл сурж бичиж сурах гэж буй жаахан хүүхдэд латин галиглалт нь монгол үсэг болохыг биш харин ямар товч дарж ямар үсгээ гаргана гэх нь илүү үр бүтээлтэй. Монгол судалж байгаа нь биднийг судалж байхад бид биднийг судалснаас бидэнд тохирсон юм авна гэхээр нэг л нүх хаа нэгтээ үүсээд байгаа юм шиг толгой эргээд байна :) Эхлээд хоёр сая хүнд ойлгомжтой тохиромжтой юм хийж байж дараа нь тэр ардыг судалдаг хүнд ямар замаар явах нь тодорхой болох учиртай гэж бодлоо. Бусад бүх ард түмэн өөрсдийнхөө ард түмэнд зориулсан гарын хуваарилалт бүтээж байхад бид яагаад өөрсдийнхөө ард түмнээ эхэнд нь тавьж бодолгүй бусдын дүрмийг урьтал болгоно гэж? Усаа уулгасан бол ёсоо дагуул гэдэг бил үү :).

    Чоймаа багшийн тэнхимд зохиогдсон гарын хуваарилалтыг зорьж байгаад үзнээ.

    ReplyDelete
  3. Ер нь бодоод байсан чинь товчлуур-гар чинь үнэн хэрэгтэй хоёр баганатай хүснэгт байгаа.
    Галиг огт хамаагүй юм байна. Ямар галигаар хараад ажиллах гэж байгаа биш. шууд монгол бичгээрээ ажиллах гэж байж тиймээ.

    Монголынхоо үйлдвэрлэж бүтээсэн кирилл гараа хараад монгол бичгээ сурч бичих нь зүйтэй юм байна. Хүснэгтийн нэг багана нь гарын СКЕНКОД нөгөөх нь ердөө л Монгол бичгийн юникод байгаа. Дараа нь “free keyboard creator” тусална.

    Үүнийгээ давхар монгол стандарт болгоод батлуулчихвал бүх хүн даган шүү.
    Монголын стандарт аа дараа нь энэ рүү ISO/IEC 9995: ISO/IEC JTC 1/SC 35/WG 1
    оруулбал болоод явчихандаа.

    Олеверийн холбоосыг марталгүй оруулчихвал их сайн байна.

    ReplyDelete
  4. Өмнө дурдсан Оливер гуайн монгол бичгийн талаарх холбоос: http://www.mail-archive.com/tex-hyphen@tug.org/msg00411.html

    Стандартын талаар цаг нь болохоор таныг тэгтээ тэргүй бас шаналгана даа гэж бодож байлаа.

    ReplyDelete
  5. Монгол бичиг гэдэг нэг ч гэсэн хүн байгаад сэтгэл өөдрөг байна шүү. Үнэндээ өвөр монголчууд латин галиг дээр биш хятадын пин-ин гэдэг юм дээр үндэслээд хийчихсэн байдаг биш үү? Тийм болохоор хэрэглэхэд тохиромжгүй хэцүү байдаг. Монгол бичгийн төлөө санаа зовдог та бүхэн бүгд нэгдээд бүгдэд хүрэхээр, кирилл үсгийг шахаж чадахаар тийм зүйл хийж чана байх гэж найдаж байдаг шүү. Найдах ч багадна бүүр үүнийг л хүлээж байна.
    Миний бодлоор бүүр аргаа барахад Монгол бичиг сурахаасаа өнгөрсөн хүмүүст зориулаад Кириллээс Монгол бичигрүү хөрвүүлдэг зүйл байвал хэн ч Монгол бичгийг дургүйцэхгүй байх. Хүмүүс ганц айж айгаа зүйл нь өөрсдөө шинэ зүйл сурна хүндрэл гарна гээд л айгаад байгаа юм. Энэ талаар нэг жишээ хэлэхэд Би боловсролын яамны ЭШ хариуцсан нэг хүнтэй хамт тодорхой хугацаанд хамт аялах завшаан тохиов. тэгээд би энэ далимд бичиг үсгийн тухай ярьж байтал мань эр Монгол бичиг хэрэггүй шүү дээ хуучны баларсан юм, КИРИЛЛ БИЧИГ ЧИНЬ ДЭВШИЛ ШҮҮ ДЭЭ гэхэд би ёстой хэлэх үг олдоогүй хоолой зангирсан. Тэднийхээр бол Монгол бичиг хэрэглэдэг болох нь дэвшлээс ухарсан хэрэг болох юм гэнэ. Ийм хүмүүс энэ салбарт олон байгааг хараад надад энэ талаар бид улам чармайх хэрэгтэй юм байна гэж бодсон ч миний чадах зүйл тун бага байна.

    ReplyDelete
  6. Эрхэм Лхагвасүрэн танаа баярлалаа. Энд нэг биш нэлээн олон эрүүл байтугай галзуу хүмүүс үүний төлөө юм хийж байгаа. Бид цөөхүүлээ биш! Эх хэл, соёл, бичиг хэмээх юм эрүүл гэлтгүй галзуучуудыг хүртэл өвчнийг нь сэдрээж өдөөж байдаг бололтой :) Хувиргуурын хувьд тусгай ажил хийгдэж байгаа тухай дам сонссон. Гэхдээ надад тэрний үр ашиг нь бага юм шиг санагдсан л даа. Шөнөөс өдөр болох завсрын үүр цайх маягийн үзэгдэл удаан үргэжлэх юм шиг төсөөлөгдөөд байгаа юм. Далан жилд бичсэн хэрэгтэй бичиг баримтыг гараараа дахин бичихэд сурах болон дадах чадвар нэмэгдэнэ үү гэхээс муу үр дагавар харагдахгүй л байгаа юм. Бүр олон нийтийг хамарсан хөдөлгөөн хийсэн ч болох бус уу? Хөрвүүлээд байхаар хөгжихгүй. Хүний тархи ер нь хатуу самарт дуртай даа :) Кирил бичгийг дэвшил гэсэн ХОГШИЛ бий ч удахгүй алга болноо тэд. Энэ үед өөрсдийгөө голох хэрэг байна уу? Таны хуудсыг харах нь ээ та биднээс хавьгүй илүү боловсролтой хүн байна. Бага гэлтгүй байгаа хэдэн цаасаа бидэнд өг л дөө :) :)

    ReplyDelete
  7. Монгол бичгийн гарыг бүтээхэд кирилл үсгийн одоогийн байрлалыг баримтална гээд Эрдээ эгч хэлчих шиг болох юм?
    Энийг бол 180хэм эсэргүүцэж байна ээ...

    Кирилл -> Монгол бичгийн хөрвүүлэгчийн хувьд заавал байх хэрэгтэй зүйл гэж боддог. Ийм хөрвүүлэгч байвал Монгол бичиг рүү шилжихэд их дөхөм болно. Харин эсрэг тийш нь хөрвүүлдэг хөрвүүлэгч байж болохгүй. Байсан ч хэрэглэхгүй байхыг хүмүүст сайн уриалах хэрэгтэй байх ;)
    Жишээ нь би Тунгалаг Тамир романыг дүүдээ уншуулмаар байдаг. Гэтэл надад ганц кирилл хувилбар нь л байна. Тэгэхээр би дүүдээ уншуулах гэж заавал бичих хэрэгтэй болно оо доо. Тэгэхгүй хөрвүүлэгч байвал сканнердаад OCR таниулаад л шууд хөрвүүлчихнэ. Ингээд өөрөө ч уншина, дүүдээ ч Монгол бичгээр уншуулна. Тэгээд л Монгол бичиг суръя гэсэн, сургая гэсэн хүмүүст бэлэн материал их болно.

    За бас нээрээ яваандаа Монгол бичгийн OCR програм хийх хэрэгтэй юм байна даа...

    ReplyDelete
  8. Монгол хэл First published at Olangbator in 1939 by the ministry of education of the Mongolia Peoples' Republic http://is.gd/cPxB3 #ehhel

    ReplyDelete
  9. @Хүүгийн хөрвүүлэг дээр хэлсэн сэтгэгдэлтэй зарим талаараа санал нийлж байвч зарим тал дээр нь бодох юм байна. Надад бол олон хүн нийлж гараараа бичиж хийвэл сурах дадлагажихад илүү нэмэртэй. Гарнаас юм гарах нь шууд хөрвүүлснээс удаан ч гэсэн ард нь чанар гэж юм бидэнд үлдэцтэй байх юм шиг л бодогдоод байгаа юм. Хүү ч бүгдийг нь автоматжуулах гээд байдаг :) Хүний тархи тийм юманд харшилтай шүү.

    @Лхагвасүрэн танаа дахин гүнээ талархаж байна. Би амихандаа хармаанд байгаа хэдэн цаасыг нь булаачих гэсэн чинь харин номын буянаар нуруу дундуур татаад авдаг байна шүү :) Сүүлийн хэдэн хоног дүрмийн нэгдсэн хүснэгт маягийн юм гаргах гээд сууж байсан юм. Энэ номон дээр маш сайн тайлбарлаж. Өмнөх тэрлэл дээр сэргээгээд оруулнаа. Номын буян дэлгэрэх болтугай!

    ReplyDelete
  10. Гацан ахын бичлэгүүдийг уншиж байгаад Dvorak гарын байрлал ашиглах талаар их сонирхдог болсон л доо. Тэгээд Гацан ах аа танаас энэ талаар хэд гурван юм шалгааж болох уу? :D

    Сүүлийн үед Dvorak гарны байрлал ашиглах талаар их сонирхож байгаа юм л даа. Тэгээд QWERTY-гээс Dvorak руу шилжихэд ямар ямар асуудлууд тулгардаг, юу юунд анхаарах талаар comment-д багтаагаад юм уу блог нийтлэл бичээд өгж болох уу?
    Миний санаа зовж байгаа зүйл бол:
    - Dvorak ашигладаг боллоо гэхэд QWERTY-г огт хэрэглэхээ байна гэж байхгүй байх. Dvorak, QWERTY 2-ийг хоёуланг нь ашиглах хэр хэцүү байдаг бол? Dvorak ч үгүй QWERTY ч үгүй болчихвий гэж болгоомж төрөөд байх юм :P
    - Dvorak гарын байрлал маань өөрөө бас дотроо хэд хэдэн янз байдаг юм байна. Та алийг нь хэрэглэдэг вэ? Анх суралцаж байгаа хүнд алийг нь зөвлөх вэ? (Dvorak, Dvorak Classic, Dvorak International)

    Зуны амралтаар хэд хоног ажил албаа алдаад ч гэсэн гүрийгээд баахан дадлага хийхэд гарт орчихно гэж бодоод байгаа юм л даа :D

    ReplyDelete
  11. Сайн байцгаана уу, галзуучууд аа :D

    Монгол бичгийг дэмжин ийм ажил хийж байгаад үнэхээр баяртай байна. Үүний дээр та бүхний судалгаа, ажлын явц ямар байгааг мэдэж болох уу? Цаашилбал бусад хүсэл нэгт хүмүүс хэрхэн оролцож болох талаар бичвэл таатай байна.

    ReplyDelete
  12. Дворакын хувьд хэрэглэж заншсан гарын дөтлүүрүүд дагаад өөрчлөгдөх гэмтэй юм билээ. Жишээ нь CTRL+C дарах гэхэд С нь тээр дээр оччихсон :)

    ReplyDelete
  13. Хүндэт Дөлүгэн минь ээ, монгол бичигт санаа тавьж сураг асууж байгаад тань их баярлалаа. Явцын хувьд гэвэл халуурч галзуурсан хүмүүсийн идэвхижлийн улирал болох хаврын хувирамтгай улирал өнгөрч халуун зунаар солигдоод, эмчилгээний дооз нь нэмэгдсэнийх үү, элий балай болоод жаахан удаашрав :). Дэлгэж тавихад арай түүхий хэдэн юм бэлтгэгдэж дуусаж байна. Тун удахгүй баяртай мэдээгээр бялуу шиг бэлэг барихыг хичээе.

    Дворак гарын хувьд бол англиар үнэхээр их бичдэг хүнд сурахад илүүдэхгүй. Шилжилтийн толгой эргэх үеийг удаан давтлагаар түргэн арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага зэрэг дадсан бол хуучин хуваарилалтаас түргэн ангижрах хэрэгтэй. Эс тэгвэл залхах шинж илэрч магадгүй шүү :)

    ReplyDelete
  14. Баярлалаа. Би бээр энэ цахим бичиглэл, хөрвүүллийн их эрдмийг ухаж ойлгочих санаатай бичиг цаас үзэж л сууна.

    Эрдээ эгчийг шалж байгаад монгол бичгийн тиг зохиох зөвлөмж бичүүлэхээр болсон :) Буриадаас нэг нөхөр тиг бүтээе гээд намайгаа бас шалаад байгаа.

    ReplyDelete
  15. Өөрийн өнгөц ажиглалтаас дүгнэлт гаргах гэж оролдоод эргээд асуултаар бөмбөгдүүлдэг юм байна. Энд байгаа хэлэлцүүлгийг уншин санаа бодлоо хуваалцана уу :D

    ReplyDelete
  16. Сайн байцгаана уу?
    Надад өвөрмонголын хэдэн тиг байгаа юм аа. Даанч тэд нар ажиллуулдаг программыг нь суулгалгүйгээр ажилладаггүй юм билээ. Хэрэг болдог бол хэлээрэй би share дээр тавьчихъя.
    Эрхэм Гацан: Хоёр номон дээр үсгийн давтамжийнх нь судалгаа /гэх үү тооллого гэх үү/ эхлээд байгаа бараг 12 сар гэхэд дуусчих байх аа. Дуусхаар нь дүнг нь илгээе.
    Амжилт хүсье. Миний хийж чадахаар юм байвал хэлж байгаарай.

    ReplyDelete
  17. Дахиад нэг асуулт байна. Монгол бичгээр бичихэд орхиц бичихын тулд заавал нэг товч дардаг./тооцогддоггүй зай гэлүү дээ/ энэ нь бичихэд тохиромж муутай санагддаг. Үүнийг зүгээр л үгийн адгийн "а", "э" -гийн үндсэн хэлбэр болгоод оруулах боломж байдаг болов уу? Сүүл бичих хэрэгтэй үед нь shift -тэй хослуулан дарж гаргадаг болговол их хялбар болохоор санагдах юм.
    Хүндэтгэв.

    ReplyDelete
  18. Эрхэм Ванчиг танаа:

    Өөр хүмүүсийн хэрэглэдэг юмуу хийсэн тигийг авч хэрэглэхдээ жаахан болгоомжтой ханддаг болсон :). Зохиогчийн эрх энэ тэр гээд хүндрэл үүсэж магадгүй. Өөрсдийн зохиож байгаа тиг маань хүнд харуулахад нүүр улайхааргүй юм байгаа тул тэрэн дээрээ түлхүү ажиллаж байгаа юм.

    Хэрэв таны үсэг давтамж тоолж байгаа ном тань электрон хэлбэрээр байгаа бол би бэлдсэн програмаараа тоолж өгч болно шүү. Энгийн хүн хэрэглэхэд жаахан хэцүү юм биччихсэн байгаа. Боломж гарахаараа вэбээр ханддаг болгочихвол зүгээр байх. Тэгэхийг бодноо.

    Орхиц тавихын тулд урд нь бичдэг тэмдгийг хэрэглэгчийн хувьд Шифттэй дарахааар цаагуураа орлуулдагаар зохицуулж болно. Их зүгээр санаа байна. Би туршиж үзээд хэлнээ.

    ReplyDelete
  19. миний тоолж байгаа ном хэвлэмэл ном байгаа юм аа. гэхдээ надад тунгалаг тамрын хэдэн бүлэг электрон хэлбэрээр байгаа санагдаж байна. Ямар хаягаар илгээх вэ?
    бас нэг санал байна аа. Та үсэг давтамж тоолохдоо үгийн адагт орсон "а", "э" -гийн сүүл болон орц хэлбэрийн аль нь илүү өндөр давтамжтай хэрэглэгдэж байгааг тоолж үзсэн болов уу? Миний бодлоор орхиц хэлбэр нь илүү өндөр давтамжтай санагддаг. Иймд үгийн адгийн "а, "э" -гийн үндсэн хэлбэрийг орхиц болгоод сүүл бичих шаардлагатай үед shift дарж хэрэглэдэг болговол амар юм шиг /дээр санаагаа бүрэн илрхийлж чадаагүй санагдсан учир бичив/.

    ReplyDelete
  20. Сайн байна уу? Миний асуусан бүхэнд хариу өгч байдагт Гацан танд их талархаж байдаг аа шүү. Өвөрмонголчууд ч гэсэн энэ тигийн талаар багагүй анхаарч байдаг бололтой. Миний мэдэхийн Менксофтын 3 тиг байдаг. Түүнээс гадна бас нэг сонин хялгасан бийрийн тиг байна http://mng.ulaaq.com/mdls/av/avw.aspx?pid=0&alias=menkcms&iid=16441&mid=3012&wv=P
    мөн бас албан ёсны хэрэглээнд ашиглах тигээ ч хуульчилсан байдаг бололтой. http://mng.ulaaq.com/mdls/av/avw.aspx?pid=0&iid=13687&mid=3062&wversion=P
    эд бүгд монгол бичиг дээр байгаа IE8 -аар чөлөөтэй уншигдаж байна.
    Өвөрлөгчдийн босоогоор харуулдаг аргыг сонирхож үзэж байсан болов уу?

    ReplyDelete
  21. Эрхэм Ванчиг танаа, хариу бичилгүй чилээсэнд уучлаарай. Сүүлийн хэдэн долоо хоног зав зайгаар маруухан байлаа. Албаны ажил шувтарсан учраас одоо үндсэн зорилго уруугаа шамдан довтлох болно. Би үсгийн давтамж тоолдог програмаа үгийн адагт орсон орхиц юмуу сүүлийн аль нь орж байгааг шалгаж тоолдог болгоё. Мөн та над уруу электрон номоо natsag2000 at gmail.com хаяг руу илгээнэ үү. Би тэдгээр бичмэлийг бүгдээрээ өөр стандартаар бичигдсэн байгаа байх гэж бодном. Хэрэв тийм бол хувиргуур бичих шаардлага ч гарч магадгүй. Таны номнууд ч гэсэн бас өөр стандарт дээр байгаа болов уу? Сүүлийн хоёр хаяг уруу орж харах гэсэн боловч бүндөүс хэрэглэдэггүй тул харж чадсангүй. Эх текстээс нь харахаар бас юникод стандартаар биш учраас нанхиад үсэгнүүд болж харагдаад байлаа. Бодвол тусгай тиг суулгаж байж харах юм шиг байна. Ямартаа ч таны үг надад нэгийг бодогдуулж хоёрыг сануулж байдаг тустай тул их баярлалаа.

    ReplyDelete