2010/05/07

Үнс

Ганцаараа байхдаа өөрийгөө шинж гэдэг сургаал үгийг би хүүхдүүддээ захидаг. Үүнийг би биш өөр мундагууд хэлсэн л дээ. Гэхдээ хүүхдүүд минь тэр мундагуудтай танилцаа ч уу үгүй ч уу, би өөрөө хэлбэл илүү дөт юм даа. Эсвэл тийм мундаг хүн хэлсэн юм, тэрийг нь би танд хэлж байна гэх үү. Тэгэхээр зүгээр шуудан зөөгч болчих байх. Хэрэв хүүхдүүд маань аавын хэлсэн түмэн зөв бусад нь бүү мэд гэсэн горимд байвал эхний нэг өгүүлбэр л хангалттай ч юм шиг. Эс бөгөөс, аав нь тэр хүний энэ үгийг ийм тийм гэсэн шалтгааны улмаас дагаж мөрддөг, ийм давуу тал болон эргэцүүлэх юмтай юм гээд илүү баяжуулсан мэдээллээр бяцхан тархийг нь эргэтэл чихэх үү. Хүүхэд юм эргэцүүлж эхэлж байвал эргүүтэхгүй л байх, харин ч эгцрээд ирж магадгүй л юм. Эгц болоод ирэнгүүт нь, "Ноомхон, чигээрээ алхаад марш. Баруун гар тийш мухар өрөө рүү эээргэ. Байрандаа сул зогсо. Өөрийгөө шинжээд марш" гэмээр ч юм уу.

Сэдэв сэтрээд сэгсэрсэн үс шиг юм болчихлоо. Үнс... Үнсэх гэсэн үйл үгийн тушаан захирах хэлбэр гэж бүү горьдоорой (Тэрийг нь үнэс ч гэдэг бил үү??). Шатаж дууссан зүйлээс үлдсэн үлдэгдлийг ярих гэж байна. Тэр тусмаа хүний тархинд шатаж дуусдаг энэ үзэгдэл нь цахим заавар бичдэг хүмүүсд тохиолдох магадлал далан хувь байдаг гэж сэтгэл зүйчдийн судалгааг уншиж байснаа санаад тийрлэж сууна.

Викидсэн хэсгээс нэг өгүүлбэрийг нь худлаа шахуу орчуулж үзье.
(Burnout-syndrom) Шатаж дуусдаг энэ синдром нь аливаа зүйлийг сэтгэлийн өндөр түвшинээс эхлээд хүссэн үр дүндээ хүрээгүйн улмаас итгэх итгэлгүй, сул дорой, сэтгэл санааны уналттай, уцаар болон хүчтэй донтох зам уруу шилжсэн, сэтгэл санаагаар хамгийн доройтсон хэлбэрт орохыг хэлнэ.
Толинд өөрийгөө харчихаад цааш нь бичиж сууна. Цахим заавар бичигчдийн гадна төрхийг илэрхийлсэн онигоогоор бяцхан жийрэг хиймээр санагдав. Ээжтэйгээ амьтны хүрээлэнд явж байсан хүү "Ээжээ эднийг хараач, аавын найзууд нь сууж байна. Цагирагласан том улаан нүд, сэгсгэр үс, улаан бөгс ямар адилхан юм бэ?". Ахиад толинд өөрийгөө харчихаад үргэлжлүүлэн бичиж байна. Өнөөдөр энэ цахим ертөнцөд өөрчлөлт гэдэг юм цахилгаан цахисан мэт үүсэж, араас нь асгарах бороо мэт шинэчлэлүүд хөвөрдөг.
Тэндээс дусал дуслаар нь түүсээр байгаад бороон дунд ч гэсэн бор тархиа шатаачихдаг хөөрхий хүмүүсээ. За за, тэгчихсэн хүн хэн байгаа юм, би л лав хараагүй юм байна. Шатаж үлдсэн үнснээс буцаагаад тархи босгох харин ёстой хэцүү. Буцаад энгийн хүн шиг болоход тийм хүнд маш их хугацаа хэрэг болно. Шүдэнз зуруулчихгүйн тулд цахим заавар бичигч нар мэдлэгийн журамлалт хийх хэрэг их гарна. Гэвч зарим нэг тоонд сайн бөгөөд толгой сэргэлэн нэгэнд тэгэх шаардлага байхгүй. Тийм хүмүүсийн бөндгөрт нь бүх мэдлэг нь бөглөрчихсөн юм шиг буглаж байдаг бөгөөд хааяа нэг бор бор юм доогуураа гаргах нь боловсруулсан мэдээллийн борог шавхруу гэлтэй. Үнэр танарыг нь ярьж үй олныг жигшээхээ болиод үзэж мэдсэн жаахан мэдлэгээ бичиж хадгалаад үзмээр санагдсан үедээ дуудаж болох арга уруугаа оръё доо.

github.com дээр бичсэн "захим" заавраа удирдах гэж биш харин захиж санах зүйлээ бичсэн бичлэгээ хэрэгцээтэй үедээ дууддаг хожго шиг хөгийн аргаа хэлэх гэсэн юм. github.com дээрх бичлэгийг ердийн текст болгож харуулах "raw" гэсэн товчлуур байдаг. Уг товчлуурыг дарахад ердийн бичлэг болгох хаяг уруу шилжиж энгийн хавтгай файл болгож харуулдаг юм. Жишээ нь howto-list файлын хавтгай хэлбэр нь ингэж харуулагдах жишээтэй. Тэгэхээр тэр хаягийг нь мэдэж байвал дурын вэб хуудас дууддаг тушаалаар уг хуудсыг өмнөө аваачаад зогсоож болох нь байна гэж алимны модны доор алим унахыг нь хүлээж байхдаа бодож оллоо.

Би tcsh хэмээгч бүрхүүл хэрэглэдэг болохоор миний ~/.tcshrc файл дотор дараах оруулга бий:
alias howto 'curl http://github.com/natsag2000/howtos/raw/master/howto-\!*'
за тэгээд консол юмуу тэрминал дээрээ "howto list" гэсэн тушаал өгөхөөр бүрхүүл маань үүнийг
curl http://github.com/natsag2000/howtos/raw/master/howto-list
гэсэн тушаалаар сольж гүйцэтгээд дэлгэц дээр минь дэлгэн харуулдаг. Мэдээж араас нь grep, less гэх мэт хоолойгоороо урсгаж байхдаа хожиж маажиж болдог дуртай тушаалыг та хэрэглэх эрхтэй билээ. Хэрэгцээтэй гэж бодсон санамжуудаа howto- гэж эхлүүлсэн бөгөөд нийтэд нь howto-list файлд жагсааж дугаарласан болохоор юуг хайж байгаагаа мартсан үедээ эхлээд нь howto list гэж жагсааж харж байгаад тэндээсээ шилж жишээ нь howto openssl хэмээн дуудаж уншдаг юм. Сүүлдээ залхуураад howto list гэх нь ho list гэснээс даруй гурван зуун үсгээр ялгаатай байгааг залхуу би бээр яс махандаан мэдэрч ho хэмэн товчилсон оруулга ч гэсэн нэмсэн буй :)
alias ho 'curl http://github.com/natsag2000/howtos/raw/master/howto-\!*'
Давраад ho биш h болгох гэсэн чинь бүрхүүлийн тушаасан түүх харуулдаг h тушаалтай мөргөлдсөн учир энэ чигээр нь яалт ч үгүй тун харамсалтайгаар санаа алдаад орхив.
За даа, та үүнийг минь уншаад "энэ ч яадгаа алдсан явцуу мангар хүний арга байна даа" гэвэл би ойлгоноо. Гэхдээ санаж сэрэх ёстой энэ хорвоод бяцхан мэдлэгтэй бичил тархиа үнс болгочихгүй гэсэн арчаагүй аргыг минь ойлгож өршөөнө үү.
Аа тийм, үнс гэснээс, шатаж үнс болсон тархитай хүмүүнийг үнсэж хайрлаж явах хэрэгтэй. Ингээд өмнө битгий горьд гэж муучилж байсан хүмүүсдээ тал засах гэж үнсэх утгыг нь оруулчихлаа. Олон зуунаар хэрэглэж байсан монгол бичгээр бичсэнсэн бол анхнаасаа л ойлгомжтой салж бичигдэн андуурахын арга үгүй утга салах байсныг уншигч авхай та мэдэхийн цаагуур мэдэж байгаа даа.

7 comments:

  1. баш бүрхүүлийн алиас параметр дэмждэггүй хэвээрээ юу?

    ReplyDelete
  2. Бааштай нөхөр дээр параметр дэмжихгүй хэвээрээ. Тийм болохоор жижигхэн функц бичсэн нь дээр байх.

    ReplyDelete
  3. математикч нар залхуу байдаг гэсэн шдээ
    бас шинэ бүтээл оновчтой санаа залхуу хүнээс л гардаг гэлцэнэ билээ.
    ***********************
    математикч нар залхуу
    Монголчууд залхуу
    ------------------
    бүх Монголчууд бол математикч юм.

    ReplyDelete
  4. Сайн уу, Нацаг

    Юу байна, Чиний сараачсан зүйлсийг өнөөдөр олж уншлаа. их л сонирхолтой юм. Хүн аливаа юмыг олон удаа хийхээр тэрэндээ дадлагашаад мэргэшсэн болдог. Тэрхүү мэргэшсэн байдал таны бичсэн нийтлэлд их л ажиглагдаж байна шүү. Амжилт хүсье. Өөрийн үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг юутай их иргэний эр зориг вэ! 9310a

    ReplyDelete
  5. @Jack, баярлалаа. Энд чинь эрүүл саруул нь мэдэгдэхгүй эвгүй "юмнууд" бичдэг болохоор иргэний эр зориг шаардагдахгүй л дээ. Эр зориг шаардагдсан юм бичихээсээ илүү- эрүүл үү галзуу юу гэхээр л юмнууд бичигддэг дээ :).

    ReplyDelete
  6. Бааштай хүмүүст зөвлөөдхий. Гацангийн энэ сараачсан зүйлийг анх үншчаад бааш дээр оруулахгэж оролдсон маань энэ:

    #! /bin/bash
    a=$@
    if [ "$a" != "" ]
    then
    curl http://github.com/natsag2000/howtos/raw/master/howto-$a
    else
    curl http://github.com/natsag2000/howtos/raw/master/howto-list
    fi

    түүхийгээрээ байгаан жоохон юм нэмээд биччихвэл ч...

    ReplyDelete
  7. @d@: $a хувсагч хоосон байгааг бүрхүүл дээр if [ x$a = x] гэж шалгавал арай цэвэрхэн болдог. Ажиллаж л байвал уул нь хамаагүй л дээ. Бааштай хүмүүсд зориулаад бичиж тавина гэж цухас бодож байсан чинь таг мартчихаж. Маш их баярлалаа.

    ReplyDelete