Showing posts with label android. Show all posts
Showing posts with label android. Show all posts

2012/06/28

Skytel vs. Google

Өнөөдөр гадуур Скайтел компани анхны Монгол андройд таблет худалдаанд гаргалаа гэсэн мэдээ энд тэнд цацагдаж. Иймэрхүү царайтай эд аж:

Скайтел шинэ таблет худалдаанд гаргаад байхад бид нар яаж зүгээр суух вэ гэсэн бололтой Google хэдхэн цагийн өмнө Nexus 7 гэж таблет худалдаанд гаргах гэж байгаагаа зарлав. Уншигч танд сонирхолтой байх болов уу гээд энэ хоёр таблетийн техникийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцууллаа:

Skytel Smart-ABGoogle Nexus7
7 inch 800x480 LCD7 inch 1280x800 IPS LCD
Android 2.3Android 4.1
512MB RAM1GB RAM
4GB ROM8GB/16GB ROM
800Mhz single-core ARM111.2Ghz quad-core Cortex-A9
3500 mAh battery4325 mAh battery
CDMA 800Mhz, EVDO Rev.Anone
360$ (491.000₮)199$

Моод Монголоор дуусна аа гэж... Янз нь Скайтел 100$-ын хужаа таблет дээр нутагшуулсан Андройд суулгаад гурав дахин нугалж зарж байгаа юм байна даа. Арай гайгүй үзүүлэлттэй таблет зарж болоогүй л юм байх даа. Цаагуур чинь үүнээс эхлээд гайгүй хямдхан таблетууд зөндөө л байна. CDMA сүлжээтэй өөр таблет олдсонгүй юу, эсвэл хямдхан юм аваад үнэтэй заръя гэж бодов уу?

2012/06/21

Simlock & building android kernel module

Аль өнгөрсөн өвөл 30 еврогоор simlock-той Huawei u8180 (Ideos X1) гэдэг Андройд гар утас авав. Simlock-ыг нь эс тооцвол дажгүй хөөрхөн утас аж. Уг нь 10 ногооноор simlock гаргана гэсэн үйлчилгээнүүд интернетээр дүүрэн байна. 30 евроны утсыг 10 доллар төлж түгжээ гаргахад дэндүү харамсалтай санагдаад, дээрээс нь бас ер нь яаж simlock гаргадаг юм бол гэсэн сониуч зан хөдөлсөн тул өөрөө түгжээ гаргадаг баатар болов. Simlock-ын тухай мэдээлэл интернетээр их ховор юм, бодвол зарим улсад түгжээ гаргах хориотой дээрээс бас зарим нөхдүүд мөнгө олох аргаа алдахгүй гэсэн юм болов уу даа.

Андройд гар утас маань Qualcomm MSM7225 гэсэн SoC-той юм байна. MSM7225 нь дотроо 2 ширхэг ARM процессор агуулдаг аж. 528 Mhz-ын хурдтай ARM11 процессор дээр нь Андройд үйлдлийн систем харин арай удаан ARM9 дээр нь GSM/UMTS-г хариуцсан AMSS (Advanced Mobile Subscriber Software) хэмээх үйлдлийн систем тус тус ажиллана. Энэ хоёр процессор дундаа 512MB-ын хэмжээтэй нэг л flash memory хувааж ашиглана. Гэхдээ AMSS нь Android-ын ашиглаж байгаа санах ойд хандаж болдоггүй, Андройд нь ч гэсэн нөгөө процессорын flash санах ойг хардаггүй аж.

Андройд, AMSS хоёр хоорондоо AT коммандын тусламжтайгаар харьцана. Хэрвээ та 99110000 гэсэн дугаар руу залгавал Андройд үйлдлийн систем AMSS руу зөвхөн "ATD 9911000" тушаал илгээнэ. Энэ тушаалыг аваад AMSS өгөгдсөн дугаар руу залгана. Андройд өөр юу ч хийхгүй, бусад дуудлагатай холбоотой бүх зүйлсийг зөвхөн AMSS хариуцна. Нэг ёсондоо Андройд маань гар утасны үйлдлийн систем биш харин зөвхөн гар утасны UI л гэсэн үг, харин AMSS маань гар утасны жинхэнэ үйлдлийн систем нь юм.

AMSS-д зориулсан flash санах ой дотор EFS2 гэсэн нэг partition байна. Энэ дотор IMEI (International Mobile Equipment Identity), SPL (Service Programming Code), simlock гэх мэт GSM/UMTS-тэй холбоотой бүх чухал мэдээлэл хадгалагдана. Тиймээс ямар нэгэн аргаар Андройдоос EFS2 partition-руу хандаж чаддаг байж түгжээ гаргадаг болно. Ингэхийн тулд янз бүрийн юм оролдож үзсэнээс хамгийн гайгүй арга нь kernel module бичиж харагдахгүй байгаа partition-уудыг харагдуулах арга байв.

Энэ аргыг ашиглахын тулд та гар утсаа шоронгоос гаргасан байхаас гадна Андройд SDK болон NDK 5b суулгасан байх хэрэгтэй. Үүний дараа та гар утсандаа тохирсон kernel олох хэрэгтэй. Би гар утсандаа таарсан kernel эндээс олов. Татаад задалсныхаа дараа гар утсаа компьютертэйгээ холбоод доорх тушаалуудыг бүрхүүл дээр бичээрэй:
  1. cd /path/to/kernel
  2. adb pull /proc/config.gz .
  3. gunzip config.gz
  4. mv config .config
  5. make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- modules_prepare
Одоо та шинэ хавтас үүсгээд дотор нь доорх файлыг mtd-hack.c гэж хадгална уу.


mtd-hack.c-г хадгалсан хавтас дотроо та хоосон Makefile үүсгээд дотор нь obj-m += mtd-hack.o гэж бичиж хадгалаарай. Одоо та доорх тушаалуудыг ашиглаад kernel module-аа build хийгээд, гар утас руугаа хуулж ажиллуулаарай:
  1. cd /path/to/mtd-hack-module
  2. make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- -C /path/to/kernel M=/path/to/mtd-hack-module modules
  3. adb push mtd-hack.ko /sdcard/mtd-hack.ko
  4. adb shell
  5. su
  6. cd /sdcard
  7. insmod mtd-hack.ko
Хэрвээ бүх зүйл амжилттай болсон бол таны бүх flash memory тань /dev/mtd/mtd9 гэсэн шинэ partition болж орж ирсэн байгаа. (EFS2 partition яаг хаана байгааг нь сайн мэдэхгүй байгаа учир бүх flash-аа нэг partition болгов) Та одоо энэ partition-ыг backup хийж авч болно:
  1. dd if=/dev/mtd/mtd9 of=/sdcard/fulldump.bin bs=4096
  2. rmmod mtd_hack
IMEI гэх мэд чухал мэдээллүүд EFS2 partition дотор хадгалагддаг гэж урьд нь бичсэн билээ. Энэ чухал мэдээлэл/тохиргоо бүрийг NV (non volatile) item гэж нэрлэх бөгөөд item болгон өөрийн дугаартай байна. IMEI жишээ нь 550 дахь item, харин AMSS version нь 60001 дэх item. Та одоо fulldump.bin файлаа дурын HEX editor-оор онгойлгоод "550n" эсвэл "60001n" гэж хайгаад үзээрэй, олдож байвал яаг тэнд чинь IMEI, AMSS version item-ууд хадгалагдсан байгаа.

Харамсалтай нь sim unlock key нь NV item биш, харин EFS2 дотор өөрийн гэсэн файл систем дотор perso.txt гэсэн файл дотор хадгалагдана. Тэгэхээр үүнийг эхлээд reverse engeneering хийж байж unlock key олно. Би одоохондоо үүнийг хийж амжаагүй байгаа. Гэхдээ цаад учрыг нь ольё гэхгүйгээр түгжээ гаргая гэвэл маш амархан арга нэг бий. Түгжээгүй утас нэгийг олоод EFS2-ыг нь backup хийгээд энэ backup-аа түгжээтэй утасруугаа хуулахад л хангалттай. Ингээд гар утас тань түгжээгүй болчихно. Гэхдээ арай л fun багатай арга юм даа...

2012/01/24

СОНИ сонирхолтой ном уншигч

За сайн байцгаана уу? Олон жил уулзалдаагүй юм байна :) Төгөлдөр андын эхлүүлсэн Ebook reader хэмээх цаасан дээр биш харин электрон гүйлгэж ном уншдаг ид шидтэй төхөөрөмж дээр кирил номыг Ө-нөөх Ү-нэд орсон хоёр үсэгтэй нь уншдаг болгож байгаа аянд дагалдаж үүнийг бичив.

Уул шугамандаа бол…

Их өргөн тархаж байгаа гурван төхөөрөмжүүд болох Nook Simple Touch, Sony Reader eBook PRS-T1 болон Amazon Kindle Touch нар нь гурвуулаа линукс үйлдлийн системтэй ч эхний хоёр дээр нь бидний байнга сонсоод байгаа андройд ажилладаг байхад, сүүлийнх дээр нь амазоны өөрсдийнх нь өөрчилсөн линукс зүтгэж байдаг юм байна. Төгөлдөр эхний этгээд болох Нүүкийн гэдэс гүзээг задалж хэрхэн эд бад хийснээ харуулсан болохоор хоёр дахийг нь би хэрхэн "оролдсоноо" энд бичихээр шийдлээ.

Үнэндээ бол чин үнэнгээсээ нууж хаалгүйгээр шударга эр хүн шиг энээ тэрээгүй яс яг таг шууд гараад нүүр нүүрээ харж байгаад зүрх сэтгэлээсээ ярих юм бол байна ш дээ тээ: зөвхөн ном уншина гэсэн хүнд бол оролдоод байх шаардлага бараг байхгүй эд.

Оролдох болсон нь:

  • Сони-гоос ирсэн ном уншдаг програм нь таалагдсангүй.
  • Dropbox суулгачихвал тэнд тавьсан номнуудаа уншдаг баймаар.
  • Нэг л хөлс гараад сонин байна

гэсэн "хөгийн" тайлбар тавьж оролдохоор шийдсэн билээ :)

Урьдчилсан уншлага

Юун түрүүнд уншаад үзэх хэрэгтэй хоёр хуудсыг толилуулъя:

Орос хэлтэй хүн бол хоёр дахь холбоосыг нь гүүгл гуайн орчуулсанаар биш эх хэлээр нь унших хэрэгтэй болов уу. Миний хувьд бүх үйлдлийг алимтай машин дээр хийсэн бөгөөд бүндөүс үйлдлийн систем хэрэглэхгүй бараг арваад жил болсон тул тийм машин дээр хэрхэн хийхийг нь хуурай орчуулаад тавив. Линукс машин дээр нэмэлт жижиг сажиг алхам хийх хэрэгтэй байх. Тэрийг туулсан хүмүүс нь энд залруулж бичнэ байх аа.

Ингээд rooting буюу төхөөрөмж дээрээ бүдүүн даргын эрх авах ажиллагаагаа эхэлцгээе.

Нэг амьсгаагаар

За би нэгэн сайн эр болж хийх зургаан алхамуудыг нэг амьсгаагаар дуржигнуулъя!

  • Нэг: Суулгах пакетаа татаж авах ( миний хувьд хоёр дахь холбоос дээрх хуудасны Installation packages хэсэгт буй эхний хоёрын аль аль нь болж байсан )
  • Хоёр: Төхөөрөмжөө юсб-гээр залгаж Data Transfer Mode горимд оруулж READER гэсэн дискийг таниулах
  • Гурав: Татаж авсан пакетуудаа READER диск дээр хуулах
  • Дөрөв: Төхөөрөмжөө бүр мөсөн унтраах
  • Тав: Home болон Menu гэсэн хоёр товчийг нь дарж байгаад асаах товчоо дарж асаагаад эхлэл цонхон дээр opening books гэсэн бичиг гартал өнөөх хоёр товчоо дарсаар байж байгаад суллах (ойролцоогоор арван таваас хорин секунд )
  • Зургаа: Төгсгөлд нь пакетууд суугдаж, төхөөрөмж өөрөө шинээр ачаалагдах бөгөөд энэ үед бүрэн rooting хийгдсэн байх болно.

зээ тэгээд би өнөөх нэгэн сайн эр болж Бүндөүс машин дээр суух алхамуудыг өмнөх амсьгаагаа таслахгүйгээр үргэлжлүүлэн хэлье!

  • Хоёр хагас: Төхөөрөмж дээрээ usb ээр залгаж Data Transfer mode горимонд оруулаад Бүндөүс дээрээ дискнүүд танигдтал хүлээх
  • Гурав: Задалсан пакет доторх flashreader.bat файлыг ажиллуулах
  • Дөрөв: Юм асуувал Agree (Y) гэж Y товч дээр дарж зөвшөөрөх
  • Дөрөв хагас: Хүлээх
  • Тав: 15-20 минут хүлээгээд төхөөрөмж хэвийн ажиллах горимд орохгүй бол (AWD Launcher хэмээх цэс гарч ирэхгүй байвал) буцааж сэргээх алхамыг хийх хэрэгтэй.

( Ийнхүү агаар дутагдлын улмаас ухаан алдан унавай … )

Чимх чимхээр

Суулгах пакетаа татаж аваад (зип файл байгаа) задлахад sdcard гэсэн сан доторх хоёр сан (tmp, updates) бас sdcard сантай зэрэгцэж байрласан PRS-T1 Updater.package файл гурав бол гол хуулагдах ёстой гурван файл нь юм.

ЮСБ ээр залгаад Data transfer mode горимд төхөөрөмжийг оруулахад компьютер дээр SETTINGS, READER гэсэн хоёр диск танигдаж ирнэ. READER дискэн дээр PRS-T1 Updater.package файлыг tmp, updates хоёр сантай хамт хуулна. (Анхаар: sdcard сан биш харин түүн доторх tmp,updates хоёр санг READER дискэн дээр хуулна )

Хуулж дуусаад танигдсан дискээ компьютерээс салгана (Алим дээр бол CMD+e товч дарж танигдсан төхөөрөмжүүдийг салгадаг). Төхөөрөмж дээрх Settings цэсэн дээр буй унтраа гэсэн цэсийг сонгож унтраана. ( ЮСБ залгуураа салгаж болно.) Home ба Menu гэсэн хоёр товчийг зэрэг дарж байгаад асаах товчийг дараад авахад (өмнөх хоёр товчоо дарсан хэвээр байлгана) төхөөрөмж асаж эхлэх бөгөөд opening books гэсэн цэс гартал ойролцоогоор арван таваас хорин секунд өнгөрөөд дарж байсан хоёр товчоо суллана. Ингээд rooting зөв хийгдсэн бол хоёр цэс сонгогдохоор харагдах болно. Тэрний нэг нь Awd Launcher буюу андройд цэс рүү хөтлөх цэс мөн бөгөөд тэрэн дээр дарж андройд систем рүү орох нь тэр дээ. Хэрэв хоёр дахийг нь сонгох юм бол ердийн сони-гийн програм руу ороод явчихна. Нэг ёсондоо танд андройд систем рүү юу эсвэл сони-гийн өөрсдийнх нь оригинал програм руу орох уу гэсэн хоёр сонголт байгаа гэсэн үг.

Яагаад ч юм шинээр суусан пакетуудын зарим файл нь системийн үндсэн атаманд захирагдахгүй зөрчилдөх шалтгаанаас болж төхөөрөмж гацах, алдаа заах гэх мэт сөрөг мэдээлэл их байгаа тул найдвартай нь дээр гээд хэрэглэх гэсэн програмуудаа андройдынхоо settings буюу тохируулга руу орж байгаад устгаад дахин суулгах хэрэгтэй. Root explorer гэж дискэн дээрх файлуудыг харж болдог програмыг нээгээд /updates/data/app сан дотроос дахин суулгах пакетуудаа олж суулгаарай. Миний хувьд cool reader хэмээх ном уншдаг програмаа устгаж /updates/data/app/cr3.0.55-19.apk ийг дахин суулгаж байж алдаагүй ном уншдаг болсон (cr3.0.xxx гэсэн хэд хэдэн хувилбар давхар ирсэн байгаагаас хамгийн сүүлийнхийг нь сонгов).

Интернэт холболтоо тохируулчихаад Dropbox эрхээ тохируулж дууссанаар их эд бад ажиллагаа өндөрлөсөн гэжээ.

ӨӨӨөөө… ӨнӨӨх ҮмбҮҮ ӨтӨнд ордог Ө Ү байхгҮй шҮҮ…

Кирил үсгээр бичсэн монгол номнуудыг нээхэд сони-гийн анхдагч ном уншдаг програм болон cool reader дээр ӨнӨӨх Үнэ хҮндтэй хоёр (өү) зөв дүрслэгдээгүй бөгөөд cool reader дээр Menu товч дээр дарж Options гэсэн нэмэлт сонголт дээрх Font Face гэсэн харуулах фонтны тохиргооноос Droid Sans юмуу Droid Serif хоёрын аль нэгийг сонгосноор үнэтэй хоёр үсэг маань дуртай дургүй нэг юм үзэгдэж санааг минь амраав.

ШИНЭЧЛЭВ: READER дискэн дээр fonts гэсэн сан үүсгээд тэндээ дуртай ttf фонтоо хуулаад шинээр ачаалахад Cool Reader дээр нэмсэн фонтоо сонгож болж байна.



Ээ баларааа….

Дараах зааврыг зөвхөн бүх юм дампуурч буруу эргэсэн тохиолдолд төхөөрөмжөө үйлдвэрээс суулгасан горимд аваачихад хэрэглэнэ. Ингэхийн тулд нэмэлт micro-SD карт хэрэгтэй бөгөөд тэрэн дээрээ sdcard-rescue.zip файлыг татаж авч задлахад дотор нь OS Firmware гэсэн сан бий. Уг санг яг тийм нэртэйгээр нь картан дээр хуулчихаад төхөөрөмж рүүгээ картаа зоох хэрэгтэй. Хэрэв төхөөрөмж унтраагүй, эсвэл унтраах боломжгүй гацсан байх аваас RESET дээр дарж шинээр ачаалах хэрэгтэй (гэхдээ… дараах хоёр товчийг дарна). Ингээд шинээр ачаалахаасаа өмнө өнөөх хоёр HOME, MENU товчийг дарж асаагаад (бас л ойролцоогоор хорин секунд) opening books цэс гарч тогтворжих үед хоёр товчоо сул тавина. За тэгээд л хүлээгээд л байна шүү дээ… хүлээгээд л байна… хүлээгээд л … таваас арван минутын дараа өөрөө асаагүй байх юм бол RESET дээр дарж шинээр асаана. Ингээд л анхны горимон дээрээ очих нь тэр. Хор шар буцалж байвал ахиад л нөгөө рүүтлэх пакетаа суулгаад бүтэлгүйтвэл энэ зааврыг дагаж сэргээгээд ахиад л шар хөдөлж байвал … эргүү юм шиг эргэлдээд л … Амжилттай сэргээсэн бол micro-SD картан дээрх OS Firmware санг устгах юмуу нэрийг нь өөрчлөхгүй бол ёстой жинхэнэ эргэлдээд л байна шүү :)

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор

Монгол хэл дээр epub юмуу mobi хэлбэрээр ном татаж авч болох хоёр хуудас (Мэдээж та өөр хуудас мэдэх бол нэмэрлээрэй :)

Конец первой серии

Бага байхдаа зурагтаар гараад дуусаж байгаа киноны төгсгөлд ийм бичиг гарвал "яагаад ч юм зөнгөөрөө" үргэлжлэл байгаа юм байна гэж мэдээд хөөрдөг байж :) Уншигчдаас өөр ebook reader-ийг хэрхэн эд бад хийсэн холбоосоо мэдээлэхийг хүсэхийн ялдамд болсон болоогүй дүрэмтэй кирил бичигт төгсгөл тавьж жинхэнэ монгол бичигтэй ном уншиж бичдэг болох сайхан цагийг ерөөж энэ тэрлэлийг цэглэв.

2011/12/29

Болор толь бичиг Nook Simple Touch дээр

Nook маань Англи-Англи толь бичигтэй. Тэр нь хэрэглэхэд нэлээд төвөгтэй юм. Ядаж байхад миний Англи хэл тийм ч сайн биш. Зарим үгний тайлбарыг огт ойлгохгүй тохиолдол ч байгаа тул яаж ийгээд Англи-Монгол толь Nook дээр ашигладаг болгохоор шийдэв. Толь бичгээс гадна Nook дээр хэвтээгээр нь ном уншвал зүгээр юм гэж бодоод Nook-ийн өөрийнх нь reader app-ыг биш харин өөр Андройд reader app ашиглая гэж шийдлээ.

Андройд дээр Google Books, Cool Reader, FBReader, Moon+ Reader, Aldiko гэх мэт ebook app ууд түм бумаараа байдаг юм байна. Тэр дундаас таалагдсан нь Aldiko байв. Ном хэвтээгээр нь уншдаг, фонт сольдог, үг сонгож толь бичгээс харж болдог гэх мэт давуу талууд ихтэй юм. Тиймээс APK-г нь хуудаснаас нь татаж аваад disassemble хийж яаж толь бичиг ашигладгийг мэдэж аваад Болор толь ашигладаг болгов.

Та гэхдээ Aldiko-г Болор тольтой хамт Nook дээр ашиглахын тулд Nook-ээ rooting хийсэн байхаас гадна ADB ашиглаж Nook-тэй холбогдож чаддаг байх ёстой. Хэрвээ та тэгж чаддаг бол доорх зааврыг ашиглаад Aldiko суулгаж Болор тольтой хамт ашиглаж болно:
  1. Aldiko татах: wget http://www.aldiko.com/downloads/aldiko2.apk
  2. Aldiko Nook дээр суулгах: adb install aldiko2.apk
  3. Nook-тэй холбогдох: adb shell
  4. Систем партишн дээр бичиж болдог болгох: mount -o remount,rw /dev/block/mmcblk0p5 /system
  5. Болор толь ашигладаг болгох: echo "78.47.55.31            api.wordnik.com" >> /system/etc/hosts
  6. Aldiko Nook дээр асаах: am start -a android.intent.action.MAIN -n com.aldiko.android/.ui.HomeScreen
 За Nook дээр Цагаан Соёот хэвтээгээр уншингаа Болор толиноос үг харж байгаа байдал:


2011/12/04

Mongolduu Open Source Android App

Намар Асуулт.NET-ийн админ Хундага Монгол дууны андройд программ хийгээд өгөөч гэхээр нь хийсэн программаа open source болгоно гэсэн болзолтойгоор Mongolduu NextGen программыг хийж өгөв. Урьд байсан Mongolduu программ нь background-д дуу тоглуулдаггүй гэх мэт нэлээд дутагдалтай байсан юм байна. Харин шинэ хийсэн программ маань ямар ч байсан дууг background-д тоглуулна. Дуу сонсонгоо программ дээрээ өөр юм хийж болно гэсэн үг. UI нь нэг иймэрхүү харагдаж байна:

Та андройд гар утастай бол Android Market-аас Mongolduu NextGen гээд хайгаад суулгаж аваарай. Энэ программын эх кодыг харин та https://github.com/tugstugi/mongolduu -аас татаж аваарай. Хэрхэн ашиглах заавар нь мөн GitHub дээр байгаа. Хэрвээ та өөрийн гэсэн Монгол дууны сантай бол миний энэ программын design-ыг өөрчлөөд өөрийн гэсэн андройд апп хийж болно.

2011/11/19

Монгол ном Nook Simple Touch дээр унших

Хараа муутай болохоор компьютерын дэлгэц дээр удаан хугацаанд юм уншихаар нүд өвдөөд байдаг тул, нүдээ хайрлах санаатай Nook Simple Touch хэмээх 99$-ын үнэтэй E-Ink дэлгэцтэй ebook reader Америкаас авлаа. Энэ EInk дэлгэцийн технологи яг л муухан бор цаасан дээр хэвлэсэн юм шиг харагддаг бөгөөд LCD дэлгэцийн технологи шиг цаанаас нь гэрэлтүүлэх хэрэггүй тул хэчнээн ч цаг уншихад нүд өвдөнө гэх зовлонгүй, мөн маш бага тог ашигладаг учир нэг цэнэглэсэн байхад хэдэн долоо хоног ном уншиж болох аж.

Nook Simple Touch -ын техникийн үзүүлэлт нь:
  • 800 Mhz TI OMAP3 ARM Cortex-A8 Cpu
  • 256 MB RAM
  • 2 GB Flash
  • Android 2.1 OS
Nook Android ашигладаг болов ч Launcher программыг нь хийсэн компани нь өөрсдийнхөө Launcher-аар сольчихсон тул гаднаас нь харахад Android ашигласан гэж огт мэдэгдэхгүй юм.

Хэд хоног Nook дээрээ 19 ээр зууны сонгодог зохиолууд Project Guttenberg ээс татаж уншив. Зохиолч нь нас бараад 75 жил өнгөрсний дараа номыг нь элдэв бусын copyright гэлтгүй хэрэглэж болдог бөгөөд ийм номуудыг энэ Project Guttenberg цуглуулдаг ажээ. Nook дээ эндээс номуудаа EPUB гэсэн форматаар татаад авчихна, Amazon Kindle -тэй хүмүүс бол MOBI форматаар татаад авчих боломжтой ажээ.

Хэдэн гадаад ном уншчихаад Монгол хэлээр ebook байж юу магад гээд хайлаа. Ibooks.mn гээд монгол хуудас байна. EPUB, MOBI аль алинаар нь Монгол хэл дээр ном татаж болох юм байна. Багадаа унших дуртай байсан Санниковын газар байхаар нь баярлаад татан авч унших гэж үзэв. Тэгтэл ингэж харагддаг юм даа:


Нөгөө алдартай Ө, Ү үсгүүд гардаггүй ээ. Тэгэхээр нь Android дээр фонт дутаж дээ гээд цаг гаруй оролдон байж Android Rooting хийгээд файл систем руу нь орж хартал бүх Android фонтууд нь байж байх юм. Ном уншдаг программ нь системийнхээ фонтыг ашиглахгүй зөвхөн өөрийн хэдэн фонтуудыг ашигладаг, тэр дотор хоёр үсэг маань дутаж дээ. Интернетээр яаж фонт солих вэ гэж хайтал ийм заавар олдож байна. Татсан номоо Calibre EBook Management хэмээх программаар онгойлгоод Convert E-Books -> Look & Feel -> Extra CSS гэсэн хэсэг дээр заавар дээрх CSS кодыг хуулж оруулаад номоо хувиргахад хангалттай аж. Хувиргасан номоо Nook дээрээ нээхдээ харин Publisher Defaults гэсэн чагтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Одоо ингэж харагдаж байна:


Одоо Монголоор ном уншаад байж дээ.

PS: Nook дээр Англи-Монгол толь ашиглах мөн хэрхэн хэвтээ хэлбэрээр ном унших талаар бичлэг оруулав: http://mongolian-it.blogspot.com/2011/12/nook-simple-touch.html