2012/02/27

Роботоор хөл бөмбөг тоглох: Бөмбөг таних

Гурван сарын өмнө Robocup SPL гэдэг роботын хөл бөмбөгийн тэмцээнд орох санаатай хэдэн робот авсан юм. Тэр тэмцээн нь нэг иймэрхүү:




Монголчууд Robocon гэдэг тэмцээнд ороод байдаг. Тэрнээс ялгаатай нь гэвэл роботууд нь 100% биеэ дааж ямар нэгэн алсын удирдлагагүйгээр хөл бөмбөг тоглоно.

Тэгээд сүүлийн хэдэн сар роботоо хөл бөмбөг тоглодог болгох гэж баахан үйлээ үзэв. Та хэдэд бас иймэрхүү зүйл сонирхолтой байх болов уу гээд энэ тухай бичиж байхаар шийдлээ.

Роботоо хөл бөмбөг тоглуулъя гэвэл хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол камераас ирж байгаа зурагнаас хөл бөмбөгийн талбай, бөмбөг, хаалга болон бусад роботууд хаана байгааг олох явдал юм. Үүнийг хийх хамгийн амархан бөгөөд өргөн дэлгэрсэн арга бол өнгөөр хайх. Хөл бөмбөгийн талбай ногоон өнгөтэй, бөмбөг улбар шар өнгөтэй, хаалга нь цэнхэр юм уу шар өнгөтэй тул энэ өнгүүдтэй төстэй өнгүүдийг зурагнаас ялгаж аваад тэндээсээ хайсан объектуудаа олно.

Ингэж зурагнаас ямар нэгэн объект хайх, таних талаар судалдаг мэдээлэл технологийн салбарыг англиар Computer Vision гэж нэрлэнэ. Үүнд зориулсан янз бүрийн бэлэн library байдгаас хамгийн өргөн тархсан нь OpenCV (Open Computer Vision). Та үүнийг ашиглаад C, Python болон Java дээр computer vision программ бичиж болно.

Энэ бичлэгтээ хэрхэн OpenCV ашиглан Python дээр бөмбөг таних талаар бичье. Доорх зурагнаас бөмбөг хайх болно:


Эхлээд OpenCV импортлоод дараа нь зургийн файлаа зургийн объект болгох хэрэгтэй:


Ямар нэгэн өнгөтэй төстэй өнгө хайхад та бидний мэддэг RGB color space сайн тохирдоггүй тул HSV юм уу YCrCb гэх мэт color space ашиглах хэрэгтэй болдог.  HSV ашиглавал хүний арьсны өнгө хайхад амар гэдэг бөгөөд бусад тохиолдолд нь YCrCb ашиглавал зүгээр гэдэг тул бөмбөг хайхдаа YCrCb өнгө ашиглая.  Улаан, ногоон, цэнхэр өнгө ашиглаж RGB color space бусад бүх өнгийг үүсгэдэг бол YCrCb color space маань хар/цагаан (Y), цэнхэр/шар (Cb), улаан/ногоон (Cr) 3 өнгөний компонент ашиглаж бусад бүх өнгийг үүсгэдэг аж. Аналог телевизийн сигнал бас яг иймэрхүү color space ашигладаг бөгөөд хар цагаан телевиз бол зөвхөн Y компонент үзүүлээд харин өнгөт телевиз бол бүгдийг нь үзүүлдэг юм байна. Одоо зургаа RGB-аас (OpenCV яг RGB ашигладаггүй харин BGR ашиглана, цэнхэр болон улаан өнгө хадгалах байрлал урвуу) YCrCb-руу хөрвүүлье:


Хайх гэж байгаа өнгө yColor, crColor, cvColor гэсэн ямар нэгэн утгатай байг. Тэгвэл энэ өнгөтэй төстэй өнгөнүүд энэ 3 утгатай ойролцоо байх бөгөөд хир ойр хол байхыг yThreshold, crThreshold болон cbTreshold утга заадаг байг. Тэгвэл доорх аргаар бүх төстэй өнгөтэй цэгүүдийг ялгаж авч болно:


Жишээ болгож хөл бөмбөгийн талбайн ногоон өнгөтэй бүх цэгүүдийг яалгаж авч нэг цонх дээр үзүүлье:


Иймэрхүү харагдаж байна:
Талбай, бөмбөг, хаалга гурвыг хайгаад өнгө оруулбал:
Ингэхэд yColor, crColor, cbColor, yThreshold, crThreshold болон cbThreshold -ын утгуудыг хэрхэн тохируулах вэ? Жишээ нь бөмбөг улбар шар өнгөтэй гэж цаанаас нь зааж өгсөн боловч тэмцээн зохион байгуулж байгаа тал яг ямар өнгөтэй бөмбөг ашигласан,  тэмцээн болох өрөөний гэрэлтүүлэг ямар байгаа (хурц гэрэл бөмбөг дээр гялбахад улбар шар өнгө шал өөр өнгө болж харагдана), камерын линз болон sensor ямар нэгэн асуудалтай байх гэх мэт өчнөөн шалтгаанаас болоод  бөмбөг яг ийм өнгөтэй байж ёстой гэж шууд утга оноож болохгүй. Тийм учир тухайн нөхцөл байдлаас хамаараад тэмцээн эхлэхийн өмнө камераас ирж байгаа зураг дээр энэ бөмбөг энэ талбай гэх мэтээр хулганаар зааж өгч yColor, crColor болон cbColor хувьсагчуудад утга онооно. Дараа нь yThreshold, crThreshold болон cbThreshold -уудыг нэмж хасаж объект хир таньж байгаагаас хамааруулж тохируулна.

Төстэй өнгөтэй цэгүүдийг олсны дараа тэр цэгүүдээ групп болгож яг хайсан объект мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Жишээ нь бөмбөг бөөрөнхий байх ёстой (арай амархан шалгаж болох нөхцөл: бөмбөг квадрат дотор багтах ёстой) харин хаалга бол босоо хоёр дөрвөлжин хэвтээ нэг дөрвөлжнөөс бүтнэ. Доорх код олдсон цэгүүд дотор 10x10 аас том хэмжээтэй бөгөөд квадрат дотор багтах цул байгаа эсэхийг шалгана:


Бөмбөг олсныг тойруулж дөрвөлжин зурсан байдал:
Ингээд хэдхэн мөр код ашиглаад зурагнаас бөмбөг олох боломжтой аж. Гэхдээ жинхэнэ амьдрал дээр мэдээж ийм хялбар биш л дээ. Робот зурагнаас объект танихаас гадна өөрийгөө талбай дээр хаана байгаад мэдэх (localisation), зураг дээр дүрслэгдээгүй роботууд болон бөмбөг хаана байгааг мэдэх (tracking), унахгүй явах (motion control) гэх мэт өчнөөн зүйл хийдэг тул Computer Vision-д нэг их CPU time оногддоггүй. Ийм учир нэлээд өөрөөр (мэдээж хэцүүгээр) хийх хэрэгтэй болдог.

Дээрх зургуудыг үүсгэхэд ашигласан эх кодыг доор хавсаргав. Зураг дээр хулганаар дарж хайх өнгөө тохируулна, threshold утгуудыг trackbar-аар тохируулна

2012/02/25

Урд зүгт үйлдвэрлэсэн хямд Андройд таблетны тухай

Нөхрийн захиалгаар урд зүгийн үйлдвэрлэгчийн Ainol Novo7 Aurora загварын 7 инчийн Андройд (гол нь Андройд Ice Cream Sandwitch бүхий) таблет саяхан захиалж авсан юм. Эзэнд нь өгөхөөс өмнө жаахан туршиж үзэхээр шийдлээ, эзэн нь ч тэг л гэж байна. Энд эхний ээлжинд зөвхөн хэрэглэгчийн үүднээс бичихийг зорилоо.




Таблетыг гаднаас нь харахад хөнгөхөн авсаархан, үзэмжийн хувьд бас боломжийн санагдав. Үзүүлэлтийн хувьд үнэтэйгээ (Ainol Novo 7 Aurora Android 4.0 Tablet PC IPS HD Screen 7 Inch 8GB 1GB RAM Camera HDMI White дээр 168$ гэж буй, Kindle Fire 200$, анхдагч Nook tablet 250$, сүүлд харин 199$ гэж гарсан) харьцуулахад бас ч үгүй боломжийн юм. Гэхдээ хаалтанд дурдсан нөхдүүдийн процессор хос цөмтэй гэдгийг санаарай:



Model Ainol Novo 7 Aurora
CPU All Winner A10, 1.2GHz; GPU: Mali 400
Operation System Android 4.0 (ICS)
RAM 1GB,DDR3
Nand Flash 8GB
Shell Material Plastic
Screen Size 7 Inch IPS, made by HITACHI
Type Capacitive Screen
Resolution 1024 x 600
Visible Angle 180°
GPS No
Extend Card Support TF card up to 16GB
Camera Yes, front 2.0 megapixels
Gravity Sensor Yes
Multi-Touch Yes, 5 points touch
Bluetooth No
Video 1080P, AVI/MOV/MP4/RMVB/FLV/MKV
Music MP3/WMA/WAV/APE/AAC/FLAC/OGG
WIFI 802.11 b/g/n
3G Not built in, support 3G/WCDMA dongle
Earphone Interface 3.5mm
Battery 3700MAh
Product Size 189 x 123 x 9mm
Product Weight 313g

Extend Port 1 x TF card port
1 x MINI USB port; 1 x MINI HDMI port
1 x 3.5mm earphone port

Package Weight 704g
Package Including 1 x Charger; 1 x Earphone
1 x USB cable; 1 x HDMI cable; 1 x OTG cable

Овор хэмжээний хувьд их хөнгөхөн, жижиг, гарын алганд багтахаар их зүгээр санагдав.

Процессорын хувьд мэдээж ARM (1.5ghz ARM Cortex A8 with a MALI400 GPU), хайрцаг дээрээ Many Core гэж бичсэн байгаа хэдий ч яг үнэндээ бол нэг цөмтэй, CPU болон GPU-гаа нэгтгэснийгээ тэгж хэлээд байх шиг байгаа юм (Allwinner A10).







Дэлгэцийн хувьд зураг, видеог тод, 1024x600 нягтралтайгаар нэлээн сайн харуулж байна. Дэлгэцийн гар хуруунд хариу өгөх нь мэдээж яаж iPad энэ тэрийг гүйцэхэв, гэхдээ олон хүрэлт мэдэрдэг дэлгэцтэй юм. Видео форматын хувьд mkv гэх мэт төрөл бүрийнхийг мэдээж дэмжиж байлаа.



Нэг "НО" олж харсан нь дэлгэц эхэлж ажиллаж байх үедээ дундуураа хуваагдсан юм шигээр харагдаж байлаа. Зургаас миний юу гэх гээд байгааг хараарай. Хэсэг ажилласны дараагаар (бодвол халаад ирэхээрээ) тэр хуваагдал арилж байв. Энэ магадгүй үйлдвэрлэлийн согог байж мэдэх юм.



Батарейны хувьд тийм ч сайнгүй юм шиг санагдлаа. Овор хэмжээний хувьд жижиг болохоор батарейны хэмжээ ч багасах нь мэдээж. Нэг кино тоглуулж үзээд хэр батарейтайг шалгах санаа байна.

Нэг таалагдсан юм нь USB Host горимыг дэмждэг эд байна. Энэ нь юу гэхээр USB флэш мэтийг шууд залгаад доторх руу нь хандаж болно. Кино USB флэшээс шууд тоглуулж үзэв.

Оролт, гаралтын хувьд HDMI, MicroSD, USB төхөөрөмжүүд дэмждэг нь таалагдав. Шууд HDMI кабел зурагт руугаа залгаад үзэж болох нь. Бас 3G dongle дэмжинэ гэж байгаа их эд.

Тоглоомын хувьд Ууртай шувуунууд тоглож үзэхэд сайхан л ажиллаж байна. Ганц нэг машины уралдаантай тоглоом тоглож үзэх гэсэн боловч сайн болсонгүй.

Мэдээж гол онцлох юм нь үйлдлийн системийн хувьд Андройдын Зайрмагтай хавчуурга 4.0.1-тэй ирсэн явдал юм. Гэвч анх ирсэн тэр систем дээр зарим зүйлс нь ажиллахгүй байх, алдаа заах гэх мэт гажигтай байхаар нь root хийсэн Зайрмагтай хавчуургын дараагийн хувилбар 4.0.3 суулгаснаар Зах зээлийн програм нэмэгдэж алдаа заан ажиллахгүй байсан үзэгдлүүд арилах шиг боллоо.
Хөгжүүлэгчийн хувьд харин туршилт хийж болохуйц боломжийн систем мэт санагдав. Ялангуяа USB Host горимыг ашиглан автоматжуулалттай холбоотой зүйлс хийж болох юм.

Одоогоор иймэрхүү сэтгэгдэл төрлөө. Үнийн хувьд хямд, дэлгэц нь гайгүй сайн нягтралтай, зайрмагтай хавчуурга бүхий андройд үйлдлийн системтэй, оролт гаралт арвинтай нь илүүтэй таалагдсан нь энэ болой.

2012/02/23

МИНИЙ ХОС ЦӨМ ЧИНИЙ ДӨРВӨЛСӨН ЦӨМ БОЛОН БУСАД CPU ДОМГУУДЫГ ЧИНЬ ЦӨМ ЦОХИНО

Гар утас үйлдвэрлэгчид хөгжлөө түрэн урагшилж, анхаарал сонирхлыг татах уриа болсон "процессорын дөрвөлсөн цөмтэй (quad cores)" утас гаргаж эхэллээ. NVIDIA Tegra 3 аас авахуулаад бүгдээрээ дөрвөлсөн цөмийг тоног төхөөрөмжийн эрин зууны эцэс төгсгөлд хүрсэн мэт харах болов. Галзуу мэт энэ зах зээлийн өрсөлдөөнд олон сонин содон сайхан зүйлс үүсдэгчлэн, энэхүү эрин зууны эцэст тулсан эд таны 2.6 жилийн өмнө худалдаж авсан зүйлээс тань хамаагүй сайн чанартай бөгөөд хямд үнийг санал болгоно. Бид энэхүү аялалаар "ухаалаг утас (smartphone)" юмуу эсвэл таблетаар донтсон хэн болгоны хүсэн хүлээж байдаг нэгэн гар утасны технологийн ойрын ирээдүйд тулгарах гайхамшигт шинж чанараас нээх болно. Гэвч эхлээд…

АР ТАЛЫН ТҮҮХ

Та x86 гэж сонссон байж магадгүй, гэхдээ энэ үгийг сонсож байгаагүй хүнд энэ түүхээ дараах маягаар өгүүлье: Ойролцоогоор 35 жилийн өмнө, Intel Corporation байгууллагад ажилладаг ухаалаг тархинууд бүх микропроцессорууд нэг ижил дүрмүүдэд баригдах хэрэгтэй гэсэн гайхамшигтай санаа сэдэж гэнэ. Эдгээр дүрмүүд нь ажиллах үндсэн суурь зарчмуудыг нь тодорхойлсон байв. Жишээлбэл, машин болгонд дугуй хэрэгтэй, машин бүрт суудлын даруулга бүс хэрэгтэй, машин болгонд гэрэл хэрэгтэй гэх мэт. Автомашиныг улсын зааврын дагуу хийдэг, гэхдээ энэ зааварт дугуй, суудлын бүс болон гэрэл яаж харагдахыг зааж бичдэггүй - зөвхөн тэд хэрхэн ажиллах ёстой ба дагах ёстой үндсэн хэдэн шаардлагуудыг агуулна. Энэ дүрмэнд л баригдаж байвал уран зөгнөлөө дуртай хэмжээгээрээ тусгах эрх машин зохион бүтээгчдэд бий. Тэгэхээр иймэрхүү түүхийг бид процессорын (CPU) хүрээнд өгүүлэх болно.

Энэ бүхэн 1978 онд өнөөх үндсэн дүрмийг хамгийн анх удаа баримталж хийсэн Intel 8086 процессор бүтээгдсэнээр эхэлсэн юм. Одоо тэр дүрмүүдийг "Instruction Set Architecture" буюу ISA гэж нэрлэдэгийг уншигч танд би хэлэх нь зүйтэй байх. ISA-д процессор хэрхэн хүссэн шаардлаганд таарч ажиллахыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл зарим машин 120 морины хүчтэй байхад зарим нь 500 морины (V8) хүчтэй гэсэн шинж чанаруудыг нь үл тооцож, энэ машин зам хороох чадвартай юм шүү хэмээн хэрхэн үнэлэх вэ гэсэн үг.

Дараах жилүүдэд нь Intel-ээс гаргасан аягүй бол таны мэдэх CPU процессорууд бол: 486, Pentium тэгээд Core i7. Өнөөх 1978 онд гаргасан жижигхэн 8086 буюу x86 процессор эдгээр процессоруудтай юугаараа ижил вэ гэхээр - ISA.

Тиймээ, юу үнэн бэ гэхээр - бараг дөч гаруй жил x86 ISA-г өргөжүүлж сайжруулж ирсэн ч, Intel-ээс зарагдсан болон зарагдаж байгаа бүх процессорууд өнөөх 35 жилийн өмнө бичигдсэн үндсэн дүрмэнд баригддаг юм. Ингээд процессорын уралдаанд орж эхэлсэн AMD, Cyrix болон VIA гэсэн байгууллагууд үүсэх үедээ x86 ISA лицензийг худалдан аваад өөрсдийнхөө уран зөгнөлөөр мөрөөдлийн x86 процессороо бүтээж эхлэв. Үнэн хэрэгтээ таны хүрч үзэж байсан бүх компьютерууд тань бүгдээрээ x86 сууртай процессортай байв. Тэр байтугай Apple Macintosh компьютерууд гуч гаруй жил ISA тай өрсөлдөж хэрэглэж байсан PowerPC (PPC)-г орхиж одоо x86-г хэрэглэх боллоо.

Одоо энэ бүхэн аль тэртээх 1978 оны x86 нь өнөөдрийн х86 гэсэн үг биш. Харин ч эсрэгээр, цаг хугацаатайгаа зэрэгцэн шинэчлэгддэг жам хууль х86 дээр бас байсан юм. Дөч гаруй жил өнгөрөхөд, х86 нь сайжруулж өргөтгөгдсөөр үнэхээрийн гайхамшигт CPU процессор бүтээж болох цорын ганц заавар дүрэм болж хувирсан юм. Урьдчилан тааж болохуйц тогтсон дүрэм нь програм бүтээгчдэд x86 суурилсан ямар ч компьютер дээр ажиллах чадвартай үйлдлийн систем (жишээ нь Windows эсвэл Линукс ) бүтээж болох давуу тал бас олгов. Ийнхүү стандартчлагдсан төхөөрөмж дээр стандарчлагдсан үйлдлийн систем гэсэн орчин үүсэж, програм бичигчдийн хувьд тогтвортой хөгжихөд дөхөм болсон нөхцөл бүрэлдлээ.

Гайхалтай нь, бидний өгүүлэх түүхийн гол баатар маань Intel биш юм. Энэ түүхийн гол баатар бол Advanced RISC Machines (ARM) хэмээн нэрийдсэн Британы нэгэн жижиг компани билээ. Intel-ийн x86 ямар гайхам бодлого хийж байгааг таньж мэдээд 1990 онд Acorn Computers, Apple Computers мөн VLSI Technology, Advanced RISC Machines (ARM) гэсэн фирмүүд хамтран зэх зээлийн өөр талбарт хүч үзэхээр нэгджээ.

АРАЙ ИЛҮҮ ТАЛХ ШАРАГЧ БҮТЭЭХ

x86 ISA-гаа ашиглан Intel илүү хүчтэй илүү чадалтай систем бүтээх гэж чармайж байх хооронд аль болох энерги бага зарцуулдаг бөгөөд үр дүнтэй төхөөрөмж сонирхсон маш их фирмийг ARM эзэлж авав. Хэрэглэгдэж байгаа процессор нь таны талх шарагч, таны зурагт, таны гар утас мөн таны таблет дотор бий. ARM ийн баримталж байгаа процессорт тавигдах дүрмүүдийг тааж цөхөх юмгүй "ARM ISA" гэх болов.

Зах зээлийн өөр талбарт өрсөлдөж байгаа ялгаанаас гадна x86 болон ARM гэсэн хоёр үйлдвэрлэгчдийн CPU процессорыг бүтээх зарчим нь хоорондоо тэс өөр юм. Бараг өнөөдөр зарагдаж байгаа бүх x86-г голдуу AMD юмуу Intel өөрсдөө загварыг нь бүтээж микросхемийг нь үйлдвэрлэдэг байхад, ARM голчлон ARM ISA гаа шинэлж тордон бусад компаниудад зардаг. Компаниуд ISA-г нь лицензлэн худалдаж аваад өөрсдийн гэсэн содон ялгарах бүтээгдэхүүн болгодог - жишээ нь таны ухаалаг талх шарагч гэх мэт. Маш олон сайхан лиценз байдгаас өрсөлдөөн дундаас тунаж үлдсэн нь нэг их биш: Qualcomm (Snapdragon CPU), Texas Instruments(OMAP), NVIDIA(Tegra), Samsung (Exynos) бас Apple(Ax).

Ингээд цаашлах юм бол, тэдний сүүлийн үеийн ISA дээр суурилсан мөрөөдлийн CPU бүтээх замд ARM нэг алхам түрүүлэв. Энэ микросхем нь ARM болон хамтарсан түншүүдээс санал болгож буй технологуудын сор болсоныг нь шингээсэн бөгөөд лицензлэж авсан эзэмшигч нь зөвхөн хамгийн сүүлийн үеийн загвар зохион бүтээлтээр бүтээж болох багц болжээ. Энгийн үгээр хэлэх юм бол, эзэмшигч нь өөрийнхөө жижиг тархинд багтаж чадах бүх бодол санаагаа хэрэгжүүлж чадахуйц гайхамшигт нэгэн бүтээлийг ARM зохиов.

АРАЙ ИЛҮҮ ЮМ (ГЭВЧ R&D НЬ ҮНЭТЭЙ УЧРААС ХЯМД БИШ)

Одоогийн байдлаар та анзаарсан бол бүтээсэн ISA гаа ARM тогтмол сайжруулсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд долоо дахь хувилбартаа хүрээд байна (ARM v7). Энэ хувилбар нь л гэхэд таны бараг мэдэх бүх бүтээгдэхүүний дотор CPU болж ажилласаар: Apple iPhone, the Sony PlayStation Vita мөн Amazon Kindle Fire гэх мэтчилэн нэрлээд байвал тоолшгүй.

Үнэндээ бараг сүүлийн 2010 оноос хойшхи бүх үйлдвэрлэгдсэн таблет болон ухаалаг утаснууд ARM v7 ISA хэрэглэсэн. Цаашлаад, эдгээр бүтээгдэхүүнүүд бараг бүгдээрээ ARM ийн ARM v7 ISA зааварыг мөрдөж хийсэн хамгийн сүүлийн үеийн CPU процессор болох ARM Cortex-A9 ийг хэрэглэсэн байгаа.

Cortex-A9 загвар гэхдээ жаахан хуучирч байгаа гэдгийг та бас мэдэх хэрэгтэй. Дөрөв юмуу таван тооцон бодох цөмүүд 1.5 гегагерцийн давтамжтай ажиллаж байгаа NVIDIA Tegra 3 зэрэг процессорууд A9 загварын шилдэг сор болсон эд. Процессорын цөмүүдийн тоо эсвэл процессорын ажиллах давтамжийн хэмжээ аль аль нь огцом ихсэж байсан уу гэвэл үгүй гэдгийг энд би бас дурьдах хэрэгтэй байх.

Энэ бүх байдлыг ARM мэдэхгүй өнгөрөөд байна гэж бас бодож болохгүй. Учир нь ARM v7 ISA дээрээ завгүй ажилласаар цоо шинэ загвар болох ARM Cortex-A15 MPCore гарч ирлээ. За одоо та энэ бүтээгдэхүүнийг сайн тогтоож аваарай. Яагаад гэвэл 2012 оны сүүлээр гэхэд энэ процесор ороогүй бүтээгдэхүүн гэж байхгүй болох бөгөөд чухам яагаад гэдгийг нь одоо тайлбарлах гэж байна.

CORTEX-A15 ИЙН ШИДЭТ ШИВШЛЭГ

Хагас дамжуулагч бүтээх загварт маш чухал үүрэгтэй нэгэн математик томъёо байдаг ба иймэрхүү маягаар бичиж болдог: P = C * V2 * f (Эрхэм хүндэт инженерүүдэд: маш их хялбарчилсаныг минь бодно уу).

Энгийн үгээр энэ томъёог тайлж унших юм бол, CPU процессорын тог зарцуулах чадал нь багтаамжийг (C) хэрэглэж буй Вольтийн (V2) 2 зэрэгт дэвшүүлсэнээр мөн ажиллах давтамжаар (f) үржүүлсэнтэй тэнцэнэ. Бидний хувьд вольт буюу хүчдэл гэдэг нь процессорыг ажиллуулж тэжээхэд шаардлагатай шүүсний хэмжээ харин давтамж гэдгийг нь процессорын ажиллах давтамж буюу жишээ нь 1.5 Гегагерц гэж ойлгох хэрэгтэй.

За ингээд хүчдэлээс эхлэе, ARM Cortext-A15 загвар нь Cortex-A9 загварын хэмжээнээс 20-28% бага. Зүгээр хийсвэрээр сэтгээд, гаднах харагдац нь ижил гэж бодоод А15 А9 хоёр процессорыг үйлдвэрлээд зэрэгцүүлж тавьж харах юм бол A15 нь 30% жижиг байх болно. A15 ийн хэмжээ ийм жижигхэн болохоор физикчдийн хэлж байгаагаар бага хүчдэл хэрэглэдэг юм байна. Өнөөх томъёонд хүчдэлийг 2 зэрэгт дэвшүүлж үржүүлсэн байгаа болохоор уншигч таныг арван жилийн математикийн боловсролоо сэргээж байгаад бодох юм бол төчнөөн зэрэгт дэвшүүлсэн хэмжээгээр хүчдэл багасаж байна. Товчдоо: маш бага хүчдэл хэрэглэгдэнэ. Таны батерей удаан амьдрах нь байна гэж бодохоор сайхан байна уу?

Эсвэл та батерей үйлдвэрлэгч бөгөөд өнөөдрийн төхөөрөмжид хэрэглэгдэж байгаа батерейнд сэтгэл ханамжтай байдаг бол, одоо А9 загварт хэрэглэгдэж байгаа батерей A15 загвар дээр 30% удаан тэсэх нь байна.

Cortex-A15 бол үр ашигтай ажиллахын тулд маш ноцтой өөрчлөлт хийсэн учраас энэ бүхэн зөвхөн хүчдэл тойрсон асуудал биш. Texas Instrument-н дэд ерөнхийлөгч Remi El-Ouazzane хэмээх хүний мэдээлсэнээр бол 800 Мегагерц дээр ажиллаж байгаа хос A15 цөм нь өнөөдрийн 1500 Mегагерцтэй ажилладаг хос A9 цөмтэй адилхан ажиллаж байна. 46%-н бага давтамжтай мөртлөө ижилхэн бүтээмжтэй ажиллаж байна гэдгийг та харж л байгаа биз дээ. Өнөө томъёо руугаа буцаж очоод хувьсагч f ийг 46%-р багасгах юм бол ирээдүйн ухаалаг утасны процессорын зарцуулж байгаа чадал ямар их хэмжээгээр багасаж байгааг хар даа.

Процессорын үр бүтээмжийг ихэсгэж байгаа энэ 46 хувийн ар талд бяцхан зальтай нууц: ихэнх ухаалаг утас болон таблетийн CPU процессорууд үргэлж зуун хувь ажиллах давтамжаараа ажиллаад байдаггүй гэдэгт ч байж болзошгүй. Таны тэр гялалзсан ухаалаг утсан доторх 1.5 Гегагерцтэй процессор утасны арын дэвсгэрээ сэлгэх, зарим вэб хуудас үзэх, эсвэл дэлгэц унтарсан үед мотороо ажиллуулж байх зэрэгт ердөө л 350 Мегагерц зарцуулдаг юм. Тэгээд таныг утсан дээрээ ямар нэгэн үйлдэл хийж эхлэнгүүт утсан дээрх үйлдлийн систем нь хийх үйлдлээс хамаараад хамгийн бага давтамжаас хамгийн дээд давтамж хүртэл өөрчилж чаддаг. Ийм үйлдлийн системүүд ажиллаж байгаа давтамжаа танд ямар ч хурдны өөрчлөлт мэдэгдэлгүйгээр яг харуулахаас өмнө ямар хэмжээнд доогуур барихаа (батерей хэмнэнэ) хүртэл мэдэж байдаг ухаалаг болсон байна.

ГАЙХАМШИГТАЙ МАТЕМАТИК

Өнөөдрийн А9 ийн ажиллаж байгаа давтамжаас 46% бага давтамжаар Cortex-A15 ажиллана гэдэгч чинь түүн дээр ажиллаж байгаа ухаалаг үйлдлийн систем нь үр бүтээмжийг бидэнд мэдрүүлэлгүйгээр процессортоо тохируулан өшөө бага давтамж руу буулгаж өгнө гэсэн үг. Хэрэв тийм хэмнэлтээр өнөөдөр 700MHz ээр ажиллаж байсан бол маргааш энэ чинь 300MHz болж багасна гэсэн үг. Нөгөө бидний томъёоны үр дүн ч ёстой алж өгч байна даа!

Cortex-A15 дээрх хүчдэлийн багасгалт мөн багасгасан давтамж хоёр нийлээд өнөөдрийн A9 загварынхаас асар бага хэмжээний хүчдэл хэрэглэдэг микросхем болж чадсан байна. Ийм үр дүнд ээж тань хүртэл дуртай байх болно.

Хүлээгээрэй, өөр цааш нь сонордуулах зүйл байна! Одоогийн A9 загвар 1.5GHz давтамжтай ажилладаг байхад A15 тай микросхемүүд ARM-н гаргасан үндсэн загварыг сайжруулж 2.0GHz ээс эхлээд 2.5GHz хүртэлх (найман цөмтэй!) давтамжтай ажиллана гэж Texas Instrument эсвэл Samsung фирмүүд үзэж байна. Энгийнээр харахад А9 загвараас хамаагүй бага батерей зарцуулж хамаагүй илүү бүтээмжтэй ажилладаг A15 загвар бэлэн болжээ.

УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ МУНДАГ ЖОР

Cortex-A15 нь big.LITTLE хэмээх технологийн ачаар бусад ARM технологитой зохицон ажиллах чадвартай юм. Big.LITTLE технологи нь ажиллагааны явцын дунд A15 цөмийн зарим юмуу эсвэл бүх хүчин чадлыг нь хорьж ARM Cortext-A7 CPU загвар болгож чаддаг.

A7 болон A15 хоёрт дизайны зарчмын хувьд ижил шинж чанар их байдаг ба A7 бол маш бага ажиллагааны дуудлагатай нөхцөлд зориулж хийгдсэн учраас нүсэр их галыг унтраах ус шаардагддаг шиг их ажиллагаа A7 дээр хийгддэггүй. "Төлвийн шилжилт" хэмээн нэрлэгдсэн энэхүү нэг загвараас нөгөө загвар луу шилжих явцыг та ердөө ч анзаарахгүй бөгөөд А7 загвар нь өөрийнхөө том ах загваруудаа оронд оруулж унтуулчихаад вэбээр зорчих, HD видео үзэх, хөгжим тоглох гэх мэт ажлуудыг энергийн хамгийн бага зарцуулалттайгаар үргэлжлүүлэн хийгээд байх чадалтай ажээ.

Энэхүү ямар нэгэн ажлыг A7 загвараар хийхийн тулд бусад цөмүүдийнхээ идэвхижлийг зогсоож бага дуудлагатай загварт шилжих явц нь шинээр үүсгэхээсээ хамаагүй нарийн ажиллагаа хийгддэг байна. Big.LITTLE технологи нь процессорын цөмүүдийн хоорондох холбооны шугамыг арчлан хянаж байдаг бөгөөд А15 загвараас бага дуудлагатай А7 загвар луу үсрэхдээ ямар ч тактын үсрэлт хийдэггүй юм гэнэ. Энэ төлвийн шилжилт нь ердөө 20 хон микросекундын дотор хийгддэг учраас таны утсан дээрх үйлдлийн систем хүртэл тэр шилжилтийг мэдрэхгүй өнгөрнө гэж ARM -н ажилтад хэлж байна.

АРИЛЖААЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Би ARM Cortex-A15-г бэлэн боллоо гэж танилцуулсан болохоор хэзээ би үүнийг чинь гэртээ эдлэх юм гэж та гайхаж байгаа болов уу. Texas Instrument болон Samsung фирмүүд 2012 оны хоёр дахь хагасаас эхлэн янзтай тоноглосон A15 процессоруудыг түгээж эхлэх бөгөөд тэдний дээж нь OMAP5 болон Exynos 5x50 Цувралууд байх болно. Сургууль цугларах үед хэнд хамгийн супер утас байна эсвэл шинэ жилийн баярын үеэр бэлгэнд ирэх хамгийн супер утас хэнд очих нь вэ гэх мэтэд оролцож байгаа бүтээгдэхүүнүүд нь эдгээр процессорын үр дүн байх болно.

OMAP5 болон Exynos 5x50 хоёулаа хос Cortex-A15 цөмтэй байх бөгөөд 2.0GHz давтамжтай ажиллаж янзтай хурдан, 720p юмуу түүнээс дээш онцгой нарийн зуралттай гар утасны GPU график төхөөрөмж ашигласан DirectX 11 маягийн график дэлгэцээр тоноглогдсон байна. OMAP5-н хувьд бол big.LITTLE технлогийг ашиглан A15 загвараас бага дуудлагатай хос Cortex-M4 цөм рүү бууруулах юм. Харин Samsung мөчөөгөө өгөхгүйн тулд энэ шилжилтэнд ямар шийдэл хийхийг харах үлдэж байх шиг байна.

Эцэст нь хэлэхэд хэрэв та дөрвөлсөн цөмтэй гар утас хүсэж мөнгөө дарж байсан бол хэдхэн сарын дараа энэ зун болох GSMA Mobile World Congress болон CTIA Wireless зэрэг арга хэмжээнүүдэд танилцуулах бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. Хэрэв та ямар нэгэн байдлаар цуу яриа тэнд сонсохгүй байлаа ч 2012 оны сүүлээр гэхэд мундаг төхөөрөмжүүд бүгд Cortex-A15 дээр суурилсан байх болно.

Мэдээж ухаалаг утасны донтой над шиг хүмүүсд хэн нэг нь "Аййн, юун хэдэн сар вэ?" хэмээн асуухад гайхах зүйл байхгүй. Одоо ч гэсэн болж л байна.

Шинэчлэл: MWC 2012 дээр тавигдсан зарим утаснууд

Муу орчуулагчийн өчил

За ямартаа ч утга санааг нь ядаж талаас доогуур хувь гаргаж чадсан байгаасай хэмээн айж энэхүү орчуулгаа та бүхэнд дэлгэлээ. Эх нийтлэлийг нь та эндээс уншаарай. Мэдээж орчуулга болон найруулга дээр галзуу хүн шиг алдаа хийсэн байвал жор бичиж залруулбал баяртайгаар авч эмчилнээ.

2012/02/17

Хөх тэнгэрт хүржигнээд байдаг хүч ихт луу таван жил

Энэ жилийн цагаан сарын тавган дээр тавих ул боовны хэвээ бэлдэх ажилдаа оров. Хэмжээг нь найз нөхдүүдээс лавлаж байж Inkscape дээр дараах маяг дээр тогтсон билээ. Өнөө орой сууж зорж дуусгах бодолтой. Өмнөх жилийн ул боовыг эндээс хараарай.

Эхлээд хэвлэсэн цаасныхаа хортой талыг нь модруугаа харуулж халуун индүүгээр дарж модон дээрээ зургаа буулгана:

Ингээд нарийн сийлбэрийн хутгаар хээнийхээ гадуур нь тойруулж нарийн зүснэ. Ингэснээр ажиллаж байх зуур сэтэрч эвдрэхээс сэргийлдэг юм байна. За тэгээд л өрөмдөх хэсэгт нь өрөмдөж, хусах хэсэгт нь хусах ноцолдоон эхэлнэ дээ. Хоёр цагийн дараа нэг юм хагас бэлэн болов. Баримлын шавраар хээгээ шалгаж үзэхэд:

Дараа нь зуурсан гурилаа махны машинаар гурав дөрөв эргүүлж нухаад хэвлэнэ дээ:

Халуун зууханд гучаас дөчин минут болгоод ийм болов:

За тэгээд хийх бужигнаан дунд гэргий багадаа өвгөн аавынхаа нэг "технологи"-г туршив. Тэр нь юу вэ гэхээр, гурилнаасаа жижиглэж таслаад хэвэн дээрээ эрхий хуруугаараа имэрч эргүүлэхээр жижигхэн хээтэй боорцог болдог юм байна. Үүнийгээ тавгын идээн дээрээ тавьж хүмүүсд ул боовныхоо амтыг мэдүүлдэг сайхан арга юм байна. "Эдний ул боов ямар амттай болсон бол?" гэж бодож байгаа хүмүүсд тэр "өлзий" боорцог амсаад л мэдчих нь тэр. Ахмадын амар аргуудын супер нь :). Би өлзий хээн дээрээ имэрч бэлдсэн учраас өлзий боорцог хэмээн нэрийдэв :)

Дараах жороор бэлдлээ:

  • Нэг литр ус
  • 330 грам тос
  • 200 грам сахар (энэ жаахан багадсан байж магадгүй)
  • 1 халбага давс
  • 2 кг гурил
Усаа бүлээсгээд, тос сахараа хийж зуурч уусган том саванд хийгээд дээрээс нь 2 кг гурилаа хийж зуурав. Зуурсан гурилаа 250 грамыг тасалж махны машинаар гурав оруулж нухаад хэвэнд дарсан билээ. Дээр заасан жороор хоёр удаа хийсэн бөгөөд нийтдээ 25-27 ширхэг ул боов бэлэн болсон.

Шинэчлэл: За ингээд бууз зочид нар арайхан бэлэн болоогүй үеийн зургийг тавилаа:

Сайхан шинэлээрэй!

2012/02/14

iOS 5.x дээр Монголоор - 3

Эхний зураг дээрх нь төхөөрөмж харгалзахгүй ажиллана :) Харин дараагийн хоёр зураг дээрх нь иФон дээр л зөвхөн ажиллана, учир нь иПадын гар салж нийлдэг ярвигтай, бас дээрээс нь геометр нь өөр :) iOS 5.x бүхий иПад байвал ч ...

Шинэчлэл:Cydia гаас Mongolian Keyboard гэж хайж олж суулгаад Settings -> General -> International -> Keyboards -> Add New Keyboard... гэхэд гарч ирэх улсын нэрэн дунд Mongolian гэж сонгон суулгаарай.

2012/02/13

iOS 5.x дээр Монголоор - 2

Ийм нь ч дээр юм уу? Хэвтээ байрлалтай холбоотой өөрчлөлт хийх хэрэгтэй болох нь.

2012/02/09

Эх орон, эх хэл мину

Байгаа таван үсгээ танилцуулъя.

Эх сурвалж:

  • mongolfont.com
  • openmn.org
  • windows 7

Үсгийн өндөр: 17 (Зарим үсэг дундах MVS тэмдгийг үл анзаарна уу! Удахгүй алга болох ёстой юм :) )

2012/02/07

Сармис + Архи = 100

Бараг гурван сарын өмнө нэг хүн ертөнцөөс халин одов. Хэстерс хэмээх энэ хүн дуучин, жүжигчин байж хүмүүсд алдар цуугаа мандуулахаас гадна, тэрхүү алдар цуугаа өөрөө амьд ахуйдаа хамгийн удаан тээсэн хүн болж таарав. ЗУУН НАЙМАН ЖИЛ! Над шиг юмыг удаан хийдэг, түргэн амжуулах чадваргүй нөхөрт бол хэрэгтэй л нас! Тэгээд бараг тав зургаан жилийн өмнө энэ хүнтэй зурагтаар ярилцлага хийж байхад сурвалжлагчийн асуусан асуулт санаанд гэнэт орж ирж байна: "Таны урт наслах нууц юунд байна вэ?" Тухайн үед би хариултыг нь нэг их тоогоогүй юм. Тэр үед нас залуу байсан болохоор надад нас байгаа юм чинь гэж бодоо биз... ;)

Өглөө болгон жижиг стаканд хийсэн архинд нэг хумс сармисыг нарийн хирчиж цонхны тавцан дээрээ таглаж тавиад орой оронд орохынхоо өмнө уугаад унтдаг юм.

Ингээд л зуу гаруй наслах нь байна шүү дээ. Үгүй мөн амар байгаа биз? Ийм амархан зуу наслана гэж ерөөсөө бодож явсангүй шүү! Тэгээд л жаахан гүүглдэж байгаад Авдай гуайн хуудсыг олов. Уншиж дуусаад бодогдож байнаа ... "ер нь жаахан юм байх нь байна шүү энэ сармисанд" гэсэн бодол төрж эхлэв. Энэ хуудсан дээр тайлбарлаж бичсэн зааварнаас өдөр болгон уух тунгийнх нь хүснэгт зураг нь харин хяслантай юм шиг байдаггүй юм даа. Ганцаараа зуу наслаад бусдыгаа нэг ная хавьцаа гэж бодсон юм шиг,,, :)

Эцэстээ урт наслахдаа биш харин эд эрхтэнд сайн нөлөөтэй гэдэг шалтгаан нь шаналгасаар байгаад хийж үзэхээр боловоо хөөрхий. Энд нэг бондгор сармис ойролцоогоор зуу дөхсөн грам байдаг бөгөөд гурвыг багцлаад 99 центээр зардаг юм. Мөн ч хямдхан урт насалж байнаа хэхэ. Бүгдийг нь хальсалж байгаад сайтар няцлаад хоёр жижиг лонхонд тасалж архитай хийгээд арав хонуулахад ийм болдог юм байна.

Энийгээ марлаар шүүгээд архиныхаа шилэнд хийснээр шидэт ундаа бэлэн болов.

Тэгээд саяхан ирсэн зочиндоо хийснээ үзүүлж байтал өнөөх зочин маань амтыг нь үзье гээд байхаар нь хоёр хундаганы бараг ёроолоор нь шахуу арван грам хийвүү дээ, их л жаахан юм хийгээд хоёулаа татсан чинь архи лав биш байна лээ, гол дундуур халуун юм л урсаад орчихов. Дараа нь хацар чих улайгаад, гэдсэн дотор зуух өрдөж байгаа юм шиг л юм болов. Энийг өдөр болгон өнөөх өвөө шиг татаж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэр бүдүүвч зураггүйгээр тунгийг нь тааруулахгүй бол хатуу хурц эд байна, юу ч болж мэднэ, өнөөх Hulk шиг л ногоорчихно :). Харин тэр өвөөгийн технологийг өдөр болгон бэлдэж чадахгүй юм чинь гээд ахиад нэг шил архинд нэг бондгорын хумснуудыг хирчиж хийгээд харанхуй шүүгээнд таглав.

Арав хоногийн дараа няцалж хийсэн шил шиг ногоон биш ч гэлээ шингэн ногоон өнгө татсан юм болж байлаа. Оройдоо нэг рүнкээр татчихаад л унтаад байв. Даан ч ууж дуусах үед энд тэрлэх санаа төрсөн болохоор дуусаж байхдаа бэлдсэн дараагийн шилтэй бэлдмэлээ энд харуулсан бөгөөд арав хоног дуусахаар нь зургийг нь энд шинэчилж тавинаа.

Шинэчлэл: Арван хоногийн дараа

За даа тэгээд, нэг их урт наслах гээд ч шунаад байсан юм алга дөө, үнэнийг хэлэхэд. Ганц шил юмны бөглөө л мултлах гэсэн заль биз...

2012/02/06

iOS 5.x дээр Монголоор

Одоогоор иймэрхүү маягтай болов.

2012/02/01

Өндий!

Арайхийж гэж нэг юм өндийвөө хөөрхий :)

Шинэчлэл: Монгол бичгийн фонт болон гарын хуваарилалт суулгаагүй байсан тул кириллээр бичив. Дараагийн удаа монголоороо бичнээ.

Шинэчлэл: write-vertical property нэмсэнээр хэвтээ болон босоогоор аль алинаар бичдэг болгож үзэв.