2010/05/26

"Фриц хайрцаг"-тай танилцсан минь

Гэрт байсан утасгүй сүлжээ бүхий рүүтэрээ хүнд өгөх болсон тул шинийг авах шаардлага гарлаа. Нэгэнт авч байгаагийнх арай сүүлийн үеийн дөнгүүр юм авах санаатай eBay-с хайж байтал хэвлэгч болон диск залгаж болдог ASUS-ийн боломжийн юм гарч ирэв. Захиалах гээд үзтэл хүргэлтийн зардалтайгаа нийлээд овоо хэдэн ногоон болж байна.

Ингээд хүн үнэтэй юм авахынхаа өмнө хэсэг тээнэгэлздэг шиг жаахан суув. Юмыг яаж мэдэхэв гээд юм асуух бүрд мэдэж байдаг, надаас илүү олон оймс элээсэн "нөгөө" хүнээсээ асуутал бас л мэдэж байх юм. Нөгөө хүн миний авах гээд байгаа рүүтэрт:
- NAS руу зөвхөн FTP ашиглаж ханддаг
- openwrt дэмждэггүй юм байна
гэсэн 2 сул тал байгааг хэлээд програмч хүний гарын доор байхаар нэг рүүтэр санал болгосон нь Фриц хайрцаг байсан юм.

Дэлхийн дайны үед герман цэргүүдийг оросууд "фрийцүүд" гэдэг байсныг бодоход ямар ч байсан германы эд бололтой. За тэгээд боломжуудыг нь үзээд ам ангайн шууд л захиалчихлаа. Хамаатны ах германаас ирэх гэж байсан болохоор хүргэлтийн зардал ч хэмнэгдэв.

Боломжуудаас дурдвал:
- Өөртөө ADSL модемтой
- 4 LAN, WLAN
- DECT салгуу утастай хоршуулан хэрэглэх боломжтой
- Суурин утасны шугамаа залгаад автомат хариулагч, факсын машин болгон ашигладаг
- DECT утсаа VoIP болон суурин утасны аль алинд нь ашиглах боломжтой
- Нэг USB залгуурт нь салаалагч залгаад 9 хүртэлх тооны хэвлэгч, татагч (scanner), диск залгадаг
- Bittorrent програм суулгаад тасралтгүйгээр юм татдаг
- Хамгийн гол нь линүкс үйлдлийн системтэй байлаа.

Ирсэн даруйд нь задлаад залгатал хамгийн эхний асуудалтайгаа тулгарав. Ам ангайж байхдаа герман болон олон улсын гэсэн ялгаатай 2 хувилбар байсныг нь огт анзааралгүй герман хувилбарыг нь авчихаж. Аз дутахад одоогоор англи хэл рүү шилжүүлэх боломжгүй аж. За энэ ч яахав, Гүүгл ах асуудлыг шийдээд өгнө биз.

Ингээд SkyCC DSL тохиргоогоо хийн холбогдох гэтэл хариу алга. Залгуурынх нь ч учрыг олж чаддаггүй. Нөгөө хүнээ зовоон шалгаатал шаардлагатай мэдээллүүдийг эндээс олж өгөв. Тэгээд баахан ухаж ухаж Германд ADSL -ийн Annex B хувилбарыг ашигладаг, бусад улсад Annex A -г ашигладаг гэж мэдэв. Нөхдүүд фриц хайрцагны Annex B -тэй DSL програмыг нь Annex A болгож өөрчлөөд ашигладаг аж. Би ч бас Annex A руу шилжүүллээ. Бас л байдаггүй. Энд тэндээс юм үзэж байхдаа Freetz -г олж мэдээд рүүтэрийнхээ програмуудыг өөрчилж эхэллээ. Интернэтэд бас л холбогдож чаддаггүй. Ингэсээр нөгөө хүний зөвлөснөөр SkyCC DSL модемоо үзтэл ADSL биш SDSL байх нь тэр. Ингээд өөрийн SDSL модемоо рүүтэр рүүгээ давхар залгахаас өөр аргагүй болов.

Хэвлэгч болон дискээ залгаад шалгатал болж байна. Bittorrent -р баахан кино, тоглоом татав. Тэгээд бас яаж зүгээр байхав гээд факс, автомат хариулагч тохируулах гэж оролдлоо. Рүүтэр рүүгээ суурин утасны шугамаа бас суурин утасны аппаратаа холбоод гадагш дуудлага хийтэл болоод харин гаднаас дуудлага хийхээр авагдаад л тасраад байх юм. Фриц хайрцаг маань дугаар илгээхгүй дуудлагатай харьцахгүй гэж байгаа юм уу гэж бодоод суурин утсандаа дугаар илрүүлэх үйлчилгээ хийлгэв. Бас л байдаггүй. Ингээд эцсийн бүлэгт суурин утасны шугаманд бурууг өгөхөөс өөр аргагүй болов. Учир нь фриц хайрцаггүйгээр манай утасны дугаар илрүүлэгч 30 орчим дуудлаганд 1 удаа л ажиллах юм. Ажиллахгүй ч биш, ажиллах ч биш ёстой 2-ын хооронд. Гайхаад асуутал Цахилгаан холбоо ХХК-ий лавлах нь манай утасны аппаратанд бурууг өгөөд утсаа шидчихлээ. Ингээд мухардаж факс, автомат хариулагч шонгийн мод болов.

Хэсэг хугацааны дараа доторх ADSL модемыг нь шалгаж үзэхээр Micom DSL -тэй газар иртэл ажиллахаар барахгүй факс, автомат хариулагч нь ч болж байна. Micom ADSL2+ Annex M -ийг ашигладаг юм байна.

Ингээд фриц хайрцагтай хэрхэн бүтэлгүй бүтэлтэй танилцсан түүхээ өндөрлөе.

Ойрын ирээдүйд энэ хайрцгийг ашиглан гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг удирддаг юм хийнээ. Түлхүүрээ мартчихвал гэр рүүгээ утасдаад DTMF код илгээхэд хаалга онгойх жишээтэй. Эсвэл галын дохиолол идэвхижвэл фриц хайрцаг маань над руу утасдаад "гал" гэж хэлдэг байхаар ч юм уу.

5 comments:

  1. Сайна уу? Энэ өдрийн мэнд гое нийтлэл байна.ТөгсТөги ах монголдоо ирцэн баллаж байгаан байнашдээ тэ? хэхэ

    ReplyDelete
  2. Хашэрдэнэ гээд өөр хүн бичсэн юм бишүү

    ReplyDelete
  3. nice нийтлэл байлаа
    фриз хайрцаг сайхан эд юмаа нэгийг олоод авчхад илүүдэхгүй л юм байна

    ReplyDelete
  4. Надад wifi voip phone тохируулах яг адилхан асуудал гарч байсан. Олон янзаар оролдож үзээд сүүлдээ Univision той ярьж router ээ static хаягтай болготол асуудал шийдэгдэж ярьж болж байж билээ.

    ReplyDelete