2010/05/08

Сургахад учир бий буюу тархи хэрхэн ажилладаг вэ?

Эртний грекийн түүхч Плутарх 2000 жилийн тэртээ “Хүний оюун ухаан бол жолоодож явах онгоц биш асаах ёстой гал юм” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл хөгжүүлж чадвал бидний тархинд асар их нөөц агуулагдаж байдаг гэсэн үг юм. Гол нууц нь тэрхүү галыг хэрхэн яаж асаахдаа байдаг ажээ. Олон жилийн турш дан ганц цээжлэх муу эсвэл их цээжлэснээс ой тогтоолт сайжирдаг гэх мэт эсрэг тэсрэг үзлүүд, анги танхимд хашиснаас агаарт гаргаж гараар бариулж нүдээр харуулж сургах нь хүүхдийн сэтгэхүйг илүүтэй хөгжүүлнэ гэсэн шинэлэг санаанаас өгсүүлээд сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид жирийн эцэг эхчүүд ер нь хүн бүр энэ сэдвээр өөрийн гэсэн бодолтой болжээ. Монголчуудын эртнээс сургаж ирсэн арга барил энэ цагийн төлөв байдал хоорондоо зөрчилдөж сонголтыг бүр хэцүү болгоно. Энэ тэр бодлыг шинжлэх ухааны үндэстэй харж үзвэл зарим зүйлийн тайлал аяндаа тунгаагдах нь урамтай. Үүний талаархи бодлоо эргэцүүлж тунгааж энд тэндээс уншсантайгаа холбож хуваалцъя.

 

Хүний оюун ухааны хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бол тархи юм. Тархины үйл ажиллагааг судалснаар сурах процессийг улам үр дүнтэй болгож болохыг биологчид олж тогтоосон байна. Олон жилийн турш судлаачдын анхаарлыг хүүхдүүд төрөлхи хэлээ тун бага насандаа төвөггүй сурдаг мөртөө сургуульд ороод өчнөөн жил заалгасан гадаад хэлийг арай л гэж ойлголцох төдий түвшинд эзэмшдэг үзэгдэл татсаар байна. Өнөөдөр Монголд  чадалтай тэнхээтэй болгон нь хүүхдээ гадаад хэл эрчимтэй заадаг эсвэл гадаад хэл дээр хичээлээ заадаг сургуульд үнэ хөлс хайрлахгүй сургадаг болжээ. Үр хүүхэддээ хамаг сайн сайхнаа зориулъя гэсэн ээж аавыг шүүмжлэх арга алга. Харин энэ хэр үр дүнтэй вэ гэвэл өөр хариулт гарч ирнэ. Хүүхдүүд бага насандаа өөр аргаар сурдаг юм болов уу? Эсвэл тархиныхаа өгт өөр хэсгүүдийг идэвхижүүлж чаддагт нууц нь оршдог уу? Энэ асуултанд хариулт өгөхөө түр хойшлуулъя. Биологчдын судлаж тогтоосноор аливаа зүйлийг амжилттай сурж тогтооход сэтгэл хөдлөл чухал бүр шийдвэрлэх үүрэгтэй ажээ. Учир нь ямар сэтгэл хөдлөлийг сурах зүйлийн агуулгатай холбосон байна түүнээс шалтгаалан мэдрэлийн өөр өөр системүүд хөдөлгөөнд ордог аж. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг бол зүгээр нэг дагалдах мэдрэмж биш сурах үйл явцын нэг чухал дэвсгэр болж байгаа юм. Хэт айсан үед тархины үйл ажиллагаанд лимбийн системд багтах Amygdala хэмээх самарын чинээ эрхтэн нөлөөлдөг байна. Лимбийн систем гэж тархины сэтгэл хөдлөл, мэдрэмж төрдөг тэр хэсгийг нэрлэдэг ажээ.

Энэ эрхтэн идэвхижиснээр тархины бүх үйл ажиллагаа зөвхөн тэр айх болсон шалтгааныг зайлуулахад чиглэдэг байна. Өөрөөр хэлбэл сайн сурахгүй бол зодуулна гэж хүүхэд айж байвал тархи сурах мэдэх биш харин зодуулахгүй гэж хамгийн энгийн системээр ажиллаж эхэлнэ. Аливааг сэтгэн бодох ургуулах гэх мэт үйлдлүүд хийгдэхгүй гэсэн үг.  Ингэж сурахын өөр нэг сул тал нь агуулгатайгаа эвгүй таагүй сэтгэл хөдлөлүүдийг холбож эхэлдэгт байдагт байна. Эргээд ийм байдлаар сурсан зүйлээ хүн эргэн санахад айдас төрөх, дотор муухай оргих, гэдэс эвгүйрэх зэрэг үзэгдлүүд ажиглагддаг байна. Энэ процессууд сэтгэл зүйд биш шууд тархинд болж байгаа биологийн үзэгдлүүд юм. Тэдний хүүхдийг хар эсвэл чи үүнийг сурахгүй бол гудамжинд гарч бид шившгээ дэлгэнэ гэх мэтчилэн сүрдүүлэх нь үр дүнгээ өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боловч үнэндээ хамгийн үлдэцгүй сурах аргын нэг гэдэг нь харагдаж байна.

Монголд өнөөдөр хүүхэд болгонд нэг компьютер гэж уриалан ингэснээр хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт толгой дараалан итгэх болжээ. Тэгвэл зурагт үзэх болоод компьютер тоглож байхад тархинд болж байгаа үйл явцыг ажиглавал энэ нь сайныг биш саарыг авчирч байгаа юм. Хүний тархи нүдээр харж байгаа үйлдлүүдийг байнга нэрлэж ингэж санах ойд хадгалдаг. Компьютер тоглоомын зураг маш хурдтай солигдож өнгөрдөг учир тархи тэр бүх үйлдлүүдийг нэрлэж амждаггүй. Иймээс хүүхэд үзсэн харснаа эргэж хүнд ярихдаа мөн өөрөө санахдаа муу байдаг байна. Түүнчлэн тэр их хурдацтай ертөнцөд дассанаар бодит амьдрал дээр болж байгаа үйлдлүүд хэт удаан мэт санагдаж бачимдах уурлах зэрэг араншин гаргахад хүргэнэ. Улмаар бодит ертөнцөөс тасарч хүлээн авах чадваргүй болдог байна. Энэ нь зөвхөн компьютер тоглоомд төдийгүй зурагт үзэх, интернет ертөнцөөр аялахад ч хамаатай. Ялангуяа бага насны хүүхэд хэт их зурагт үзэх нь хожмоо сэтгэн бодох чадварт нь нөлөөлж болзошгүй. Учир 2-4 насандаа хүүхэд тархиндаа аливаа эд зүйлсийг зураг болгон төсөөлж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл машин гэж сонсоод хараагүй байж энэ иймэрхүү хэлбэр дүрстэй өнгөтэй дуутай зүйл байж болзошгүй гэж төсөөлнө. Хэт их зураг эрээлжилсэн дэлгэц удаан харах нь тархинд болж буй энэ процессийг саатахад хүргэдэг ажээ. Зөвхөн бага насны хүүхэд төдийгүй өсвөр насныханд ч зурагт удаан харах муу. Энэ насанд анхаарал сарних нэг зүйлийг удаан ажиглах чадвар сулардаг байна. Яагаад гэхээр дэлгэцээр гарч байгаа дүрс хүүхэд өөрөө сонгон харж байгаа биш цаанаас харуулж байгаа зурагнууд юм. Ингэж тархины шилж сонгон анхаарлаа төвлөрүүлэх явцыг саатуулснаар анхаарал байнга сарнидаг зуршилтай болох аюултай. Төсөөлөн бодох чадвар тархинд доорхи аргаар явагддаг. Хүний тархинд судлаачдын нэрлэдэгээр пирамидан эсүүд бий. Хоорондоо холбоотой эсүүд хамтдаа идэвхижсэнээр тархинд мэргэжлийн хүмүүсийн хэлдгээр ассемблей буюу энгийн үгээр тайлбарлахад оч үсэрч гал авалцдаг байна. Жишээ нь алимыг харах тоолонд тархинд тодорхой эсүүд идэвхижиж тархинд алим гэсэн сигнал өгч байдаг. Үүнийг дахин дахин давтсанаар удаандаа алимыг бүтнээр нь биш зөвхөн хэсгийн нь харах төдийд нөгөө эсүүд идэвхижиж тархи алимны дүрсийг өөрөө төсөөлөн бодох чадварын тусламжтай гүйцээж чаддаг байна. Тархи энэ үйлдлийг байнга давтаж байх хэрэгтэй. Байнга цаанаас өгсөн хурдан солигддог зураг дүрсийг харснаар энэ чадвар буурна. Тогтоох чадвараа сайжруулъя гэвэл мөн энэ процессийг ашигладаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тогтооё гэсэн дүрсээ ойр ойрхон тэгэхдээ богино хугацаатай ажигла. Удахгүй тэр дүрсийг харах тоолонд идэвхиждэг эсүүд дадлагажин тархи тэр дүрсийг тогтоодог болно. Гэхдээ тархинд явагддаг бүх үйлдлүүд ухамсартайгаар хийгддэг гэвэл үгүй. Хүүхдүүд эх хэлээрээ ярихдаа дүрмээ мэдэхгүй ч зөв ярьдаг. Жишээ нь эр эм эгшиг гэдгийг огт мэдэхгүй ч мэдлэгээ гэж ярихаас мэдлэгаа гэж яридаггүй. Саяхныг болтол эрдэмтэд судлаачид хүний тархинд болдог үйл явцыг дан ухамсартайгаар үйлдэгддэг гэж боддог байжээ. Тэгвэл тархины үйл ажиллагааг судласнаар ой тогтоолтонд яаж гэдэг нь биш юу гэдэг нь хадгалагддаг болохыг мэджээ. Тэгэхээр хүүхдэд юм заахын тулд дүрэм ярих биш олон жишээ авч тогтоолгох нь илүү үр дүнтэй. Дүрмийг нь тэд нар яваандаа ойлгох болно. Энэ нийтлэлийн эхэнд гадаад хэлийг хэдэн наснаас хэрхэн яаж заавал дээр вэ гэдэг асуултын хариултыг дурьдаагүй байгаа. Нялх хүүхэд энэ ертөнцийн бүх авиаг дуудаж таниж чаддаг. Япон хэлэнд р авиа байдаггүй ч япон хүүхдүүд мөн нялхдаа р авиаг зөв тод дуудаж чаддаг байна. 9 сартайгаасаа энэ чадвар нь арилж хүүхдүүд зөвхөн өдөр тутам сонсож байгаа авиануудаа дууриана. Хүүхдэд гадаад хэл заахад хэзээ ч эртдэггүй. Гол анхаарах юм нь тэр гадаад хэлийг төрөлх хэлтэй хүнээр заах хэрэгтэй. Учир нь зөвхөн төрөлхи хэлээрээ ярьж байгаа хүмүүс зөв аялгаар дууддаг байна. Хүүхдүүд хэлний дүрэм гэдгийг мэдэхгүй тул гадаад хэлийг аялгын нь сонсож сурдаг байна. 4 наснаасаа өмнө гадаад хэлийг давхар сурсан хүүхдүүд зөвхөн тэр хэлээ төдийгүй өөр хожмоо сурсан бүх гадаад хэлийг яг тэр мэдрэлийн сүлжээндээ суулган сурдаг ажээ. Өсвөр насандаа эсвэл бүр том болсон хойноо сурж эхэлж байгаа хүн шинэ сурсан гадаад хэл болгоноо шинэ мэдрэлийн сүлжээг тархиндаа үүсгэж сурдаг байна. Иймээс хэл сурах процесс илүү удаан үргэлжилдэг илүү түвэгтэй ч байдаг байна. Тэгэхээр хүүхэддээ багаас нь гадаад хэл заах нь тун зөв боловч хэнээр заалгахаас их зүйл шалтгаална. Судлаачдын нэмэрлэх өөр нэг зүйл бол гадаад хэлээс гадна хөгжмийн зэмсгээр тоглож сургах нь хүүхдийн тархийг хөгжүүлэхэд чухал түлхэц болдог ажээ. Нэгдүгээрт энэ нь хүүхдийн нэг зүйлд удаан анхаарлаа төвлөрүүлэх чадварыг эрс сайжруулдаг. Хоёрдугаарт хөгжмийн зэмсэг эзэмших нь хүүхдийн ой тогтоолтыг чадваржуулж тэвчээртэй хүлээцтэй болгодог. Мэргэжлийн хөгжимчдийн тархины зарим хэсгүүдийг жирийн хүмүүсийн тархитай харьцуулбал даруй 130 хувиар илүү байдаг байна. Хөгжмийг хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хамгийн хүчтэй зүйлсийн нэг гэдэгтэй судлаачид санал нэгтэй байдаг ажээ.

Тархины үйл ажиллагааг ойлгох нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Гэвч хүүхдүүд маань зөвхөн тархинаас биш зан авир, сонирхол авъяас чадвар гээд олон зүйлийн зохицол юм. Тэднийгээ хөгжүүлж чадах эсэх нь эцэг эх биднээс шууд шалтгаалах учир мэдлэгт дусал нэмэр гээд сүүлийн үеийн судлаачдын нээлт эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн үүнийг бичвэй. Анхаарал тавьсан уншигч авхай танд баярлалаа.

 

4 comments:

  1. Sonirholtoi bas meduushtei saihan niitlel baina. Gehdee "Zurag 1" ni haragdahgui baina. Bolomjtoi bol zurag 1-g nohon oruulj ogooch gej huseh baina. Bayarlalaa.

    ReplyDelete
  2. ajaxmaa irgen irlee ura ! ura! ura!
    Chi sak shuu! muu goojuur iig bolgoj ugsun shuu! Amjilt

    ReplyDelete
  3. Өнгөрсөн бүхэн ард үлдэг.Сурагч надад яаг таарсан нийтлэл байна тнх

    ReplyDelete
  4. тийм байхаа
    одоо хүүхдүүдээ л багаас нь зөв сургая. хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete