2011/06/22

ЧУЛУУНЫ ШӨЛ

1313 оны үед байсан юм санж… Зүүн европын нэгэн мужид байдаг жижигхэн тосгоныхон сүүлд мартахын арга үгүй хүйтэн ширүүн өвлийг туулж гэнэ. Цас бодож байснаас түрүүлж орсон учраас ургацаа бас алдсан байв. Идэх уух зүйлс ховордсон нь тосгоны томчуулын сэтгэлийг зовоох болсон бөгөөд цас хайлах хүртэл тэсэж чадах уу гэдэгтээ эргэлзэж байжээ. Нэгэн өглөө тэр тосгонд аяны богцондоо нэг чулуунаас өөр юмгүй ихэд өлссөн бадарчин ирлээ. "Миний гарт байгаа энэ чулуу бол шидэт чулуу. Энэ чулуу та бүгдэд нь хүрэлцэхээр амттай шөл хийж чаддаг юм. Миний та нараас хүсэх ганцхан зүйл бол - чулууг шөл хийж дуусахаар хамтдаа сууж ууцгаая" хэмээн тосгоны төвд зогсож чулуугаа гартаа атган дээр өргөж чангаар дахин дахин дуудлаа. Шидэт чулууг тойрсон хүмүүс цугларахад нэг их цаг орсонгүй. "Яаж болгох юм бол?" гэсэн асуулт бараг хүн болгоноос гарч гэнэ. "Их амархан. Миний хийх зүйл бол ердөө энэ чулууг хорин минут чанахад л бүгдэд маань хүрэлцэхээр амтат шөл болдог юм" гэж бадарчин хариулав. "Бидэнд тэгвэл тосгонд байдаг хамгийн том тогоо хэрэгтэй юм байна" хэмээн тосгоны нэг нь хэлэхэд "бас цэнгэг уснаас ахиухан" гэж нөгөө нь залгуулж, "мөн хүрэлцэхээр хуурай модноос авчрах хэрэгтэй" гэж гурав дахь нь дуугарав. Тун удалгүй тосгоныхон шидэт чулууны шөлний амтыг үзэхээр шамдан хөдөлцгөөж эхлэв. Ус буцлаад ирэх үесд бадарчин өнөөх чулууг тогоо руу хийлээ. Хагас цагийн дараа бадарчин шөл болсныг мэдэгдээд тосгоны хамгийн хүндэт хөгшнөөс амт чанарыг нь эхэлж шалгахыг хүсэв. "Хм, арай л шингэвтэр байна" хэмээн тосгоны ахмад хэлэхэд "Та юу нэмэрлэхийг санал болгомоор байна? Давс уу эсвэл чинжүү юу?" хэмээн бадарчин угсруулан асуулаа. Тосгоны зарим нь хоол амтлагч авчрахаар ухасхийв. Хоолны амтыг нэмж сайжруулахаар зарим нь бага сага ногоо авчирлаа. "Амт нь дээрдсэн байна. Магадгүй жаахан сонгино болон байцаа хийчихвэл илүү болох юм шиг байна" хэмээн дараагийн амталж үзсэн ховдог байрын нөхөр хэлэхэд тосгоныхноос нэг нь харайн гүйж хэдхэн цагийн өмнө энэ өвлийг үүгээр яаж давна даа хэмээн цөхрөн харж сууж байсан ногоогоо бариад ирлээ. Ингээд бүгдийг тогоо руугаа хийж чанасны дараа бадарчин өөрөө амталж үзэхээр болов. "Шөлний орцыг нэмэхийн тулд жаахан мах, мөн гурилаар шөлөө жаахан өтгөн болгох үлджээ" хэмээн шаардан хийж болгоод дахин амсан шөл болсныг дахин мэдэгдлээ. Бүгдээрээ шөлнөөс цадталаа ууцгааж амьдралдаа ийм амттай шөл ууж байгаагүй гэдэгтэй цөм санал нийлцгээв.

Энэ явдлаас хойш тосгоныхон "Чулууны шөл"-ний түүхийг үргэлж дуртайяа ярьдаг болсон бөгөөд цаг хугацааны туршид түүхээ ярих тоолонд бага зэрэг өөрчлөгдөж байв. Гэхдээ түүх бүрийн эцсийн үр дүн нь бүгд адилхан. Тэр цагаас хойш тосгоныхон урт хугацааны өвөл бүр бүгдээрээ идэх хоолоор элбэг дэлбэг байцгаах болжээ. Мэдээж тосгоны хүмүүсд тэр чулуунд ямар ч ид шид байхгүй нь тодорхой болсон ч харин өнөөх бадарчин тэдэнд, бүгдээрээ цуглан нэгдэх, байгаа нөөцөө хамтдаа хэрэглэх чухал шаардлага бий болжээ гэсэн амин чухал зүйлийг сануулж чадсаныг ойлгоцгоожээ.