2012/03/29

iБулан - өргөтгөл

Өмнө танилцуулж байсан iбуланд маань нэг хар юм нэмэгдлээ. Үүнийг GSM Gateway гэнэ. Үүнтэй адилхан шахуу үүрэгтэй юсб залгуураар залгагдаж болдог орчин үеийнх нь ч бас бий. Тэр нь голдуу интернэт зугаалга хийхэд хэрэглэгддэг ч гэсэн шоронгоос оргуулж байгаа юм шиг тэр түгжээг нь тайлж утсаар ярьдаг болгож бас болдог байна. Гэвч миний авсан Sagem rl300 gsm gateway-д нэг давуу тал бий. Үүнд ердийн гэрийн утас залгаад гар утасны сүлжээгээр ярьж болно. Нэг ёсондоо гэрийн ердийн аналог утсаа энэ төхөөрөмж рүү залгаад л gsm сүлжээний хөл утас болчих нь тэр дээ :)

Ингээд манай гэрийнхэн болон найз нөхдүүдийн ихэнх нь хэрэглэдэг сүлжээнээсээ нэг дугаар худалдаж аваад үүндээ зоочихлоо. Тэр дугаартаа өөрийнхөө сүлжээндээ үнийн хязгаарлалтгүй ярих эрхтэй гэсэн сонголттой болгов. Гэр бүлийнхний бүх утас өөрийнхөө сүлжээний дугаар луу үнэгүй ярьдаг бөгөөд энэ дугаар бас тийм боломжтой болноо гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр, гарнаас энэ төхөөрөмж рүү болон энэ төхөөрөмжөөс гар утас руу яригдах бүх яриа төлбөргүй болж байгаа юм.

Энэ эд өөртэйгөө хамт TAE залгууртай ирдэг. Тэрэнд нь ердийн гэрийн утсаа залгаад sim картаа уг төхөөрөмж рүүгээ зоогоод асаангуут sim картны зурагтай гэрэл асаж унтарсан горимд ордог. Энэ горим нь гарнаас sim картны pin дугаарыг оруулах горим юм. Ингээд гэрийн утсаа аваад pin дугаараа оруулж # товч дараад л утсаа тавихад асаж унтарсан горим тогтмол ассан горимд шилжсэнээр суурилуулалт болоод явчих нь тэр. Энэ алхамыг анх удаагаа sim карт зоох юмуу, эсвэл sim картаа солих үед л хийх нэг удаагийн ажиллагаа юм байна.

За одоо фритц дээр астериск гэгч монголд байгаа дугаартай холбох үүрэгтэй нөхөр байж байдаг, энэ gsm gateway гэгч нөхөр болохоор эндэхийн гар утасны сүлжээнүүдийг холбоод байж байдаг. Өөрөөр хэлбэл "зээ монголоор ярьдаг нь танайд байна, германаар ярьдаг нь манайд байна. Энэ хоёрыгоо нийлүүлбэл эцэг эх нарын магнай тэнийж, анд нөхдийн амгаланг мэдэх өлзийтэй сайхан учрал болох бизээ" гээд л хадаг бариад явчих нь шүү дээ.

Фритцтэй хамт У хэмээх гэрийн утасны сүлжээг фритцрүү оруулдаг залгуур хамт ирдэг юм. Тэр залгуураа gsm gateway ийн TAE залгуур луу залгаад л цаана нь тохируулах ажиллагаа үлдэж байгаа юм. Тохиргоо гурван алхамаар хийгдэнэ. Эхнийх нь, фритц рүү орж ирсэн gsm gateway-д зориулж рөүтэр дээрээ аналог утасны зохиомол дугаар тохируулдаг. Үүнийгээ эхлээд ААА гэчихэе. Дараагийн алхам бол астериск дээрх дугаар дээр дуудлага орж ирэхэд түүнийгээ ААА дугаараар дамжуулж ББББ дугаар луу залга гэж зааж өгнө. ББББ дугаар нь жишээ нь миний гар утасны дугаар. Үүнийг фритцийн вэб нүүрэн дэх call forward гэсэн цэсэн дээр зааж өгнө. Ингэснээр монгол дахь дугаар луу хүн залгахад энд миний гар утас дуугарна. Эцсийн тохиргоо бол call through хэмээх тохиргоо. Үүнийг дараах хялбарчилсан маягаар тайлбарлая.

ББББ гэсэн гар утаснаас gsm gateway дээрх sim картны дугаар луу залгахад нэг хоёр дуудуулаад хөгжим дуугарна. Тэр үед нь call through тохируулах үед зааж өгсөн pin дугаар оруулахаар хөгжим өөрчлөгдөж өөр дуудлагатай болдог. Энүүний дараа хэрэв gsm gateway ээ аналог утас гэж залгасан бол *12#, isdn утас гэж залгасан бол 0 гэж оруулахад цааш дамжуулах ердийн утасны дүнгэнэсэн дуугаар солигдоно. Тэгэнгүүт монгол утасны дугаар залгаад ярьж болно. Тэр pin дугаар нь дурын хүн уг карт руу залгаж ашиглахаас сэргийлсэн бөгөөд зөвхөн ийм ийм дугаарнаас залгахаар call through хий гэж өөрсдийнхөө дугаарыг зааж өгсөнөөр давхар сэргийлж чадна. Энэ тохиргоог фритцийн вэб нүүрэн дээр call forwarding гэсэн цэсний call through гэсэн самбар дээр хийнэ.

Ингээд өмнөх iБуланд ярьж байсан зөвхөн монголоос дуудлага хүлээж авдаг утас дуугарахыг хүлээж гэрийн мухар сахих эсвэл зөвхөн монгол руу ярих гэж гэр лүүгээ давхих шаардлагаггүй боловоо :)

2012/03/06

iOS 5.x дээр Монголоор - 5

Ингээд хийчихвэл таван тивийн хүмүүст ч хэрэгтэй юм бол уу :D

2012/03/04

iБулан

Манай гэрийн хаалганы цаана юу болж байгааг мэдээлэх эх сурвалж энэ булангаас эхэлнэ. Гэрийнхээ цонхоор бид нар хаалганы цаахан юу болж байгааг харж чаддаг ч энэ булангийн ачаар бид нар тив алгасаж мэдээлэл авна. Мэдээлэл авахаас гадна бас мэдээлэл түгээхэд энэ булангаар л гарна. За тэгээд энэ булан руу хүүхдүүд шээх, томчуул гартаа барьж байсан цай юмуу айргаа салгалж асгах, бөмбөг өшиглөх гэх мэтийн санамсаргүй болон санаатай үйлдэл хийх аваас өнөөх сайхан мэдээлэл хаагдах болно. Тийм болохоор энэ булан бол гэрийн хүндэт iБулан юмаа :)

Манай гэрийнхний нүд чихийг бөглөгч зурагт, интернэт, утас гурвыг нэг байгууллага хангана. Тэр байгууллага манай гэр лүү зурган дээрх нэг гэсэн дугаартай нүхээр сүвэгчилж ирнээ. За тэгээд нэг нь зурагт руу, нөгөө нь хоёр гэсэн дугаартай хар хайрцаг руу орно. Хар хайрцагнаас гурав дугаартай Фритц рүү зургаа дугаартай кабелаар интернэтээ салаалж, тав дугаартай кабелаар утасны аппарат руу гэрийн утас залгагдана. Дөрөв дугаартай кабел Фритцээс гарч явсаар бас нэгэн утас руу холбогдох бөгөөд тэр утас нь долоо дугаартай юсб дээр суугдсан астериск хэмээх програм ашиглаж монголд байгаа жмобайл болон мобикомooc авсан интрнэт утасны дуудлага хүлээж авах, эсвэл монгол дугаар луу залгахад хэрэглэгддэг утас. Найм хэмээн дугаарлагдсан шар ногоон өнгийн шаарууд бол энэ сараачиж байгаа зүйлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хоёр шааргүйгээр тэр буланд цугларсан тоос шороог юугаараа далдлах бил ээ? :)

Фритц дээрх үйлдлийн системийг нь Фрээтцээр сольж болдогт л хамгийн гол нь байгаа юм. Ингэж чадах аваас рөүтэр дээрээ tor, эсвэл астериск гэх мэтчилэн маш олон програм багцуудыг сонгож суулгах давуу эрх үүснэ. Фрээтцийн хуудсан дээрх үндсэн суулгах заавар болон астерискийг фрээтц дээр суулгах зааварыг зөв дагах аваас хүссэндээ хүрэх боломжтой. Мэдээж астерискээ тохируулахын өмнө тодорхой мэдлэгтэй байх нь зүйтэй бөгөөд сонирхсон хүнд энэ хичээл их тус болно. Урьд нь галзуурч байгаад ашгүй эдгэрсэн нэг нөхрийн галзуу хүнтэй хийсэн "хамтын ажиллагааны нөхөрсөг гэрээний" үр дүнд бий болсон нөхөөсний ачаар астериск маань жмобайл болон мобикомын сервертэй төвөггүй харилцаж чадав. За тэгээд ойлгох хүн бий, ойлгохгүй ч хүн бий учраас энэ удаадаа аль алинд нь оршил маягаар танилцуулах зорилгоор үүнийг эхлүүлж бичлээ.

2012/03/02

iOS 5.x дээр Монголоор - 4 (iPad хувилбар)

За нэг иймэрхүү болох шиг...
Cydia руу оруулсан байгаа.

Дашрамд iPad- аа түр зээлдүүлсэн rockheromn-д талархсанаа илэрхийлье.