2010/05/20

Мартаж болшгүй соёл

Сүүлийн хэдэн өдрүүдэд энэ бас энэ, тэгээд үүнийг дараа нь түүнийг гэх мэтчилэн нийтлэлүүдийг унших бүр багадаа "чаддаг" байсан монгол бичгээ балбадаг төмөр дээрээ хэрэглэх хүсэл зориг удаан дарсан шампанскийг уулын уруу өнхрүүлж байгаад задалсан мэт зад татан төрөв. Унтан ухантан умартаж байх хооронд минь улс түмэн юу амжуулж байдгийг хайж хэсэг суув, бас харж хэсэг бахдав. Сайн өвөг дээдсээс саяхан хүртэл уламжлагдан ирсэн соёлт ганган босоо бичигтээ санаа сэтгэлээ болон сачийгаа сунаж тасартал зориулахаар шийдлээ.

Ингэж хөөрч догдолсон би бээр нэрээ бичиж нийтэд зарлахаар шийдээд "алив аваад ир, аянга буулгаж буй мэт алдарт бичгээрээ зулайнаас эхлээд өлмий хүртлээ алдаа муруйгүй алдлаад өгье" гэж ирээд л бичих мөчид хүрлээ. Юникод гэгч ертөнц дээрх буянтны ачаар юунд ч торолгүй монгол бичгийнхээ үсэг бүрийн цахим дугаартай дурайсан жагсаалт оллоо. Галт үнэг дээр үсэг нь харуулагдсангүй. Гүйж хайж байгаад CODE2000.TTF үсгийн маяг суулгаж аваад харж хэсэг суув. Мэдээж галт үнэг дээр Контрол товч дарж байгаад хулганы дамраар үсгийн хэмжээг томруулж харж болдог ч латин үсэгнүүд нь хамт томроод хамарнаас минь том болчихдог юм байна. Нэмэлт багана байгаад тэр дотор нь уг үсгийг зураг болгож харуулбал үсгийн маяг суулгаагүй хүнд ч гэсэн үзэгдчихмээр амар юм даа гэсэн бодол ажил дээр юм бодож байгаа хүний дүр үзүүлэн унтаж байх зуур сэрүүн зүүдэнд минь сэв гээд ороод ирлээ. Ингээд нуухаа арилгаад уг хүснэгтийг зургаар харуулсан баганатай болгож хийе гэж бодлоо. Ингэхийн тулд үсэг бүрээр нь зураг үүсгэнэ, багана нэмж тэнд нь зургаа оруулаад вэб болгож экпортлоно гэж бодоход амар ч яаж хийх вэ гэхээр янз бүрийн л арга толгойд орж ирэх байх. Зарим нь жижигхэн бүрхүүлийн програм бичнэ, зарим нь арван найз уруугаа утастаад арван таваар нь хувааж аваад гараараа хувиргаж бичээд буцааж нийлүүлэх ( энэ миний толгойд орж ирсэн анхны бодол ), эсвэл эклипс гэгч дээр жаава мастерууд энд тэндгүй балбаад бэлэн болгочихож ч бас чадах байх. Гэвч эмакс гэгч засварлагч дээр энэ зэргийн юмыг хурууны үзүүрээр хийж болдгийг мэддэггүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь шоологдохоор гээд хийх алхамаа дүрс бичлэг болгон нэг, хоёр мөн гурав таслан бэлтгэж тавив.

Зорилго бол тодорхой: Эндээс хүснэгтийг нь хуулж аваад, нэмэлт багана үүсгээд, тэнд нь зураг үүсгэж холбож оруулаад, буцаагаад вэб болгож экспортлох. Хийх алхам бүрээ todo гэсэн буферт жагсааж байгаад, гүйцэтгэсэн алхамаа тус бүрд нь чагталж байгааг минь анзаарна биз ээ. Гурав таслах хоёр шалтгаан байлаа. Нэгдүгээр андын зөвлөснөөр зуун мегагаас дээш дүрс бичлэг бүү үйлд, хоёрдугаарт гарын макрогоор бүрхүүлийн тушаал дуудсан бол урт файлд удаан үйлчилж харагдах бөгөөд энэ нь дүрс бичлэгт гацсан юм шиг гөлийж харагдах нь тоогүй санагдсан тул эхний хэдэн мөрөнд ажиллуулж харуулаад дүрс бичлэгээ зогсоон гүйцээж хийчихээд цааш нь үргэлжлүүлж хийв.

Хэрэглэсэн зэвсэг гэвээс: convert гэж imageMagick-н нэг бүрэлдэхүүн тушаал, эмакс болон түүний org горим.

Хэтийн төлөв: Монгол бичгээрээ тэрлэдэг болтлоо тийчлэнэ.

Мартаж болшгүй соёл!

13 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. За ашгүй дээ. Эр улсууд байна, хэлсэндээ юм байгаа биз дээ! :-) Эрдээ эгч бид 2 ганцаардаад (ганцаардах гэж хоёрдоод ч юмуу) байсан юм. Ямар ч гэсэн Pango, Firefox-д дэмжүүлтлээ тийчлээрэй. Би ОпенОфис дээр одоо болтол тийчлээд л байгаа. Patch-ыг нь хийж өгсөн ч албан ёсны мод руу оруулахгүй л байна. Child workspace-д оруулаад жаахан нүдэж байгаад орхисон. Гол асуудал нь төвөгтэй баримтууд дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байгаа тул глобал нээж болохгүй гээд л байна. Он гартал зав гаргаж чадахгүй байх. 2011 онд л ямар ч гэсэн өөд уруугаа харсан ч бай, дотор нь фрейм нь ч байна уу хүснэгт нь ч байна уу юу л хэрэглэдэг тэр л объектод нь дурайж байхаар хакдана даа. Энэ асуудлаар ярилцах зүйлс байвал жиргээрэй.

    ReplyDelete
  3. Сайн байцгаана уу ? Гоё нийтлэл бичжээ.Эмакс засварлагч дээр ямар ямар хэлээр код бичиж болох вэ ? Дусал.нэт ээс гаргасан Монгол бичгийн програм байдаг юм байна лээ Mongolian Vertical Notepad гээд

    ReplyDelete
  4. Хүндэт Аниа минь ээ, эмакс дээр миний мэдэхийн бүх хэл дээр бичиж болдог шиг санагдаж байна. Зөвхөн програмын хэл бичих биш төслийн зохион байгуулалт, цагалбар, сануулга, вэб хөтөч, дуу сонсох, дүрс бичлэг үзэх, насанд хүрэгчдэд зориулсан зургаа харах, шатар, тетрис тэр бүү хэл сэтгэл зүйч хүртэл байдаг юм.

    Аль тав зургаан жилийн өмнө хийсэн тэр Notepad ийг хараад бас бахархлаа. Харамсалтай нь Билл гуайтай түнжин тас учраас хэрэглэж амжихгүй юм шиг байна. Сонирхолтой мэдээ илгээсэн танд баярлалаа.

    ReplyDelete
  5. Тэр VertNote гээд програм дусал.нэт-ээс гаргаагүй ээ. Анзаарсан бол тайлбар дээр нь уг нь байгаа. Асуулт.нэт самбарын нэг залуу хийж тавьсан байсныг танилцуулж хуулж оруулсан бичлэг байгаа байх.

    Ямартай ч яг энэ зүйл дээр л Монгол залуус маань нэгдээд, зүтгээд хийчихмээр байгаа ганц чухал зүйл дээ... Үнэхээр дэмжиж байна шүү! Амжилт!

    ReplyDelete
  6. удахгүй Гномыг худам Монгол бичиг дэмжүүлдэг болгоно оо...

    ReplyDelete
  7. ICU гээч дээр дэмжлэг оруулчихвал нэлээн зүйл болно гэж сонссон.
    GNOME-г Монгол бичгээр гаргах ажлыг хийсэн хүмүүсийн нэр Монгол улсын түүхэнд томоор их тод биш юм гэхэд хамгийн цагаанаар, хамгийн дээр бичигдэж үлдэх байх даа...

    ReplyDelete
  8. ICU дээр дэмжлэг оруулбал Гүүгл болон Хазсан алимны бүтээгдэхүүнүүд, мөн ОпенОффис дээр хуучин Монголоор бичдэг болно. Тэрийг энэ Гномын дараа шийднэ ээ...

    ReplyDelete
  9. Дэмжижи байна шүү. Emacs дээр тийчилж байна аа чи нээрээ.

    ReplyDelete
  10. @Очирхуяг баярлалаа. Дураараа тийчилж болдог цорын ганц засварлагч гэдгийг та ч гэсэн мэднэ дээ! :)

    ReplyDelete
  11. Цорын ганц гэнэ үү? Монголчууд ч туйлшрах дуртай улсууд шүү...

    ReplyDelete
  12. Ха, дуусдаггүй засварлагчдын дайн зарлачих шахлаа. Яагаад "цорын ганц" гэдгээрээ монголчуудын туйлширдаг гэдэг сэтгэгдэл төрүүлсэн юм бол доо. Ямар ч байсан урд нь "надад" гэсэн үгийг "цорын ганц"-ын өмнө залгахгүй бол "нар хиртүүлдэг" болон тэгэх "ви" гэсэн "туйлширдаггүй" мундагуудад идүүлэх нь байна. За тэгэхээр:

    Эмакс бол надад цорын ганц дураараа тийчилж болдог засварлагч гэдгийг Очирхуяг та мэдэхгүй л байхаа даа :)

    ReplyDelete
  13. Сайн байцгаана уу?
    Та бүхэнд нэг мэдээ хүргэх гэсэн юм.
    Talchir.com гэж unicode монгол бичгээр бичдэг сайт гарчээ.
    Та бүхэн орж үзээрэй.
    Мөн та бүхний эрч хүч 2010 оных шигээ байгаа гэдэгт итгэж сууна.

    Та бүхнийг хүндэтгэв

    ReplyDelete