2011/01/30

Андройдтой гар утас дэмий (3)

Өнгөрсөн долоо хоногт ажлаас гар утас өгье, Samsung Galaxy S, HTC Desire HD хоёроос аль нэгийг нь сонгоод ав гэв. Нөгөө Самсунг битгий аваарай гэж орилоод байсан нөхөр чинь хаширдаггүй, Galaxy-г нь авъя гэлээ. AMOLED дэлгэцтэй, дэлхий даяар 10 сая ширхэг зарагдсан мөн Google Nexus S-тэй ижил hardware-тай болохоор нь дажгүй байх гээд сонгосон хэрэг л дээ. Дэлгэц нь бол үнэхээрийн өөлөх аргагүй байв. Гоё зураг background picture болгоод хийчихсэн чинь өнгө энэ тэр нь хачин сайхан ялгарч харагдаад нүдээ салгамааргүй эд аж. Жаал оролдож сууж байгаад Google Map асаатал байгаа газрыг маань ердөө 100 метрийн нарийвчлалтай олж байх юм. Тэгэхээр нь GPS хиймэл дагуулуудыг олог гээд цонхны тавцан дээр тавьчхаад цагийн дараа хартал олоогүй л байв. Манай ажлын өрөө 14 давхарт, ойр хавьд өндөр байшин байхгүй уг нь олчихмоор л юм даа гэж гайхаад Гүүглдлээ. Өө тэгтэл нөгөө 10 сая ширхэг зарагдсан утасны GPS нь ноотой юм байна (Nexus S дээр засагдаж). Тэгэхээр нь утасныхаа тухай цааш нь хайтал бас нэг ийм файл системийн проблемтой юм байна. Засахын тулд заавал ч гүй утсаа rooting хийх аж. Ажлын утас хамаагүй оролдож болохгүй тул тэгсхийгээд сэтгэл дундуур орхив. Энэ Андройд утаснууд байгаагаар нь ашиглаж болдоггүй дандаа нэг проблемтой сонин золигууд байна. Ер нь Андройд утас авах гэж байгаа бол болж л өгвөл Гүүглийн Nexus болохгүй бол HTC-ын гар утас авбал зүгээр байх. Бусад нь бол шал дэмий. Би лав дараачийн удаа Ифон л авнаа...

2011/01/26

Андройдтой гар утас дэмий (2)

Самсунгийн хийсэн Андройд гар утас битгий аваарай, авбал гар утсанд чинь тохирсон шинэ Андройд хувилбарыг Самсунг гаргана гэж найдаад хэрэггүй шүү гэж хүмүүст сануулаад байсан чинь Самсунгаас долоон дор компаниуд цаана нь хэд хэд байдаг юм байна. Самсунгтай тохиолдолд ямар ч байсан утсандаа хувь хүмүүсийн нөхсөн Андройд суулгах боломжтой. Би хуучин Самсунг утсандаа эхлээд Galaxo (Андройд 1.6) дараа нь GAOSP (Андройд 2.2) суулгаад хэрэглэж байв. Мэдээж хувь хүн хийсэн хувилбарууд тул driver энэ тэр нь дутаад төгс ажиллаж чадахгүй л дээ. Гэхдээ анх миний гар утсан дээр сууж ирсэн Андройд 1.5 аас ямар ч байсан хамаагүй илүү байлаа. Тэгтэл та SonyEricson юм уу Motorola-гийн хийсэн Андройд гар утас худалдаж авсан бол ингэж хувь хүний нөхсөн Андройд суулгах ямар ч боломж байхгүй. Учир нь эдгээр компаниудын утаснууд signed bootloader ашигладаг. Bootloader нь суурьшуулсан системийн үйлдлийн системийг ачааллах, мөн шинэчлэх үүрэгтэй программ юм. Signed bootloader нь үйлдлийн систем шинэчлэхдээ шинэ суулгах гэж байгаа хувилбарыг зөв digital signature-тай байна уу гэж шалгаад таарч байвал суулгадаг bootloader. Уг нь Digital signature файлыг хэн үүсгэсэн гэдгийг тэмдэглэдэг, мөн ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэр файланд өөрчлөлт оруулагүй гэж батладаг эд л дээ. Digital signature үүсгэхийн тулд нууц болон нийтийн гэсэн хоёр түлхүүр байдаг. Нууц түлхүүрийг файлаа sign болох гэж байгаа этгээд (SonyEricson, Motorola) л мэднэ, харин нийтийн түлхүүрийг файлыг шалгах гэж байгаа бүх этгээтүүд мэднэ. Тэгэхээр гар утас signed bootloader-той тохиолдолд та тэр нууц түлхүүрийг нь мэдэхгүй л бол гар утасныхаа үйлдлийн системийг шинэчлэж чадахгүй гэсэн үг. Мэдээж хийсэн компаниуд нь шинэ Андройд гаргаад байвал энэ нэг их тоогоод байх зүйл биш л дээ. Тэгтэл SonyEricson болон Motorola аль аль нь хуучин утаснууддаа шинэ Андройд хувилбар гаргахгүй гээд зарлачихсан байгаа юм. Тэгэхээр та SonyEricson юм уу Motorola авсан бол хийсэн компаниудаас шинэ Андройд хувилбар хүлээгээд ч хэрэггүй, нөхсөн Андройд ч суулгах ч боломжгүй нэг ёсондоо хэрэггүй хог авчихлаа гэсэн үг. Андройдтой гар утаснууд дэмий юмаа... (Үргэлжлэл бий)

Андройдтой гар утас дэмий (1)

Жил хагасын өмнө шинэ гар утас худалдаж авахаар боллоо. Би ер нь болж өгвөл нээлттэй эхийн программ хангамж ашиглахыг боддог юм. Тийм учир Ифон авахгүй харин Андройттой гар утас авъя гэж шийдэв. Нээлттэй үйлдлийн систем юм чинь хамгийн шинэ хувилбарыг өөрөө компайлдаад хуулчихна, элдэв бусын юм дутвал өөрөө нөхчихнө гэж бодсон хэрэг. Тухайн үед ердөө гуравхан төрлийн гар утас худалдаанд байлаа: HTC Dream, HTC Magic болон Samsung Galaxy I7500. Бүгд Андройд 1.5 хувилбартай. Энэ хэдээс Самсунг нь дажгүй санагдсан тул гүйж очоод авчхав. Гар утсандаа эхлээд нэлээд сэтгэл хангалуун байлаа. Программууд нь крэйшдах, заримдаа гар утас гэнэт унтрах гэх мэт алдаа зөндөө байсан болов ч хэдхэн сарын дараа Андройд 1.6 гарах юм чинь тэрийг суулгачихвал засагдчих байх гээд тоосонгүй. Гүүгл ч удалгүй Андройд 1.6 хувилбараа гаргав. Самсунг тэрийг нь утсандаа тохируулаад удахгүй тараах байх гээд хүлээлээ. Хүлээж байх хооронд Самсунг шинэ Андройд хувилбартай гар утаснууд шинээр худалдаанд гаргаж байсан болов ч харин миний Galaxy I7500 д зориулсан Андройд 1.6 байдаггүй ээ. Худалч хүнд бүтэн жил өнгөрсний дараа Самсунг миний утсанд тохирсон Андройд 1.6 гаргав. Тэгтэл одоо Гүүглэ Андройд 2.0, 2.2, 2.3 гээд шинэ хувилбарууд гаргачихсан байдаг. Самсунг харин байдаггүй ээ. Самсунгийг хүлээж ядсан зарим нэг нөхдүүд өөрсдөө Андройд 2.2-ыг Galaxy I7500-д тааруулж нөхөж эхэлдэг юм байна. Тэрийг нь суулгаж аваад удаагүй байтал утас маань бороонд нороод эвдэрчхэв. Сүүлд нь бодоод байсан чинь Самсунг шинэ утас зарж байж л ашиг олно, харин хуучин утаснууддаа шинэ Андройд хувилбарыг тохируулж тараавал Самсунгд ямар ч ашиггүй учир тэгэхгүй байгаа аж. Өнөөдрийн ашгаа бодоод ирээдүйн хэрэглэгчээ алдсан дэндүү харалган бодлого юм даа. Тэгээд уур хүрээд хавь ойрын хүмүүст Самсунг гар утас битгий аваарай гэж баахан захилаа. (Үргэлжлэл бий)

2011/01/24

DSLR зургийн аппарат

Сүүлийн хэдэн жил (сонирхогчдын) DSLR зургийн аппаратын үнэ буураад хүн болгон л ийм аппараттай болж байх шиг байна. Манайх ч бас юу дутах вэ гээд хэдэн жилийн өмнө Canon EOS 400D худалдаж аваад тун удалгүй линзээр нь унагаад эвдэлчихлээ. Хүчтэй унасан болохоор линз, аппаратын их бие мөн спичк нь эвдэрчхэж. Барууны оронд электроникийн бараа засуулах, шинээр худалдаж авах хоёр бараг яалгаагүй тул зав гарвал өөрөө засна гэж бодож явсаар байтал өнгөрсөн намар Nikon 40dx бэлгэнд авав. Сар ч болоогүй байтал байтал бага хүү үймүүлж гүйгээд шинэ аппаратыг маань ширээн дээрээс татаад унагачихлаа. Бас л линзээрээ унаад линзийг нь зургийн аппараттай тогтоодог хуванцар нь хуга үсэрчхэж. Энэ удаа яаг өөрөө засдаг баатар болоод (Nikon сервис ийм эвдрэлийг 70 орчим еврогоор засдаг юм байна) 13 евроны үнэтэй солих эд ангийг нь эндээс захиалж авав. Ганц хуванцар цагираг хэдхэн минутын дотор солих байх гэж бодтол тийм биш аж. Өчнөөн шрүүп тайлж баахан юм задалсаар байгаад хагас цагийн дараа л дуусав. Ямар ч байсан ажиллаж байна. Хүчтэй унасан тохиолдолд заримдаа линз доторх шилэн линз нь хөдөлчхөөд фокус нь тохирохоо больчихдог юм байна. Миний линз харин тэгээгүй бололтой, баахан зураг авч үзлээ ямар ч байсан тийм юм анзаарагдсангүй. Над мэтийн DSLR ашиглаж мэддэггүй хүмүүс дараагийн удаа шинэ зургийн аппарат авбал жижигхэн компакт аппарат авсан нь дээр юм байна. Эвдрэл багатай, сенсор нь тоос болно гэсэн зовлонгүй, үнэтэй линз авах ч хэрэг байхгүй, хөнгөхөн гээд тоочоод байвал олон давуу талтай юм байна даа :)

2011/01/04

Нар тал хиртэв

Өнөөдөр өглөө 08:00 -аас 11:00 хүртэл Европт нар тал хиртэв. Харамсалтай нь Берлинд битүү үүлтэй, цас орж байсан тул сүртэй мэдэгдсэнгүй.