2012/07/29

Усгүй талд цусгүй тулаан - 2

Өмнө дурдаж байсан оролдоогүй оролдлого 3-г оролдож үзэв. Заасан зааврын дагуу хийсэн бөгөөд цэвэрхэн бэлдсэн тэгш дөрвөлжин модны оронд лего тоглоомоор 5.6 см зай авагч бэлдэж байгаад хийлээ. Зарцуулсан хугацаа гурван цаг. Сэтгэл ханамж гурван зуун хувь! :)







2012/07/20

Өөрсдөө хийцгээе!

Энэ хуудсанд байгаа гучин нэгэн төрлийн юмханаар юм хийчих заавруудаас хамгийн түрүүнд байгааг нь зүгээр суухаар гэж бодоод оролдож үзэв :) Permanent буюу удаан тогтдог бэхтэй үзгээр арчиж хуурай болгосон аяган дээрээ бичиж юмуу зурж бэлдээд 30 минут 350 хэмийн зууханд байлгаад л өөрийн гэсэн зураглалтай аягтай болох нь тэр дээ. Манай зуух 250 хүртэл халдаг бөгөөд бас болдог л юм байна. Ингээд өөрсдөө хийцгээж үзэхийг уриалж байна :). Зүүн гар талын аяган дээр бичсэн үзэг нь зузаан хошуутай байснаас гоё болж чадсангүй. Баруун тал дээрх нь болохоор бөөрөнхий гадаргуу дээр хичээх тусам салгалаад бас олигтой болсонгүй ээ, гэхдээ яахав дараа өөр аяган дээр сайжруулнаа.

Залруулга: Уншигчдын гярхай нүд миний будилж бичсэн америкт өргөн хэрэглэгддэг дулааны хэмжүүр болох 350 F (Fahrenheit) -г Celcius руу хувиргалгүй шууд 350 хэм гэж бичсэнийг 176 Celcius болж байгааг залруулан уншина уу. Тийм болохоор зуухныхаа халууныг 150-200 хэмийн халуун байлгахад бүрэн хангалттай.


2012/07/16

Загас утлага

Ажлын маань нэг нөхрийн эдлэн газар том бөгөөд тэндээ бараг жижиг хөл бөмбөгийн танхим болгочихоор том амбаартаа найз нөхдүүдтэйгээ арга хэмжээг их явуулна. Өвөл зуны сэлгэдэг машин, жижиг моторт завь, мотоцикл багтаад цаана нь гуч дөчин хүн ширээ засаад элбэг найрлаж болдог сайхан газар бий. Хийх юмаа хийчихсэн, ажил амьдралаа сайхан зохицуулчихсан тийм хүнийг харахад өөрийн эрхгүй цагаан атаархал төрдөг юм. За тэр ч яахав. Гол сэдэв маань тэр нөхрийн утсан загас. Зөв утсан загас алтан шар өнгөтэй харагддаг бөгөөд амт чанарын хувьд ярих юм биш. Утдаг зуух гээд юүтүб дээр хайвал бас зөндөө хувилбар олдоно. Нөхрийн зуух ч гэсэн тийм сүртэй хийсэн эд биш. Энгийн төмөр хавтанг үдэж болгосон л хайрцаг байдаг юм. Ингээд ийм хайрцаг бэлдэж өөрөө утдаг болмоор санагдлаа.

Энд байдаг монгол дүү хүүтэй нийлж барилгын дэлгүүрээр хэсэн, байгаа материалуудыг шилж сонгосоор дараах материалуудыг цуглуулж бэлдэв. Хайрцагны хэмжээгээ 60х100х40 см гэсэн хэмжээтэйгээр төлөвлөсөн болохоор 60х100 хэмжээтэй хавтан төмрөөс тавыг аваад булан зангидах өнцөгтэй төмрөөс хэдийг авч гараагаа эхэлцгээв.



Уул нь наадмаар бэлэн болгож загас утдаг баатар болох гэсэн ч ажлын завсраар болохоор олигтой урагшилсангүй. Гэвч нэг биш хоёр хүний гар толгой оролцсон юм болохоор түргэн бэлэн боллоо.








Ажлын нөхрийн зөвлөсний дагуу хоосон хоёр удаа гал түлж төмрийн давхрагыг утаагаар дарж авдаг юм байна. Тэрнээс хойш хэзээ ч доторхыг нь цэвэрлэдэггүй юм гэнэ. Боомт дээр байдаг загас утлагын зуухнууд яагаад тийм утаа тортогтой байгаад байдгийг сая ойлгов.





Ингээд Forella (хулд загас), Saibling гэсэн хоёр загаснаас туршилтын журмаар дөрвөн ширхэгийг авч өнөөх мастерийн зөвлөгөөгөөр усаар цэвэрлэж угаагаад давс перц түрхэж хөргөгчинд нэг хонуулав. Маргааш нь загасаа дахин усаар угааж ус шингээдэг алчуураар дотор гадаргүй арчиж усыг нь авдаг юм байна. Ингээд зуухаа Buche (эвэрлэг мод) гэсэн модоор галдаж загасаа шоронд хатгаж зөөлөрч бутрахаас сэргийлэн нарийн төмөр утсаар ороож, тэмтэрч үзэхэд хальс нь хатаж хуурай болох хүртэл нь хаалгыг нь онгойлгосон хэвээр утдаг юм байна.






Ингээд хальс хатсан бол хаалгыг нь хааж 60 хэмийн халуунтайгаар цаг гучаас хоёр цаг болгоход алтан шар өнгөтэй болсон бол зорилго бүтэх нь тэр дээ.
Бүр санаанд хүртэл алтан шар болоогүй ч амттай болох нь болсон л юм даг.




2012/07/04

Хамгийн цөөн тооны бичил схем (chip) болон код



Сайн hardware инженер болох Steve Wozniak шиг домог болсон инженерүүд болж өгвөл цөөн тооны бичил схем хэрэглэсэн дизайн хийдэг. Цөөн тооны бүтэцтэй байна гэдэг бол цөөнө тооны зардалтай бүтнэ гэдэг учраас хамгийн энгийн цөөн тооны тооцоолох схемтэй загвар бүтээхийг тэд хичээдэг.

Сайн software инженерүүдийн бичсэн код нь маш цөөн тооны мөр агуулсан байдаг. Цөөн тооны мөртэй байна гэдэг нь цөөн тооны төвөгтэй байдаг учраас дизайнаа болж өгвөл цөөн тооны кодоор бүтээхийг тэд хичээдэг. Цөөн код гэдэг бол ойлгохын тулд цөөхөн хүч зарцуулна гэсэн үг, асарч тордоход цөөхөн хүндрэл учрана гэсэн үг, өөрчлөлт хийхэд цөөхөн төвөг тулгарна гэсэн үг.

Ийм учраас ер нь инженерчлэлийн ертөнцөд цөөн зүйлээр юм бүтээнээ гэдэг нь цөөн тооны хүч болон төвөгтэй болноо гэсэн хариу дээр буудаг юм. Бичил схем ч бай програм ч бай, хамгийн цөөн тоогоор хийнэ гэдэг нь хялбарчлах буюу KISS зарчимд хүрэх хамгийн чухал арга билээ. Ихэнх систем хэрэв төвөг багатайгаар хялбарчилж чадсан бол хамгийн үр дүнтэй ажиллах болно гэж KISS зарчим тодорхойлдог. Ийм учраас дизайн хийх үед шаардлаггүй төвөгтэй шийдлээс зайлсхийлэн хялбарчлах аргыг зорилгоо болгох хэрэгтэй.

Муу орчуулагчийн өчил:
Эх нийтлэлийг нь та эндээс харна уу. Эх хэлэнд маань нэг үгийг олон янзаар илэрхийлж чаддагийг мэдэж байгаа хэрнээ зориуд "цөөн" гэж хэрэглэснийг минь ойлгож өршөөгөөрэй :)

2012/07/02

Дөрвөн бэрх

Гэртээ шагайгаар тоглож байгаад нэг санаа төрөв. Төрөв ч гэж дээ, дөрвөн бэрх буусан хэлбэртэйгээр нь түлхүүрний оосор хийчихэе гэж бодов. Ингээд барилгын материалын дэлгүүрээр баахан хэсэж хэрхэн түлхүүрний оосор болгох вэ гэж бодож баахан арга хайж оролдовоо. Нүхлээд наачихвал, цутгаад хатаачихвал, нүхэлж хадаасаар сүвлээд үзүүрий нь нугалчихвал, хоёр талаас нь таглаад боочихвол гээд л баахан бодож байгаад дараах шийдэлд хүрэв. Дөрвөн миллиметрийн зузаантай боолтоор боож болдог нарийн төмөр нэг метр нь нэг евро гэснийг аваад, түүнийг боож болдог боолт, тагласан бас нэг боолт зэргийг авав. Шагайгаа нүхэлж сүвлээд, сүвлэсэн төмрөө тайрч тааруулав. Сантеметр хавьцааны зай гаргаж давтаад нүхэлж бэлдсэн нь дараах зурган дээрх шиг боллоо.


За ингээд бэлэн болсон түлхүүрнийхээ оосорыг харуулъя.


Энэ түлхүүрний оосорт дөрвөн бэрх шинж чанар бий :) Нэгдүгээрх нь: Энэ дөрвөн бэрхийг аль ч талаар нь эргүүлсэн дөрвөн бэрхээрээ буусан мэт байрлалтай байх юм. Хоёрдугаарх нь: Сүүлийн тагласан боолтыг нь суллаж сугалаад дөрвөн шагайгаараа тоглож болно. Гуравдугаарх нь: Нүхэлж давтсан хэсгийг нь хасах зураастай боолтыг суллах юмуу чангалахад хэрэглэж болно. Дөрөвдүгээрх нь: Энэ бол хамгийн хүчтэй шинж чанар юм. Яагаад гэвэл хоёрдугаар дайны үед оросын цэрэгт тусламж болгож илгээж байсан малын махнаас үлдсэн шагайг нэгэн цэрэг долоо хоног хүлхдэг байв гэж дурдатгал бичсэн байсныг арван жилийн сурагч байхдаа уншиж байж билээ. Муу ёрлохгүй ч, хэрэв тулгарвал сарынхаа хүнстэйгээ л байгаа юм байна :)