2011/02/06

Цагаан сар ба хар хөлс

Сайхан шинэлцгээж байгаа биз дээ миний монголын ард түмэн. Өнгөрсөн жил үхэр мэт удаан байсан бол энэ жил туулай мэт түргэн болж өөрчлөгдөхийг хичээж сууна :) Ингээд энэ цагаан сарыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлснээ товч тийрлэмээр санагдлаа.

Хүний газар байгаа ч гэсэн монгол заншлаар энд байгаа монголчуудтайгаа цагаан сарыг бид амихандаа жижигхэн ч зугаатай тэмдэглэцгээдэг. Танил герман нөхдүүд нийлээд арав гаран хүмүүс болж хөөрцгөөдөг юм. Гэргий маань монголоос захиж авчруулсан еэвэнгийн хэвээр эндээ еэвэн хийж би таваг засна. Битүүний орой бүгд манайд цуглараад бууз идэж, шагай няслаж, төгсгөлд нь морь уралдуулж наадаж өнгөрөөнө. Шинийн нэгэнд нь хүүхдүүд дахин ирж золгож цай хоол идэж тоглож наадсаар тэр өдрийг өнгөрөөдөг юм. Энэ жил бас л энэ заншлаараа өнгөрөөсөн ч хэд хэдэн жижигхэн өөрчлөлт байв.

Өнгөрсөн жилийн цагаан сараар би анх удаа ул боовны хэв зорж ул боов хийж үзэв. Амт чанарыг нь гэргий хариуцаж, хэлбэр галбирийг нь би дааж авлаа. Яагаад ул боов хийх болов гэдэг шалтгаан маань тун энгийн. Хүн гэдэг амьтан сонсож үзээгүй бол хэрхэн мэдэх билээ. Энд буй нийтлэлийг хэрэв би өмнө нь уншсан бол хэзээ ч вэвэн хийж өрөхгүй байх байсан. Ингээд хар гэртээ хаан, бор гэртээ богд болж "үүнээс цааш энэ гэрт вэвэн бүү тавь!" хэмээн зарлиг гаргаваа. Ул боов хийж байсан туршлага байхгүй ч багадаа мод түлээ хагалан энэ тэрүүгээр гүйж байхдаа өвгөн аавын гэрт уригдан ирж ул боов хийж байсан хүний царай дүрсийг нь санахгүй ч ул боовны хэв, хийж буй дүр зураг бүдэг бадаг тархинд байсан тул хийж туршихаар шийдэв. За ингээд дараах маягаар бужигнаваа.

  • Эхлээд гүйж гараад дэлгүүрээс сийлбэрийн хутга авав.
  • Юүтүбээс сийлбэрлэдэг нөхдүүдийн бичлэгийг баахан харав.
  • Inkscape програм дээр үндсэн загвараа зурав.
  • Зурсан зургаа лазер хэвлэгчээр хэвлэж авав.
  • Модны дэлгүүрээс дөрвөлжин модны тайрдас худалдаж авав.
  • Модон дээрээ хэвлэсэн цаасныхаа хорыг нь харуулж байгаад дээрээс халуун индүүгээр дарав.
  • Модон дээр буусан хар хороо дагуулан сийлэв.
  • Гэргийн тос амтлагч хольсон гурилыг махны машинаар хоёр машиндав.
  • Хэвэн дээрээ гурилаа дарж боовоо бэлдээд халуун зууханд хагас цаг болгов.

Ингээд ул боовоороо гурван давхар тавгийн идээ засаж, голд нь хайлмаг хийж тавьж чихэр жимсээр бүрэн хэсэг додигор суулаа шүү дээ :) Сийлэх явц бол надад гурав байна уу дөрвөн цаг л болсон санагдаж байна. Гэхдээ гурав хоног хүзүү чилж байсан санагдаж байна.

Энэ зураг бол шинийн дөрвөний зураг юм. Таваар гурав эгнүүлэх байсныг дөрвөөр гурав эгнүүлж алдсан алдаа бий. Энд байгаа бүх монголчууд маань шинийн нэгэндээ бүгд уулзчихсан болохоор ингэсгээд тавгийн идээгээ хураая даа гэж ярилцаж байхдаа зургийг нь авч тэрлэх санаа төрсөн билээ. Баруун захад нь байгаа хэв бол вэвэнгийн хэв. Голдоо түмэн наст хээтэй болохоор харсан герман хүмүүс эхлээд их гайхна. Би тэгэхээр нь "наадах чинь цэвэр нацист боов шүү" гэж наргидаг байв. Энэ жил ул боовныхоо хэмжээг нь томруулж хээ хуарыг нь шинээр хийе гэж бодсон ч амжаагүй юм. Байгаа хот маань боомт хот болохоор ул боов маань голдоо зангуутай эргэн тойронд нь усны долгион дүрсэлж хийсэн орон нутгийн сэдэвт боов юм :). Гэхдээ дараа жил би өөр боов хийх бодол бий. Санаагаа төгөлдөржүүлэх зорилгоор энэ удаа дэлгэмээргүй байна.

Дараах зурган дээр гэртээ байгаа шагайнуудаа харуулахыг хүсэв. М үсэг болгосон шагайнууд бол монголоос ирсэн шагайнууд, Е үсэг болгосон шагайнууд бол бидний энэ европд идсэн хонины шагайнууд билээ. Тус тусаас нь дундаж хэлбэртэйг нь сонгон авч голд нь зэрэгцүүлсэн байгаа. Үнэхээр ялгарч том харагддаг юм. Энд төрөл бүрийн үйлдрийн хонь бий. Зарим айл зөвхөн эдлэн газрынхаа өвсийг тайрах зориулалтаар тэжээдэг. Миний идэж чадаагүй, бас эвгүйцээд эвдэж чадаагүй хонины үйлдэр бол кэнгэрүү төрлийн хонь байсан юм. Шулах ч мах байхгүй, шувтан бор арьсан махыг хараад хонь уу гөрөөс үү гэж асуухаар амьтан байдаг юм байна лээ :)

Өнгөрсөн жил бол миний хувьд надад маш их юм бодуулсан жил юм. Энэ жил бол харин бодсон бодлоо гүйцэлдүүлэх жил!