2014/01/10
Univision AnywhereTV & Samsung SmartTV
JavaScript сайн мэдэхгүй болоод тэрүү Univision-ы live tv үзэж болдог болгосон боловч нэвтрүүлэг нөхөж үздэг болгож чадсангүй. Та Samsung SmartTV дээр зөвхөн live tv үзэмээр байвал дээрх хаяаг руу ороод зааврын дагуу суулгаад ашиглаж болно.
Нэвтрүүлэг нөхөж үзэх арай амархан арга хайж Plex гэж программ байдагыг олж мэдэв. PC дээр PlexMediaServer гэж программыг нь харин ТВ дээрээ Plex гэж app суулгаад ашиглаж болдог аж. Univision AnywhereTV-г дэмжүүлэхийн тулд Python дээр 300 мөр код хангалттай байв: https://github.com/tugstugi/univision_plex_channel Хэрхэн суулгаж ашиглах заавар нь дээрх хаяаг дээр байгаа. Ганц дутагталтай тал нь гэвэл ТВ үзэхийн тулд ямар нэгэн PC дээр PlexMediaServer нь ассан байх ёстой. Давуу тал гэвэл та Plex app суулгаж болдог бүх device дээр Univision үзэх боломжтой.
Safari дээр Plex-ийн Univision суваг харагдаж байгаа байдал нь:
2013/07/08
Robocup 2013
Kid Size: Iran vs. USA
Teen Size: Japan vs. German
Adult Size: Taiwan vs. Japan
Бусад бүх лигүүдийг харуулсан teaser видео:
2012/10/10
Huawei, Univision ба Үндэсний Аюулгүй Байдал
Хятадууд мэдээж тэнэг улсууд биш учир анх төхөөрөмж нийлүүлэхдээ ямар нэгэн чагнаж тагнадаг програмгүйгээр нийлүүлдэг гэнэ. Ийм программ бүх төхөөрөмж дээр нь ажиллаад байвал дор нь баригдчихна л даа. Тиймээс төхөөрөмжүүдийнхээ программ хангамжийг албаар алдаатай хийдэг гэж байх юм. Хүн чагная гэвэл албаар хийсэн алдаагаа ашиглаж ороод чагнадаг программаа суулгачихна, чагнаж дуусчхаад буцаагаад устгачихдаг гэнэ. Сая өнгөрсөн зун гэхэд л DEFCON мэдээллийн аюулгүй байдлын конференц дээр Huawei-гийн төхөөрөмжүүдийн тухай дүүрэн алдаатай байна гээд илтгэл тавигдаж байх жишээтэй. Ийм алдаануудыг ер нь албаар хийсэн гэж үзээд байгаа юм. Тэрнээс биш жилд 20 миллиард долларын гүйлгээ хийж хэдэн миллиард долларын ашигтай ажилладаг хятад компани миллиард хүмүүсээсээ хамгийн сорыг нь шилж аваад хийе гэвэл ямар ч алдаагүй юм хийх байх даа. Өөрсдөд нь ашигтай болоод л албаар алдаатай юм хийгээд байгаа болов уу. Дор хаяад л чагнаж тагнадаг программ суулгасан төхөөрөмж нь баригдчихвал өө бид нарт ямар ч хамаа байхгүй, манай төхөөрөмжийн алдааг ашиглаад хакерууд нэвтрээд юм суулгачхаж гээд л гүрийчихнэ шд. Тийм болохоор янз бүрийн улс оронгууд Huawei, ZTE хоёроос татгалзаад байгаа юм байна.
Өнөөдөр яагаад энэ компаниудын тухай бичвээ гэхээр, энэ маань Монгол улсын аюулгүй байдалтай нэлээд холбоотой юм л даа. Монголчууд мөнгөө хэмнэх гээд л мэдээж хамаг холбооныхоо төхөөрөмжүүдээ урдаас зөөдөг байх. Ихэнх л газар Huawei, ZTE хоёр харагддаг. Тэр нь ер нь ямар аюултай вэ гэдгийг манайхан бараг гадарладаггүй. Тиймээс та бүхэнд өөртөө тохиолдсон нэг жишээ бичмээр санагдлаа. (Энэ жишээний алдаа яаг Huawei-ийн буруу биш л дээ, гэхдээ ийм алдаа хийх боломж олгож байгаа явдал нь Huawei-ийн дээр дурдсан алдаатай адилхан далд санаа агуулсан болов уу)
Зун амралтаараа Монгол явж аав ээж дээрээ очвоо. Урьд очиход аавынх Сансар кабелтай байдаг байсан бол энэ жил харин Univision тавиулчхаж. Урьд том хавтгай телевиз дээр аймаар барзаасан юм үздэг байсан бол энэ жил монгол сувгууд HD-аар гараад над шиг нүд муутай хүнд тэрэн шиг сайхан юм алга аа. Univision сайн үйлчилгээтэй юм байна, тийм ч болоод тэрүү хамаг таньдаг хүмүүс Univison-той болчхож. Ямар нэгэн орон сууцны байшин руу ороход л Univision гэсэн wifi access point-ууд ёстой арав хориороо гарч ирж байна лээ. Зуслан дээр хүртэл танай ийшээ шилэн кабел татсан, зуслангийн байшиндаа Univision тавиулах уу гэчихсэн явж байсан. Тэгэхээр Univision нэлээд их хэрэглэгчтэй болов уу. За тэгээд Univision тавиулахаар Huawei төхөөрөмжүүд дагаж ирдэг юм байна. Манайд шилэн кабелын оролттой Huawei HG8245 гэсэн рүүтер тавигдаж. Иймэрхүү юм байна:
Гар утсаа wifi-ээр холбож интернетэд орох гэсэн чинь аав ээж хоёр ямар ийм юм ашиглаж мэдэх биш мэдэхгүй ээ Univision-оос асуу гэв. Тийшээ залгатал дандаа хүүхнүүд утас авж байна аа, нэг нь гэрийнхээ утасны дугаарыг нууц үг болгоод хийгээд үз гэв, тэрийг нь хийсэн чинь болдоггүй ээ, тэгэхээр нь нэг хүүхнээс нь рүүтерийн web interface-ийн нууц үгийг нь өгөөч би өөрөө wifi нууц үгээ reset хийчихье гэсэн чинь урдаас та нар шиг хүмүүст нууц үгийг нь өгдөггүй гэж байх юм. Тэгэхээр дургүй хүрээд ойр орчныхоо хүмүүсээс сураглатал рүүтерээсээ backdoor олоод web interface-рүү нь орчихсон Монгол хүн байна цаана чинь. Тэгэхээр нь аргийг нь гуйж аваад орох гэж үзэв. Тэгсэн болдоггүй шүү. Учир нь манайх шилэн кабел ордог болохоор нөгөө нөхрийн рүүтерээс шал өөр рүүтер аж.
За тэгэхээр нь өөрөө Huawei төхөөрөмжөөс алдаа олдог баатар болвоо. Рүүтерийхээ нэрээр интернетээс хайтал service manual нь гараад ирж байна. Тэрэн дээр нь default нууц үг нь telecomadmin:admintelecom эсвэл root:admin гээд цагаан дээр хараар бичээстэй байлаа. Юмыг яаж мэдэх вэ гээд web interface дээр турштал болохгүй байв. Харин telnet-ээр холбогдож байгаад дээрх нууц үгнүүдийг нь өгтөл шууд холбогдоод WAP гэсэн shell асаж байна, манайхан web interface дээр логин хийдэггүй болгочхоод telnet-ийг мартчихаж дээ хөөрхий:
help гээд тушаал бичсэн чинь янз бүрийн рүүтерийн тохиргоо өөрчилдөг тушаалууд гарч ирж байна:
Цааш нь нэлээд оролдож байгаад shell гэж бичтэл линукс shell асаж байна:
Линукс shell асчихаар тэгээд энэ рүүтер дээр дуртай юм аа хийж болж байгаа юм. Жишээ нь /mnt/jffs2/hw_ctree.xml гэсэн файл дотор нөгөө хайгаад байсан wifi нууц үг, Unitel voip нууц үг гэх мэт бүх чухал юм нь явж байгаа юм.
Зарим хүмүүс одоо хэлэх байх л даа. Энэ аргаар зөвхөн өөрийн сүлжээнээс л орж болно гэж. Гаднаас таны сүлжээ рүү тун амархан орж болно л доо. Univision жишээ нь танд web interface-ийн эрх өгөхгүй, тиймээс та wifi нууц үгээ байнга өөрчилж чадахгүй, анх Univision дээр сонгосон нууц үгээ ашиглана. Та мэдээж анх нууц үгээ сонгохдоо ихэвчлэн амархан утасны дугаар, төрсөн он сар гэх 8 тоотой л юм сонгоно. Тэгэхээр таны wifi нууц үгийг олох магадлал маш өндөр болчхож байгаа юм. За тэгээд таны wifi нууц үгийг чинь олчихвол дээр бичсэн аргаар рүүтер лүү чинь ороод янз бүрийн юм хийнэ л дээ.
Хамгийн энгийн жишээ бол DNS өөрчлөөд таны цахим шуудангийн нууц үгийг чинь олчихно, ямар цахим хуудас руу ордгийг чинь тагнаж болно. За тэгээд жоохон хөдөлмөр зарах юм бол pjsip ашиглаад жижигхэн voip proxy бичээд рүүтер дээр чинь ажиллуулаад утсаар юу ярьж байгааг чинь чагначихна. Huawei-ийн native voip программ дээр нь localhost гээд voip proxy ip-аа өгчихнө, proxy-дээрээ /mnt/jffs2/hw_ctree.xml дотор байгаа Unitel-ын voip account-ыг өгчихнө. Ингээд хөөрхөн man in the middle attack хийгээд ярьсан яриаг тань өөр сервер рүү дамжуулчихна. Voip proxy чинь рүүтер дээр ажиллах тул Unitel-ийн талаас үүнийг илрүүлэх ямар ч арга байхгүй. Таны хувьд рүүтер чинь black box тул та ч бас юу ч анзаарахгүй.
Тэгэхээр та Huawei төхөөрөмж ашигладаг бол таныг хятадууд тагнаж чадна, түүнээс гадна жоохон сүйхээтэй Монголчууд хүртэл таныг чагнаж чадах нь дээ хөөрхий. Энэ бол зөвхөн нэг рүүтерийн л жишээ (үүнд Univision-ы буруу их байгаа). Цаана чинь Монголын холбооны компаниуд дээр Huawei төхөөрөмжүүд дүүрэн...
Update: энэ алдаа зун 7 сарын сүүлээр байсан. Одоо энэ алдаа байгаа эсэхийг ийм рүүтертэй хүн шалгаад хариуг нь комментээр үлдээгээрэй. Univision төвөөсөө remote configuration хийгээд засчих боломжтэй тул тэгж зассан эсэхийг нь мэдмээр байна.
Update 2: Univision-ы цагаан рүүтерийн тухай эндээс хараарай: http://purevtsooj.blogspot.de/2012/10/huawei-hg256-univision.html
2012/06/21
Simlock & building android kernel module
Андройд гар утас маань Qualcomm MSM7225 гэсэн SoC-той юм байна. MSM7225 нь дотроо 2 ширхэг ARM процессор агуулдаг аж. 528 Mhz-ын хурдтай ARM11 процессор дээр нь Андройд үйлдлийн систем харин арай удаан ARM9 дээр нь GSM/UMTS-г хариуцсан AMSS (Advanced Mobile Subscriber Software) хэмээх үйлдлийн систем тус тус ажиллана. Энэ хоёр процессор дундаа 512MB-ын хэмжээтэй нэг л flash memory хувааж ашиглана. Гэхдээ AMSS нь Android-ын ашиглаж байгаа санах ойд хандаж болдоггүй, Андройд нь ч гэсэн нөгөө процессорын flash санах ойг хардаггүй аж.
Андройд, AMSS хоёр хоорондоо AT коммандын тусламжтайгаар харьцана. Хэрвээ та 99110000 гэсэн дугаар руу залгавал Андройд үйлдлийн систем AMSS руу зөвхөн "ATD 9911000" тушаал илгээнэ. Энэ тушаалыг аваад AMSS өгөгдсөн дугаар руу залгана. Андройд өөр юу ч хийхгүй, бусад дуудлагатай холбоотой бүх зүйлсийг зөвхөн AMSS хариуцна. Нэг ёсондоо Андройд маань гар утасны үйлдлийн систем биш харин зөвхөн гар утасны UI л гэсэн үг, харин AMSS маань гар утасны жинхэнэ үйлдлийн систем нь юм.
AMSS-д зориулсан flash санах ой дотор EFS2 гэсэн нэг partition байна. Энэ дотор IMEI (International Mobile Equipment Identity), SPL (Service Programming Code), simlock гэх мэт GSM/UMTS-тэй холбоотой бүх чухал мэдээлэл хадгалагдана. Тиймээс ямар нэгэн аргаар Андройдоос EFS2 partition-руу хандаж чаддаг байж түгжээ гаргадаг болно. Ингэхийн тулд янз бүрийн юм оролдож үзсэнээс хамгийн гайгүй арга нь kernel module бичиж харагдахгүй байгаа partition-уудыг харагдуулах арга байв.
Энэ аргыг ашиглахын тулд та гар утсаа шоронгоос гаргасан байхаас гадна Андройд SDK болон NDK 5b суулгасан байх хэрэгтэй. Үүний дараа та гар утсандаа тохирсон kernel олох хэрэгтэй. Би гар утсандаа таарсан kernel эндээс олов. Татаад задалсныхаа дараа гар утсаа компьютертэйгээ холбоод доорх тушаалуудыг бүрхүүл дээр бичээрэй:
- cd /path/to/kernel
- adb pull /proc/config.gz .
- gunzip config.gz
- mv config .config
- make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- modules_prepare
mtd-hack.c-г хадгалсан хавтас дотроо та хоосон Makefile үүсгээд дотор нь obj-m += mtd-hack.o гэж бичиж хадгалаарай. Одоо та доорх тушаалуудыг ашиглаад kernel module-аа build хийгээд, гар утас руугаа хуулж ажиллуулаарай:
- cd /path/to/mtd-hack-module
- make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- -C /path/to/kernel M=/path/to/mtd-hack-module modules
- adb push mtd-hack.ko /sdcard/mtd-hack.ko
- adb shell
- su
- cd /sdcard
- insmod mtd-hack.ko
- dd if=/dev/mtd/mtd9 of=/sdcard/fulldump.bin bs=4096
- rmmod mtd_hack
Харамсалтай нь sim unlock key нь NV item биш, харин EFS2 дотор өөрийн гэсэн файл систем дотор perso.txt гэсэн файл дотор хадгалагдана. Тэгэхээр үүнийг эхлээд reverse engeneering хийж байж unlock key олно. Би одоохондоо үүнийг хийж амжаагүй байгаа. Гэхдээ цаад учрыг нь ольё гэхгүйгээр түгжээ гаргая гэвэл маш амархан арга нэг бий. Түгжээгүй утас нэгийг олоод EFS2-ыг нь backup хийгээд энэ backup-аа түгжээтэй утасруугаа хуулахад л хангалттай. Ингээд гар утас тань түгжээгүй болчихно. Гэхдээ арай л fun багатай арга юм даа...
2011/12/29
Болор толь бичиг Nook Simple Touch дээр
Андройд дээр Google Books, Cool Reader, FBReader, Moon+ Reader, Aldiko гэх мэт ebook app ууд түм бумаараа байдаг юм байна. Тэр дундаас таалагдсан нь Aldiko байв. Ном хэвтээгээр нь уншдаг, фонт сольдог, үг сонгож толь бичгээс харж болдог гэх мэт давуу талууд ихтэй юм. Тиймээс APK-г нь хуудаснаас нь татаж аваад disassemble хийж яаж толь бичиг ашигладгийг мэдэж аваад Болор толь ашигладаг болгов.
Та гэхдээ Aldiko-г Болор тольтой хамт Nook дээр ашиглахын тулд Nook-ээ rooting хийсэн байхаас гадна ADB ашиглаж Nook-тэй холбогдож чаддаг байх ёстой. Хэрвээ та тэгж чаддаг бол доорх зааврыг ашиглаад Aldiko суулгаж Болор тольтой хамт ашиглаж болно:
- Aldiko татах: wget http://www.aldiko.com/downloads/aldiko2.apk
- Aldiko Nook дээр суулгах: adb install aldiko2.apk
- Nook-тэй холбогдох: adb shell
- Систем партишн дээр бичиж болдог болгох: mount -o remount,rw /dev/block/mmcblk0p5 /system
- Болор толь ашигладаг болгох: echo "78.47.55.31 api.wordnik.com" >> /system/etc/hosts
- Aldiko Nook дээр асаах: am start -a android.intent.action.MAIN -n com.aldiko.android/.ui.HomeScreen
2011/11/19
Монгол ном Nook Simple Touch дээр унших
Nook Simple Touch -ын техникийн үзүүлэлт нь:
- 800 Mhz TI OMAP3 ARM Cortex-A8 Cpu
- 256 MB RAM
- 2 GB Flash
- Android 2.1 OS
Хэд хоног Nook дээрээ 19 ээр зууны сонгодог зохиолууд Project Guttenberg ээс татаж уншив. Зохиолч нь нас бараад 75 жил өнгөрсний дараа номыг нь элдэв бусын copyright гэлтгүй хэрэглэж болдог бөгөөд ийм номуудыг энэ Project Guttenberg цуглуулдаг ажээ. Nook дээ эндээс номуудаа EPUB гэсэн форматаар татаад авчихна, Amazon Kindle -тэй хүмүүс бол MOBI форматаар татаад авчих боломжтой ажээ.
Хэдэн гадаад ном уншчихаад Монгол хэлээр ebook байж юу магад гээд хайлаа. Ibooks.mn гээд монгол хуудас байна. EPUB, MOBI аль алинаар нь Монгол хэл дээр ном татаж болох юм байна. Багадаа унших дуртай байсан Санниковын газар байхаар нь баярлаад татан авч унших гэж үзэв. Тэгтэл ингэж харагддаг юм даа:
Нөгөө алдартай Ө, Ү үсгүүд гардаггүй ээ. Тэгэхээр нь Android дээр фонт дутаж дээ гээд цаг гаруй оролдон байж Android Rooting хийгээд файл систем руу нь орж хартал бүх Android фонтууд нь байж байх юм. Ном уншдаг программ нь системийнхээ фонтыг ашиглахгүй зөвхөн өөрийн хэдэн фонтуудыг ашигладаг, тэр дотор хоёр үсэг маань дутаж дээ. Интернетээр яаж фонт солих вэ гэж хайтал ийм заавар олдож байна. Татсан номоо Calibre EBook Management хэмээх программаар онгойлгоод Convert E-Books -> Look & Feel -> Extra CSS гэсэн хэсэг дээр заавар дээрх CSS кодыг хуулж оруулаад номоо хувиргахад хангалттай аж. Хувиргасан номоо Nook дээрээ нээхдээ харин Publisher Defaults гэсэн чагтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Одоо ингэж харагдаж байна:
Одоо Монголоор ном уншаад байж дээ.
PS: Nook дээр Англи-Монгол толь ашиглах мөн хэрхэн хэвтээ хэлбэрээр ном унших талаар бичлэг оруулав: http://mongolian-it.blogspot.com/2011/12/nook-simple-touch.html
2011/10/16
Nao Robot
Хийсэн компани нь Youtube дээр танилцуулга болгож ийм бичлэг тавьсан байна:
Энэ робот нэг ширхэг нь 10 мянган евроны үнэтэй, 20 гаруй мотортой, 2 видео камертай, 2 чанга яригч, 4 микрофон, ultrasonic, infrared болон IMU мэдрэгчтэй. Толгой дотроо 500 mhz-ын хурдтай ADM geode гэдэг CPU агуулсан суурилсан системтэй. Анх Robocup гэж роботын хөл бөмбөгийн тэмцээнд орно гэж роботуудаа захиалсан тул авсан роботууд маань хуруу нь ажилдаггүй. Хуруу нь хөдөлдөггүй мөн их сургууль, эрдэм шинжилгээний газарт үзүүлдэг хөнгөлтөнд багтаад нэг роботыг нь 5000 евро, нийт таван роботоо 25 мянган еврогоор авав. Яваандаа блог дээрээ робот болон хиймэл оюун ухааны тухай бичлэгүүд оруулж байхийг хичээнэ ээ.
2011/10/04
Фриц хайрцаг
Сарын өмнө интернетийнхээ хурдыг ихэсгэж 50 Mbit-ийн хурдтай VDSL тавиуллаа. Цаанаас нь Фриц!хайрцаг 7570 гэсэн рүүтэр дагаж ирж байна. Берлиний AVM гэж компанид үйлдвэрлэгдсэн энэ рүүтэр европт нэлээд өргөн тархсан бөгөөд 200 аад евро орчмын үнэтэй зарагддаг, VDSL, WLAN, ISDN, USB, VOIP, DECT гэх мэт их функцтай нэлээд сайн рүүтэрүүдийн нэг юм. Урьд нь 10 евроны үнэтэй рүүтэр хэрэглэдэг байсан учир гайгүй рүүтэртэй боллоо гэж их баярлаад рүүтэрээ залгатал утасны компани маань рүүтэр үйлдвэрлэсэн компанидаа лиценз төлөхгүй гэсэн бололтой зөвхөн VDSL, WLAN болон нэгхэн VOIP сервер дэмждэг фирмвэйр (үйлдлийн систем) суулгачхаж. Тэгэхээр нь бусад функцийг нь яаж идэвхжүүлэх вэ гээд Гүүглээс хайвал фриц хайрцгуудад зориулсан Freetz (Free + Fritz гэсэн үгнүүдээс зохиосон зохиомол нэр) гэж нээлттэй эхийн үйлдлийн систем байдаг юм байна.
За тэгээд фриц хайрцаг дээрээ Freetz суулгахаар шийдэв. Эх кодыг нь татаж авч компайлдчхаад FTP_Uploader гэж програм ашиглаж рүүтэр лүүгээ хуултал рүүтэр маань асахаа болив оо хөөрхий. Асаангуут л хамаг гэрэл нь анивчаад унтарчих юм. Нэлээд хэдэн цаг оролдоод сүүлдээ аргаа бараад фирмвейр хуулдаг програм маань алдаатай хуулаад байж магадгүй гээд өөр хуулдаг програм хайгаад ruKernelTool гэж програм олов. Тэгээд энэ програмыг ашиглаж компайлдсан фирмвэйрээ суулгах гэтэл бас болдоггүй. Утасны компани маань фриц хайрцгийн 16 МB flash memory-г нь 8 MB, 8 MB-аар хоёр хуваачихсан, мөн bootloader нь 8 МB-ийн хэмжээтэй фирмвейр дэмждэг аж. Тэгээд Freetz-ээс хамаг функцийг нь хасаж байж 8 MB-ийн хэмжээтэй фирмвэйр үүсгэж аваад ruKernelTool програмаараа хуулав. Ямар ч байсан рүүтер маань асаж байна. Freetz нь bootloader ашигладаггүй шууд RAM руу хуулаад тэндээсээ flash memory руу фирмвэйр хуулдаг өөрийн гэсэн функцтэй аж. Тэрийг нь ашиглаад анх компайлдсан Freetz-ээ хуулаад рүүтэрээ асаав. Ямар ч байсан DECT нь ажиллаж байна харин интернет холбогддоггүй. Тэгээд дахиад Гүүглээс яагаад интернет болохгүй байна гээд хайв. Тэгтэл утасны болон интернетийн үйлчилгээ үзүүлдэг компани маань Германы цахилгаан холбоо компаниас өөрсдөө интернет үйлчилгээ аваад тэрүүгээр ээ дамжуулж 2 VLAN үүсгээд нэгээр нь интернет нөгөөгөөр нь утасны (Германы цахилгаан холбоо компаниас интернет хөлсөлж байгаа учир аналог утас тавьж болохгүй харин зөвхөн VOIP утасны үйлчилгээ үзүүлдэг, ашиглаж байгаа хүнд бол энэ ялгаа нь бараг анзаарагдахгүй) үйлчилгээгээ явуулдаг аж. Энэ технологийг Next Generation Network гэдэг аж.
За тэгэхээр утас болон интернетээ ашиглалтад оруулахын тулд энэ VLAN болон VOIP тохиргоонууд хэрэгтэй болов. Нөгөө утасны компани энэ мэдээллүүдээ яагаад ч юм их нуудаг аж. Фирмвэйр дээрээ ч гэсэн энэ тохиргоонуудыг олохоос сэргийлсэн хамгаалалтууд хийж. Аз болж 2 жилийн өмнөх фирмвэйр хувилбар дээр нь buffer overflow бололтой нэг алдаа гарч. Фирмвэйрийнхээ тохиргоог экспортлоод нэг сонин тэмдэгт бичээд буцааж тэрийгээ импортлоод өөрийнхөө гэрийн дугаар луу залгатал рүүтэр дээр маань telnet асаж байх юм. Үүнийг нь ашиглаж VLAN, VOIP тохиргоогоо аваад Freetz дээрээ хийтэл бүх юм нь ажиллаж байх нь тэр.
Дараа нь ЖМобайл VOIP рүүтэр дээрээ тохируулах гэж үзэв. Монголчууд болсон хойно ЖМобайлыхан серверээ буруу тохируулчхаж. Рүүтэр ЖМобайлын сервертэй холбогдохоор Digest authentication хийх үед realm гэдэг утга нь хоосон байгаад байв. Фриц хайрцаг маань ийм стандарт биш хариу ирэхээр буруу байна гээд холбогдохгүй байв. Яаг энэ алдааг жилийн өмнө Хашэрдэнэ олоод ЖМобайлын инженертэй холбогдож засуулсан аж. Тэгтэл тэр алдаа нь буцаад гараад ирж хөөрхий. Тэгэхээр нь dtmfbox гэж стандарт биш хариу ирсэн ч гэсэн холбогддог soft voip switch програм рүүтэр дээрээ суулгаж байж ЖМобайл ашигладаг боллоо. За ингээд Монгол утасны номер луу залгахын тулд эхлээд гэрийн утаснаас фриц хайрцагруу залгана, фриц хайрцаг маань цаашаа энэ dtmfbox гэж програмтай холбогдоно, тэндээсээ ЖМобайл VOIP сервертэй холбогдоно, тэгээд Монгол дахь утас дуугарна даа. Буцахдаа буцаад энэ замаараа ирнэ. Рүүтэр дээрээ жишээ нь гэрийн утаснаас 9911-аар эхэлсэн утас руу залгавал ЖМобайл ашигла, 0179-оор эхэлсэн утас уруу залгавал Герман VOIP ашигла гэх мэт заагаад өгчихсөн тул ийш тийшээ залгахад тун амар аж. Фриц хайрцаг маань ямар ч байсан урьд нь ашигладаг байсан 10 евроны рүүтэрийн хажууд жинхэнэ рүүтэр юм байна гэдгийг нэг хоног ашиглаад мэдрэв :)
Фриц хайрцагтай холбоотой бусад бичлэг:
2010/06/26
Суурилсан системийн хямдхан хавтан
Оюутан байхдаа Үйлдлийн системийн практик хэмээх нэгэн хичээл дээр сууж Motorola 68000 процессортой суурилсан систем (embedded system) програмчлах болов оо. Process scheduler өөрөө зохиох, GPIO (процессорын оролт гаралт) програмчлах гэх мэт зүйл хийх ёстой байлаа. Эхний өдөр яаж том төмөр дээр бичсэн код маань сериал портоор дамжиж суурилсан систем дээр хуулагдаж ажиллаад байгааг ойлгодоггүй, тэгээд суурилсан систем тун сонирхолтой санагдсан тул орой нь гэртээ очоод нэг гэрэлтдэг диод олж аваад сериал портын үзүүр дээр залгаж үзэв. RS232 сериал портын үзүүр -12 болон +12 вольтын хооронд хэлбэлзэж мэдээлэл дамжуулдаг тул юу гэж гэрэлтэх вэ дээ. (Уг нь параллель порт дээр залгасан бол асах байсан хэхэ) Үүнээс хойш суурилсан систем, тэр тусмаа микроконтроллер програмчлал сонирхох болсон билээ. Тухайн үед микроконтроллер програмчлалын/туршилтын хавтан их үнэтэй, над шиг шалдан оюутан худалдан авч чадахааргүй байв. 2005 онд сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний ажилтан болсны дараа анхны цалингаараа Atmel STK500 гэдэг AVR микроконтроллер програмчлагч хавтан 100 еврогоор авч байж билээ. Тэр үеийг бодвол одоо микроконтроллер програмчлая гэвэл хямдхан хавтан байдаг болжээ. Хэрвээ суурилсан систем сонирхдог боловч их хэмжээний мөнгө зарах сонирхолгүй/чадалгүй хүмүүс байвал хэрэг болох болов уу гээд зарим нэгийг нь сонирхуулахаар шийдлээ:
MSP430 LaunchPad
Texas Instruments компани MSP430 хэмээх 16 битийн микроконтроллероо рекламдаж MSP430 LaunchPad гэж туршилтын хавтан хийжээ. 4.30$ -ын үнэтэй (2 пивоны үнэ гэсэн үг). 2 ширхэг микроконтроллер дагалдаж ирнэ. Shipping cost нь буюу тээвэрлэх хөлс нь үнэгүй гэж байгаа.
STM8S Discovery
STMicroelectronics компани STM8S хэмээх 8 битийн микроконтроллероо рекламдаж 10$ -ын үнэтэй STM8S Discovery гэдэг програмчлалын туршилтын хавтан хийжээ.

AVR Butterfly
Atmel компани AVR хэмээх 8 битийн микроконтроллероо рекламдаж AVR Butterfly хэмээх 20$ -ын үнэтэй туршилтын хавтан хийжээ. Эхний хоёр хавтантай харьцуулбал төрөл бүрийн мэдрэгч, LC дэлгэц болон speaker агуулсан учир юм гагнах дургүй хүмүүст хамгийн тохиромжтой. AVR микроконтроллер нь сонирхогчдын дунд хамгийн их тархсан микроконтроллеруудын нэг тул жишээ программ элбэг олддог.

2010/06/10
Сериал портоор файл солилцох
Сүүлийн хэдэн хоног хамаг цагаа оцон шувуу үйлдлийн системтэй Artila PAC-5010 хэмээх ARM9 эмбэддэд хавтантай ноцолдож өнгөрөөв. Сэриал портоор (монголчууд COM порт гэж яриад заншсан болохоос биш жинхэнэ нэр нь UART/RS232 юм) холбогдоод шууд бүрхүүл рүү нь хандаж болдог аж. Ингэж холбогдон хавтангаа тохируулах явцад өөрийн төмрөөс хэдэн ширхэг файл хавтан уруугаа хуулах хэрэгтэй болов. Энэ тохиолдолд хамгийн амархан арга нь хавтангаа сүлжээнд холбоод FTP/SSH ашиглан хуулах юм. Харамсалтай нь ойр хавьд илүү switch байгаагүй тул сэриал портоор файлаа зөөхөөс өөр аргагүйд хүрэв. Ингээд Гүүгл ахаас асуугаад kermit гэж програм байдгийг мэдэж авлаа. Энэ програмыг 80 аад оны дундуур хоорондоо хол орших төмрүүдийг утасны сүлжээ ашиглан модемоор холбож хоорондоо файл солилцоход ашигладаг байжээ. Одоо бол эмбэддэд систэм уруу сэриал портоор файл солилцоход л ашигладаг юм байна. За ингээд kermit ашиглан хэрхэн файл хуулах талаар бичье: Эхлээд хэрэглэгчийн үндсэн хавтас дотор (эмбэддэд хавтан болон өөрийн төмөр дээр тус тус) .kermrc файл үүсгээд доорх текстийг хуулаад хадгалаарай.
set line /dev/ttyS0 set speed 115200 set carrier-watch off set handshake none set flow-control none robust set file type bin set file name lit set rec pack 1000 set send pack 1000 set window 5Эхний мөр нь ямар сэриал порт ашиглан холбогдох вэ гэдгийг заана. Би эмбэддэд хавтан дээрээ /dev/ttyS0 ыг харин төмөр дээрээ USB2Serial хувиргагч ашигласан тул /dev/ttyUSB0 гэж тус тус бичсэн. Бусад мөрүүдийг өөрчлөх хэрэггүй. Эмбэддэд хавтангийн бүрхүүл дээр kermit -r гэж бичсэний дараа KERMIT READY TO RECEIVE... гэж гарч ирэнгүүт тэрминал программаа хаагаарай (тэрминал программаа хаахгүй бол сэриал порт чинь чөлөөлөгдөхгүй). Одоо төмөр дээрээ kermit -s filename гэж бичвэл файл тань хавтан руу хуулагдаж эхэлнэ.