2012/08/23

Ардын ухаан - Тогоо

Өнгөрсөн зун хамаатан саднуудаараа айлчилж ярьж хөөрөх үед нагац ахын нэгэн яриа өнөөдөр гэнэт санаад орж энд буулгахаар шийдэв. Хэдхэн жилийн өмнө зуны нэгэн үдэш нагац ахынд хотоос айлчилж ирсэн ах дүү нарын хүүхдүүд мөн хөгшин ээж бүгдээрээ унтахаар зэхэж байх үед гэнэт тэнгэр харанхуйлж аадар бороо орж эхэлжээ. Гадаа зүйлсээс хураахыг нь хураагаад, мал сүргээ хашихыг нь хашиж аваад "одоо юу л болов гэж" хэмээн бодож суутал бороо улам ширүүсээд ирэв. Ингээд хаяагаар ус шүүрч орж ирэхэд ах гарч гэрээ тойруулан шуудуу ухах гэж оролджээ. Гэвч хэтэрхий оройтсон байв. Усны түрэлт хүчтэй болоод ирэнгүүт ах гэртээ орж ирээд тэнд байгаа хүүхэд хөгшдийг хараад дотроо "ингээд амьтан ах дүүсийн амины өрөнд орох нь дээ" гэж айсан гэдэг. Ах сандарч тэвдээд ирэнгүүт гэрт байгаа хүмүүсийн байдал ч гэсэн ноцтой болж ирэв. Хаяагаар орж ирж байгаа усны хэмжээгээр ямархуу их түрэлт ирж байгаад анзаарсан байсных "хэзээ ингээд бүгдээрээ урсах бол" гэж бодсон хэмээн ярьж билээ. Энэ бүх сандрал айдас дунд амандаа маань бувтнаж байсан хөгшин ээж гэнэт ухасхийж зуухан дээр байсан тогоог авч гарсан гэдэг. Энэ хэсгийг ярьж байхад нагац ахын нүд нь гэрэлтэж байв. Хөгшин ээж азаар тэнд байгаагүй бол марташгүй муухай юм болох байж. Тогоог гэрээс хоёр метр орчим зайд хөмрүүлээд тавингуут түргэн урсгалтай уруйн ус салаалаад гэрийн хоёр хажуугаар өнгөрч байлаа.

Гайхамшигтай! Миний мэдэхийн хөөдсөн гадаргуу дээр юм тогтдоггүй нордоггүй шиг санагдах юм. Одоо бодоод байхад хөөтэй тогоог хөмрүүлээд тавингуут төгс салаалагч бүтэж байгаа юм шиг. Наалдаж бөөгнөрүүлэхгүй, хөмрүүлж тавьсан тохиолдолд хүчтэй түрэхэд доторх агаартаа хөхөгдөж амархан түрэгдэхгүй гэх мэт. Тогоо гэгч энэ эд аманд хоол залгуулахаас гадна амь авардаг юм байжээ :)

2012/08/05

Нум эвшээлгэх

Бас нэгэн жижиг болсон явдал. Энэ дөрвөн сард байна уу даа, эндэхийн нэгэн жижиг тосгонд дундад зууны үеэр хувцаслаж нум сум харвадаг баяр жилд хоёр удаа зохиодог юм байна. Монголд байнга очдог нэг найз маань монгол нумтай бөгөөд намайг өмнө нь хоёр удаа оролцохыг урихад нь яагаад ч юм зав тааралгүй алгасаж байгаад энэ жил санаа зовж заавал оролцоно гэж амлаад оролцов. Багадаа яармагт туулын бургасаар сатуркдсан юмаар (хавчаахай?) харваж, хөрөөний бариул хэсгийг тайрч сүх хийгээд Яношекдэж байснаас өөр ид шидгүй байж чадна гээд л дайрна биз дээ. За тэгээд л буугаад тойрсон олон руу мэндлээд л ороод явчихав аа. Баахан дээр үеийн хувцастай, хүнд урт сэлэм зүүсэн эр, эм, хүүхдүүд байна. Гурван янзын нум байлаа. Европ, монгол, солонгос төрлийн нумнууд байв. Оролцогсдын нэрийг самбарт жагсаагаад дөрвөн төрлөөр харваад эхэлцгээчихэж. Ердийн байт харваа, дөрвөлжин шатрын хөлөг шиг төрөл бүрийн өнгөтэй бай (зарим өнгөтэй дөрвөлжин дээр оновол оноо нь хасагдана), бүргэдийн чихмэл, хөдөлгөөнт байг харваж оносон оноогоор нь жагсаагаад цом гардуулдаг гэнэ. Урьсан найз маань ч бид нартай хамт сүүлдэж ирсэн болохоор тоноглож аваад л шуурхай харваж дуусаад намайг харва гэвээ. За ингээд онигооны хэсэг эхэлж байна. Найз намайг яаж ярьсан юм бүү мэд, монгол хүн ирж харвана гэх дуулианаар урьд жилүүдэд цом авсан хүмүүс нь жаахан чичирсэн байсан юм байж. Би ч найзын надад сунгасан өөрийнх нь нумыг нь гартаа атгаж аваад л ямархуу хүч орохыг нь дор нь танив. Нумыг татах жингээр нь ярьдаг юм байна. Хүүхдийн нум жишээ нь 30 lbs буюу 15 кг орчимоос эхэлдэг юм байна. Анхан суралцаж байгаа нөхдүүд бол 50 lbs буюу 25 кг-н татах хүчтэй нумаар эхэлдэг гэнэ. Нөхрийн нум харин "дөнгөж" 80 lbs буюу 40 кг-нх байсныг сүүлд асууж мэдсэн юм :) За тэгээд харваж байгаа шинэ хүн болгонд тусалж зөвлөж байх үүрэгтэй нөхөр намайг яаж харвахыг ажиглах гэж хэсэг сонжиж байснаа "за жинхэнэ монголоороо харвах юм байгаа биз дээ?" гэж асуув. Би тэгэхээр нь "үнэнийг хэлэхэд монгол нумаараа харваж үзээгүй ээ" гэлээ. Эндээс л чих минь улайсан байж магадгүй гэж одоо би боддог. Бургасан хавчаахайгаар би сумаа баруун талдаа буюу монгол байрлалаар тавьдаг ч гэсэн долоовор дунд хурууны өндөгөөр татдаг нь европ таталт гэдгийг энд л ойлговоо. Наадмын сур харваж байгаа хүмүүсийн зураг хардаг байсан мөртлөө яг тэгж татаж үзээгүй хүнд анх удаагаа эвлэдэггүй юм байна. Сурсанаараа хоёр хуруугаараа татах гэсэн чинь "ээ би монгол хүнд монгол нум татахыг зааж өгнө гэж ерөөсөө зүүдлээгүй юм байна" гэж өнөөх нөхөр уулга алдав. За эндээс л миний нүүр хүрэнтсэн байх гэж би одоо боддог. Эхний сумаа харвангуут хөвч нь шуун дээр хэрчиж байгаа юм шиг л тасхийлгэдэг юм байна. Эхний ээлжиндээ харваж дуусгачихаад хүмүүсийн нүд хариулж байгаад ханцуйгаа жаахан шамлаад харсан чинь шавхуурдаад байсан газарт нь шагайн чинээ хавдчихаж. Толгойд ердөө л "аахаан, ингэдэг юм бий вий" л гэсэн юм орж ирдэг юм байна лээ. Тэгэхэд л бүх хүмүүсийн шууг хамгаалсан ширэн бээлийг анзаарав. За тэгээд л тавьсан сумнууд байшин даваад явчихаваа. Бага залуугийн жаахан бяр гарт байсных л байх, татахад хүндрэлгүй татаж байнаа, онохдоо бол тэнээд л байв. Нөхөр өөрөө булиа эр болохоор яалт ч үгүй тийм хатуу нум хэрэглэдэг юм байна. Бусад нь тэрүүгээр нь харвахыг хүсдэггүй, зөөлөн оночтой европ нумаараа л харваад байв. Би ч ичсэн, шаралхсан даа болоод нөхрийн нумаар л буудаад байваа. Ашгүй хоёрдугаар үеийн шатрын хөлөг шиг байн дээр зарим сайн харвадагууд нь хасах оноотой дөрвөлжин дээр онож, би азаар ганцхан байдаг хамгийн дээд оноо 100 оноотой дөрвөлжин дээр нь онож нэг юм нэрээ аврах шив дээ. "Тэгж байгаад харвавал харвасан шиг харвах нь уу даа?" гэж өнөөх эр тоглож асууж байна. Би дотроо бол "Ёооё ..." гэсэн л уулгатай байлаа. Европ таталтаар хоёр хуруугаа зэрэг тавихгүй бол дараалж тавьсан тохиолдолд сүүлд тавигдаж байгаа хуруу нь чичиргээнд маш хүчтэй шавхуурдуулж мэдээ алддаг юм байна. Ингээд нэг сар гаран дунд хурууны өндөг мэдрэлгүй болсон юм даг.

За онигооны хэсгээс бушуухан холдоё. Бодох тусам бүр чих улайгаад уур хүрээд байдаг юм. Ингээд монголоос нум сум захиулж авчрая гэж эхлээд бодов. Тэгээд ер нь интернэтээр жаахан судлаваа. Манж нум, солонгос нум, япон нум, европ нум, монгол нум, унгар нум гээд л. Энд нэлээн дэлгэрэнгүй бий. За тэгээд л энэ бас энэ бичлэгүүдийг хараад өөрийн эрхгүй харвах хүсэл төрдөг юм байна. Та бүхэн энэ Лондонд болж байгаа олимпоос нум сумаар солонгосчууд яаж харвахыг харсан л байлгүй дээ. Солонгосын нэгэн хөгшин цэргийн ярилцлагыг олж уншив (одоо холбоосыг нь эргээд санадаггүй). Айхтар хөгшин ч биш юмаа бас. Хамгийн сонирхолтой нь солонгосын эр цэргийн албанд нум сум харвах нь заавал хийх ёстой зүйлд ордог юм байна. Тэрнээс гадна солонгос цэргүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсээс ихэнх нь нум сум харвацгаадаг гэж мэдлээ. Чингисийн монгол, хавт Хасарын харваа гээд л том том яриад байдаг хэрнээ бид чинь гээд л дотор бас айхтар хор шар уур буцалж байнаа бас. Зөндөө юм ухаж үзээд дараах дүгнэлтэнд хүрэв. Европ нум бол үнэхээр монгол нумын дэргэд юу ч биш юм байна. Хүүхдийн тоглоом. Манж болон япон нумнууд тогтмол зайнаас хол харвахад зориулсан нүсэр том эд байдаг юм байна. Солонгос болон унгар нум л үнэхээр монгол нумтай ижил зарчмаар ажилладаг юм байна. Монгол нуманд гэхдээ хурдыг нь ихэсгэдэг бас тусгай арга байдаг юм байна. Монгол нум байгаагүй бол Airbus ч бүтэхгүй байх байсан гээд нэвтрүүлэг бас бий. Гэвч монголд байгаа нумнууд бас хөөрхөн үнэтэй юм. 400 доллараас эхэлдэг бололтой. Эхний ээлжинд солонгос нум захиж бэлтгэл хийхээр шийдэв. Удаан хайж байж эндэхийн нэг спорт талбай дээр холын харайлт хийдэг элсэн талбайн өмнөх нь байгаа тавьж байгаад харвах юм бол болох юм байна гэж бодлоо. За тэгээд барилгын дэлгүүрээс бай хийх хөөсөнцөр, байны тавиур хийх юм болов. Байныхаа тавиураа эхний удаад жаахан том, өргөн юм дуурайж хийж машиндаа чихэх гэж хойд хоёр суудлаа нугалахгүй бол болохгүй болохоор болгосон юм. За тэгээд дүү хүүгийн "угсардаг жижиг болговол" гэсэн өгүүлбэрээс санаа авч хийсэн тавиураа зөөврийн жижиг болгож суудал буулгахааргүйгээр зөөхөд амар болговоо. Олимпийн харвах зай 70 метр, миний бэлддэг зай 30 метр, тосгоны харвадаг зай 20 метр. Манай ерөнхийлөгч энэ наадмаар яаж харвасныг мэдэх л байлгүй дээ. Энд ерөнхийлөгчид буруу өгөхөөс илүү улс төрийн албанд ажиллаж байгаа тэр зөвлөх ажилчид бас буруутай юм. Ерөнхийлөгч бүхнийг мэдэх, чадах алба үгүй. Тэр болгоныг зөв зүйтэй өнгөрөөх ёстой хүмүүс нь түшмэд. За за, хадуурч байна. Ер нь харвах бүр, бас онох бүр гоё содон сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Нэг л гоё! Ингээд угсардаг байныхаа тавиурын зургийг үзүүлье.