2013/06/07

Монгол Бичиг (өнөөгийн байдал)

Зиа хө аль гурван жилийн өмнө Монгол бичгээ Оцон шувуу болон Хазсан алим дээр дэмжүүлэх гэж бичсэн нөхөөс маань цаашаа дэлгэрж явсаар байгаад ямарч байсан нэлээд олон систем дээр Монгол бичиг ашиглах боломжтой болов. Хүмүүст хэрэг болох болов уу гээд хаана дэмжлэг орсон болон түүнийг яаж ашиглах талаар бичхээр шийдлээ.

Linux

Убунту 13.04-өөс эхлээд Монгол бичиг элдэв бусын нөхөөс суулгахгүйгээр шууд цаанаасаа дэмжигдэж байгаа. Бусад Оцон шувуунууд ч гэсэн ялгаагүй дэмжиж байгаа байх. Ашиглахын тулд мэдээж фонт суулгасан байх ёстой. МонБайти, МонголФонт гэх мэт дурын фонт ашиглаж болно.

Мэдээж Оцон Шувуу дээр босоо бичиж болохгүй. Мөн NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа, үүнийг засах нөхөөсийг Панго руу оруулсан, удахгүй засагдах байх.

Галт Үнэг

Галт Үнэг өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Дэмжлэг дээр ацаг шүдний ямар нэгэн алдаа байхгүй, гэхдээ одоохондоо босоо бичих боломжгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай.

Хазсан Алим дээр
Оцон Шувуу дээр
Андройд дээр

Chrome

Хром бас Галт Үнэгтэй адил өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай. Босоо бичиж болно, гэхдээ араа шүдний алдаа байгаа. Оцон Шувуу дээр байгаа алдаатай адил NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Энэ алдаа хэзээ засагдах нь тодорхойгүй. Хром дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг Webkit гэсэн хэсгээс хараарай.

Хазсан Алим дээр
Оцон Шувуу дээр
Андройд дээр

Opera

Opera (Opera Next гэж нэрлээд байх шиг байгаан) энэ жилээс эхлээд Хромын Webkit ашигладаг болсон. Тиймээс Монгол бичгийн дэмжлэг Хромтой яаг адилхан байгаа.

OperaNext Хазсан Алим дээр
OperaNext Андройд дээр

Safari

Safari Монгол бичиг дэмжиж байгаа. Энэ дэмжлэг гэхдээ миний оруулсан нөхөөстэй ямар ч хамаа байхгүй. Японд байдаг хэдэн өвөр Монгол нөхдүүд AAT хэмээх font technology ашиглаад  үүнийг шийдсэн байгаа. Босоо бичиж болно, мөн ямар нэгэн ацаг шүдний алдаа байхгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай. Safari дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг Webkit гэсэн хэсгээс хараарай.

Safari Хазсан Алим

WebKit дээр Монгол бичиг хэрхэн ашиглах

Галт Үнэгээс бусад бүх хөтчүүд WebKit (Safari, Chrome, OperaNext) ашиглаж байгаа. WebKit Монгол бичиг гайгүй дэмжих боловч хажуугаар нь нэлээд хэдэн алдаатай:
  1. Хром болон OperaNext дээр NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Үүнийг одоохондоо аргалах арга байхгүй.
  2. WebKit Хазсан Алим дээр OpenType-ыг биш харин AAT-ыг default font technology-оор ашиглаж байгаа. Үүнийг өөрлчөхийн тулд -webkit-font-feature-settings: "ccmp"; гэж шал дэмий комманд дуудаж OpenType-ыг идэвхжүүлнэ.
  3. Босоо бичиж байгаа тохиолдолд саяхнаас glypth 90° буруу иргэдэг алдаа гарсан байгаа. Үүнийг -webkit-text-orientation: sideways-right; ашиглаж аргална.
Дээрх 2 workaround-ыг нийлүүлээд мөн Монгол фонт нетээс таддаг CSS (Safari ашиглаж байгаа бол mnglwhiteotf.ttf-ыг mnglwhiteaat.ttf-аар солиорой):



Ямар ч байсан нэг үеээ бодвол Монгол бичгийн дэмжлэг нэлээд сайжирсан байгаа. Энэ хэдэн ацаг шүдний алдаа засагдаад, Галт Үнэг дээр босоо бичиг дэмжигдчихвэл тэгээд болчих гээд байна даа...

2013/06/05

Долоо хэмжиж нэг огтол - II

Долоо хэмжиж нэг огтол гэсэн үгийг сайн цээжлэхгүй бол болохгүй нь дээ янз нь :) Духан дээрээ шивүүлдэг ч юм бил үү гэж бодох юм. Тэгэхээр юм хийж байхдаа харахгүй юм байна. Аягүй бол өглөө нүүрээ угаах үедээ толинд нэг харвал харах юм даа :). Бараг гарынхаа алга юмуу шуун дээрээ шивүүлчихвэл юм хийж байхдаа анзаардаг болж магадгүй. Энэ удаа бас л духаа алгадах юм хийв.

Энэ болон энэ нөхдүүдийг дуурайж иймэрхүү үнэтэй юмыг өөрөө хийчихнэ гэж бодсон юм. Гол нь гэрийн үүд хавьцаа шатны гишгүүр дээр л юм бодож тогтоох зай байгаа. Нэмэлт тулгуур багана босгож тэрэндээ тулгаж өлгөдөг болгоё ч гэж бодож байсан. Гэхдээ шатны гишгүүр болгон дээр углачихдаг өндөр намыг нь тааруулчихдаг маягийн бодоод хийж нэг үзэв:






За ингээд гар дух уруу савах болсон шалтгаанууд эхлэх нь тэр. Углаж байгаа банзнууд нарийдав. Дугуй мод уул нь зузаан хүнд боловч хэрэв та өөр хүмүүсийн хийснийг анзаарсан бол дээр нь зузаан зузаан мод тавьж ойлт болон чичиргээг нь дардаг юм байна. Хэд цохиж үзээд дээрээс хугарч унаж өөрөө цохиулахаас айж авч тавив :). Тийм ч хэврэг болоогүй л дээ. Гэхдээ их чичиргээтэй болчихож. Нэг бол бүр зузаан модоор, эсвэл төмрөөр хийвэл болох юм байна гэж бодлоо. Дугуй модны ард нь бас зузаалах хэрэгтэй.

2013/05/31

iPod 4G дэлгэц солих

Охины ipod-ны дэлгэц хагараад нэлээн удсан байв. Apple ийн дэлгүүрээс дэлгэцийг нь авна гэхээр 64 евро гэх юм. Харин ebay дээр нэг нөхөр 17 еврогоор зарж байх юм :) Ингээд юүтүб дээр хэрхэн сольдог тухай бичлэг хайж үзсэн чинь зөндөө гарч ирэв. Надад эхний нэг хоёр видеог нь үзэхэд л хангалттай байлаа. Нөхөр болохоор задалдаг багажтай нь зардаг юм байна. Тэрийг нь ашиглаж сольж байгаа нэг видео , харин тэрүүнгүй ердийн нарийн хутга ашиглаж байгаа бас нэг видеог харсан. Ингээд хоёр цаг суусны эцэст дэлгэцийг нь сольж чадлаа :)









2013/05/27

RASPBERRY PI - III-A

За энэ удаа гэрт бараг тоосон дарагдаж зөвхөн дискэн дээрх кино бичлэг энэ тэрийг тоглуулах үүргээс өөр даалгаваргүй хэвтэж байдаг залхуу RSPI-г дайчилж дайчин болгож эр цэргийн албанд мордуулахаар шийдэвээ :)

Охин минь хийн буудлагын спортоор хичээллэдэг юм. Энд германы хуулинд гэртээ юмуу зоориндоо хийн буудлагаар бэлтгэл хийж болдог юм байна. Тэгээд зооринд арван метр зай байдаг болохоор тэнд бэлтгэл хийг хэмээн модоор шон босгож бай тогтоож бэлтгэл хийдэг байв. Жинхэнэ бэлтгэл хийдэг клуб дээрээ бол дасгалжуулагч нь буудах бүрд нь дурангаар харж буунд алдаа байна уу хүнд нь байна уу хэмээн оношлож овоо хараагаа тааруулж тохируулах шаардлага гардаг. Даралтат хийгээр бууддаг буу нь нэг иймэрхүү:

Тэмцээн дээр бол бай нь электрон байдаг бөгөөд буудсан оноог нь дэлгэцэн дээр сайхан харуулдаг юм байна лээ. Тиймэрхүү бэлтгэлийн электрон копьютержсэн төхөөрөмж 1900 евро хавьцаа байдаг юм байна. Арай ч дийлэхгүй юм :) Саяхан болсон нэг тэмцээнийх нь дараа тиймэрхүү юм хийчихмээр санагдсаных дайрахаар шийдэвээ. Ингээд эхлээд 7 еврогоор вэб камер захив. 3 еврогоор нэг серво мотор бас захилаа. 14 еврогоор usb wlan авав. Ингээд дараах маягаар эхлээд нь мөрөөдөв :)

Сум байнд тусангуут камер байны урд ирж зургийг нь авна. Дараа нь өмнө авсан зурагтай харьцуулж хаана сум нүхэлсэнийг олж хадгална. Raspi дээр usb wlan аа залгаж access point болгож вэб сервер ажиллуулаад сум тусах бүрд зургийг нь тавина. Буудагч нөхөр болохоор хажуудаа таблет юмуу гар утаснаасаа Raspi руу wlan аар холбогдож вэб хуудсыг нээж буудсан оноогоо харж дүгнэлт хийнэ. Хэрэв хүсвэл эдгээр зурагнуудаа интернэтээр дасгалжуулагч руугаа захиагаар явуулах, эсвэл буудлага бүрийн дараа өөр вэб хуудсан дээр тавьж болох бөгөөд дасгалжуулагч нь дэлхийн хаана ч байсан бай буудлага бүрийг харж дүгнэлт хийн санал зөвлөгөө өгч болдог байхаар. Бэлтгэл дуусангуут бүх буудлагыг дүгнэсэн хуудас бэлдэж хэвлэх эсвэл pdf болгож интернэтээр илгээнэ. Ёоооё, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ямар үнэн үг вэ хэхэ.

Камер ирэхээр нь rspi дээр зовлонгүй таниулдаг юм байна. usb wlan аа таниулж авав. Серво моторыг харин python хэл дээр байдаг RPIO хэмээх library аар зовлонгүй удирдчихдаг юм байна. Энд электроникоор сурдаг дүү хүүгээр онолын crash course хийж авав. Вэб камераар авсан зургийг opencv аар янзалж таниулах бөгөөд энэн дээр харин хоёр хоног нэлээн дүнхүүтэж байтал хөл бөмбөг тоглодог төмөр хүмүүсийн дасгалжуулагч харин нүд нээтэл заавар өгөх нь тэр. Энэ хэсгийг дараагийн үргэлжлэл дээр тодорхой бичье. Өнөөдөр харин хагас өдөр нухсаных иймэрхүү байдалтай зогслоо:











RPIO ашиглаж TCP порт чагнаж байгаад өгөгдөл ирэнгүүт мотороо удирдаж болдог болгож туршив:

2013/05/24

RASPBERRY PI - II

Өмнө өгүүлж байсан RSPI-г ашиглаж нэг жижигхэн санаагаа туршиж үзэхээр шийдэв. GPIO хөл дээр нь серво мотор залгаж турших гэсэн чинь лего тоглоомоор таглаад шавчихсан байв. Ингээд хүүдээ лего тоглоомыг нь тоо ёсоор нь хүлээлгэж өгөөд өөр гэр хийлээ. Дөрвөн баганыг нь халааж наадаг буунд чихдэг хуванцар цул хоолойгоор хийв. Сүүлд нь цоолж юманд зүүх эсвэл янз бүрийн байдалд өлгөж магадгүй гэж бодоод доод талыг нь модон панераар бэлдэж, дээд хэсгийг нь тунгалаг ялтасаар таглаж иймэрхүү юм болголоо.



2013/04/22

Энэ бол орчин үеийн хүн ангуучлал: FBI, бөөгнөрсөн мэдээллийн задалгаа болон Бостонд бөмбөг дэлбэлэгчид



Бостоны марафонд болсон бөмбөгдөлтийг үйлдсэн сэжигтнүүдийг хуулийн хүчний байгууллагууд өмнөх зууны үед илрүүлж чадахгүй байх байсан.

Даваа гаригт утаа сарних үесд мөрдөн байцаагч нар асар их хүндрэлтэй тулгарсан бөгөөд ямар ч сэжүүргүй байлаа. Бөмбөгдөлтөнд гурван хүн нас барж 180 гаруй хүн шархдсан энэ үйлдэлд хэн нэг нь юмуу эсвэл аль нэгэн бүлэглэл хариуцаж үйлдсэн гэсэн тунхаглал байсангүй. Ингээд тэд нэгэн том үсрэлт хийв: Тэд хэрхэн бага юм мэдэж байгаагаа хүлээн зөвшөөрч дэлгэсэн бөгөөд олон түмний туслалцааг хүсэв.

Гар утасны антеннаар дамжигдсан далай их мэдээлэл болон фото зурагнууд дунд ологдох ёстой зүйл нуугдаастай. Цагдаа, FBI болон бусад мөрдөн байцаагчид нийт олон үзэгчидийн болон гудамжны хянах камераас авсан фото зурагнуудыг эхэлж нягтлах аргыг сонгожээ. Тэгээд уг төлөвлөгөөгөө олон нийтэд зарлангуут түмэн хүний урсгал орж ирэх нь тэр. Тэд байнга олон нийтийн дунд биечлэн болон бас Twitter дээр зарласан байна. Он жилийн настай хуучны хуулийн хүчнийхний зарчмаар бол олон нийтийн нүд чих мөрдөн байцаалтын чухал хэрэгсэл байдаг бөгөөд энэ бүхнийг интернэтээр маш богино хугацаанд цуглуулаад анализ хийхэд бэлэн болгож байгаа нь насан урт хуулийн хүчнийхний орчин үеийн шинэ аргыг харууллаа.

Гэвч FBI болон цагдаа нар бөөгнөрсөн мэдээллээс гарах үр дүнд нэг их найдвар тавиагүй байж: Иймэрхүү мэдээллээс голдуу ямар ч хариу гардаггүй юм. Олон нийтээс мэдээлэл цуглуулах гэдэг дээр дотор гадаргүй цагдаа нарын хөлс хүч хэрхэн гацаж байсан 90 оны хэргүүдийг тэтгэвэртээ гарсан хуулийн хүчнийхэн санацгааж байдаг. "Хэрэв хуулийн хүчнийхэн ямар нэгэн мэдээллээ дэлгээгүй бол - (бөмбөг дэлбэлсэн Terry Nichols, Ted Kaczynski тухай дэлгэсэн шиг) - хэрэв та оюу ухаанаа хэнтэй ч хуваалцахгүй бол энэ бүхэн цэвэр хөрөнгө мөнгө шаардсан нүсэр ажил болдог" хэмээн Бостоны бөмбөг тэслэгчдийн эсрэг бүлгэмийг үүсгэсэн FBI ийн тусгай агент байгаад тэтгэвэртээ гарсан Mike Rolince хэлсэн юм.

Энэ нийтлэлийг бичиж байхад үед FBI агентууд, Үндэсний аюулаас сэргийлэх албаныхан болон тусгай хүчнүүд Massachusetts-Dartmouth их сургуулийн оюутан 19 настай Dzhokhar Tsarnaev ийг барих гэж үзэлцсээр л байна.

Урьд нь боксчин байсан ах нь, Tameran, цагдаа нараас зугатаж байгаад алуулчихсан хэвтэж байна. Хэрэв мөрдөн байцаагчид өөрсдийнх нь халаасанд байгаа мэдээлэл тийм сайн биш харин олон түмний нүд чих чухал гэж шийдээгүй байсан бол энэ хоёрыг ийм хурдан илрүүлэхгүй байх байсан хэмээн урьд нь мөрдөн байцаагч байсан Danger Room өгүүлэв.

"Олон камер байсан нь маш том давуу тал байлаа" гэж Rollince хэлж байлаа. "Камернууд байгаагүй бол би хаана байгаагаа ч мэдэхгүй байх байсан." Хаа сайгүй камернууд байв. Энэ камернууд зөвхөн Copley талбайн байгууллагын байшин дээр зоолттой байдаг манааны камернууд биш байсан. Бостон хотод ирж гүйлтэнд оролцож байгаа хүмүүс Instagram хэрэглэж зуршсан хүмүүс бүх үйл явцыг бичиж авах нь авч Flickr дээр тухай бүрд нь шинэчлэн илгээж байлаа. Олон нийтийн энэхүү баяр хөөрөө бичиж тэмдэглэж авч байгаа нь байгууллагын манааны хянах төхөөрөмжүүдийн дэргэд зүйрлэшгүй их байв.

Даваа гаригт FBI ийн мөрдөн байцаагчид нэгэн хэргийг шийдэх ёстой байлаа. Copley талбайд хоёр бөмбөг дэлбэрсний дараа олон мянган хүмүүсийн бужигнаан дундаас нэгэн хүн зугатаж гарсан байв. Гэмт хэргийн ертөнцөд тулгардаг мөрдөн байцаагчдын дургүй зүйл бол иймэрхүү нөхцөлд гэмт хэрэгтнийг олох нь тун ховор. "Хорин мянган хүн бүчээд авсан" гэж Massachusetts хотын захиргааны хамгаалах хэлтсийн зөвлөх Juliette Kayyem хэлсэн. Гэхдээ маш түргэн арга хэмжээ авч цугларсан олныг тарааж талбайг чөлөөлсөн юм.

Сэжүүр болох зүйлс талбайгаар дүүрэн байв. Тэдний дундаас дэлбэрсэн хэсэгт олдсон хар үүргэвчний тасархай хамгийн чухал байв. Маргааш өдөр нь ээлжтэй байсан FBI тусгай агент Rick DesLauriers маш чухал шийдвэр хийжээ. Тэр болон түүний багийнхан олон нийтийн туслалцаа хүссэн уриалга хийсэн бөгөөд марафоныг үзэж бичиж авч байсан хүмүүсээс бүх төрлийн дүрс бичлэгүүдээ илгээхийг хүсэв. Багаас тэр даруй дүрс бичлэг илгээх вэб хуудас бэлэн болгосон бөгөөд тэр бүхнийг боловсруулж дуусахад мэдээж цаг зарцуулагдах болно гэдгээ DesLauriers учирлаж байв. DesLauriers магадгүй олон түмэнтэй цуг хийхийг хүссэн байж магадгүй. Гэвч түүний энэхүү учраа тайлбарласан тайлбараас мөрдөн байцаалт маш муу түвшинд явж байна гэсэн уур ундууцал төрж байлаа.

Гэсэн ч олон нийтийн туслалцаа хүссэн уриалга түүнд бэрхшээлийг гатлахад нь тусалжээ. Хоёр өдрийн дотор гэхэд DesLauriers-ийн хэлж байгаагаар бол "мянга мянгаараа" талбайн хэдэн арван зүгээс авсан зураг видео бичлэгүүд цугларав. Мөрдөн байцаагчид зургийг цаг хугацаагаар нь дараалуулж бэлдээд хооронд нь эвлүүлж сэжигтэй хэсгээ тодруулж аваад зурагтай ажилладаг багаж хэрэглэн овоорсон мэдээлэл дундаас хайлт хийлгэжээ.

Маш олон хуулийн хүчнийхэн эдгээр багажны үр дүнд найдвар тавихгүй байлаа. ("Энэ ажиллагааны тухай нарийн мэдээлэл бид өгөхгүй" гэж FBI ийн төлөөлөн илтгэгч Paul Bresson займчуулж байв). Энэ бүхний цаана нь тийм айхтар технологи ашигласан шидэт нууц байдаггүй гэж урьд нь FBI ийн технологийн албанд ажиллаж байсан бөгөөд энэ ярилцлаганд нэрээ оруулахыг хүсээгүй нэгэн ярьсан юм. Нүүр таньдаг програмнууд сайжирсан байж болох юм, гэхдээ тэдний хязгаар гэж бий. "Хэрэв чамд сайн чанарын л зураг биш бол тэр зургийг хэрэглэх шаардлага байдаггүй" хэмээн тэр мэргэжилтэн өгүүлсэн юм. Гэхдээ зураг муу байсан ч тэр зурагтай холбоотой түүнийг дамжуулсан утасны антенн дээрх бичлэг, зургийнх нь цэгүүд гэх мэт тусгай мэдээллүүд байдаг байна.

Харин агентууд юу хийж чаддаг вэ гэхээр, олон нийтийн зурагнуудыг дижитал хэлбэрт байлгаад сэжигтэй үзэгдлийг загварчилсан хэлбэрийг хайж чаддаг юм. Жишээ нь үүргэвч үүрсэн хүмүүсийг олох, үүргэвч үүрсэн хүмүүсийн дундаас тодорхой шинж чанараар нь хайдаг бөгөөд тэр бүх олдвор нь дэлбэрэлтийн зураг авалтуудтай давхцаж байхаар хийж болно. "Хорин жилийн өмнө бид нар бүх зурагнуудаа ширээн дээрээ асгаж байгаад гараараа эвлүүлдэг байлаа" хэмээн урьд нь ажиллаж байсан нэгэн өгүүлж байв.

Олон жилийн үр дүнтэй жинхэнэ нууцлаг шидэт арга бол өнөөх л "цус, хөлс, нулимс" хэвээрээ гэж Rollince өгүүллээ. "Хамгийн үр дүнтэй арга бол хараагаа уг зүйл дээр тогтоогоод цааш нь судлах". Олон өгөгдлөөс юм салгаж ялгана гэдэг бол амаргүй зүйл. Агаараас дамжуулсан террабайт өгөгдлүүдтэй ажилладаг армийнханд өдөр тутам тулгардаг зүйл. Харин мөрдөн байцаагчид бол төсгөлөөс нь эхлэл чиглэл рүү нь ухарч ажилладаг юм. Тэд дэлбэрсэн мөчөөс ухрааж судалдаг бөгөөд тэр дундаас сэжигтэй санагдсан зүйлээ олж түүнийгээ энгийн нөхцөлд байсан зурагнуудаас хайж ажилладаг.

Одоогийн технологи энэ бүх явцыг маш үр дүнтэй хийдэг болжээ гэж урьд нь ажилладаг байсан агент ярьсан юм. Хоёр дахь өдөр гэхэд агентууд Lord & Tylor байшингийн хянах камерт бичигдсэн хоёр хүнийг сэжигтэнгүүд гэж тогтоов. DesLauriers дахин олон түмэнд хандаж уриалга гаргав. Ингэхдээ тэрээр сэжигтэнгүүдийн зургийг дэлгэж үзүүлсэн бөгөөд энүүнтэй холбоотой бүх зураг бичлэгнүүдээ илгээхийг уриалаад интернэтээр цааш нь хүмүүсд тарааж зарлахыг хүсэв.

DesLauriers ийн энэ алхмыг FBI-н захирал Robert Mueller болон бүр дээд тушаалтан генерал Eric Holder ийн зөвшөөрөлгүйгээр хийлээ гэж хэд хэдэн хуулийн хүчнийхэн буруушааж байсан гэж Danger Room ярьсан юм. Олон нийтэд шууд зургийг нь ил гаргаснаар хэрэв тэд Бостон хавьцаа амьдардаг бол сэжигтэнгүүд далд орогнох боломж өгдөг бөгөөд ингэснээр хайх цаг хугацаа уртсаж тэд л алдаа хийж баригдахгүй бол барихад хэцүү болдог гэж Rollince итгэдэг нэгэн.

"Хэн нэгэн түүний хөрш байж таараа. Хэн нэгэн түүнтэй цуг ажилладаг л байж таарна. Хэн нэгний хүүхэд тэрний хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглодог ч байж болно" гэж тэрээр өгүүлээд. "Хэрэв хэсэг хугацааны дараа нэг л зураг олдох юм бол дараа дараагийн зурагнууд цуглахад маш бага хугацаа ордог" гэлээ. Мэдээллүүдийг ашиглаж ах дүү хоёр Tsarnaev гэдгийг Цагаачлалын албаны бичиг баримтаас FBI мэдэж авах нь тэр.

Энүүнд бас нэгэн хүн агнах элемент оролцжээ: Бостон хотын цагдаагийн интернэт хуудас.

Тэр долоо хоногт @Boston_Police хэмээх Twitter жиргээгээр гэмт хэрэгтний агнах маш дэлгэрэнгүй шуурхай мэдээлэл цацагдаж байлаа. Хэвлэл мэдээлэл, хуулийн зөвлөх Yael Bar-Tur хэлэхдээ: Бостон хотоос цагдаа нарын дунд Facebook, Twitter гэх мэт шинэ урсгалыг дэлгэрүүлж байна. Цагдаа нар ийм үйлдэл хийх нь тун хачирхалтай байсан гэж тэрээр ярьж байлаа.

"Би New-York хотод амьдардаг. Гэтэл энд 40 000 цагдаа байна. Миний найзуудаас хэн ч тэднийг танихгүй. Энгийн хүн, цагдаа хоёрын хооронд ямар ч холбоо алга" гэж тэрээр үргэлжүүлэв. Тэгээд хэрэв нэг сэжигтэй юм үүсвэл тэд нар цагдаа руу биш хамаатан садан руу минь залгана. Харин байнгын шинэчлэгдсэн Twitter жиргээ цацсанаар Бостон хотын цагдаа нар мэдээлэл хүлээж авах болон цацах шинэ хувьсгалт гүүр босгож байна гэж Yael Bar-Tur итгэдэг байна. Олон нийтийн итгэлцэл гэдэг бол гайхамшигтай зүйл гэж тэрээр яриад @Boston_Police жиргээг 200 000 гаруй хүн дагалдаж байдаг гэж онцолж дурьдав.

Энэ бүхэн бол хуучны түүхийг шинэчлэсэн орчин үеийн л түүх юм. Хуулийн хүчнийхэн ажлаа сэжүүр болон мэдэгдэл дээр л тулгуурлаж гүйцэтгэдэг. Тэнд үргэлж дэлгэх болон нууцлах тэнцвэрт байдлыг барих шаардлага гардаг. Бостонд болсон энэхүү сэжигтнийг ангуучилсан энц явц хотын тасралтгүй болдог шоуны хэмжээнд хаана ч дөхөж байгаагүй хэмжээнд очиж чаджээ.

Асар олон гар утасны камеруудаас үүсэж байгаа тэр их зураг видеонууд шинэ эрх зүйн хэмжээнд аваачиж байна гэж FBI-д ажиллаж байсан нэгэн хэлсэн бөгөөд "хууль зүй болон ёс суртахууны асуудлаас" болж мөрдөн байцаагчид хэдийгээр жирийн иргэдийн эрх ашигт халдсан арга зам байдаг ч гэсэн өгөгдлөөс мэдээлэл хайх иймэрхүү төслөөс татгалздаг гэв. Гэхдээ сайн дураараа өгсөн өгөгдөл дээр ийм татгалзал үүсэх ёсгүй гэж тэрээр ярьсан юм.

"Юу ч өөрчлөгдөөгүй," хэмээн Bar-Tur хэлээд "зөвхөн хэрэглэж байгаа зүйлс л өөрчлөгдсөн" гэв. Ингэснээр магадгүй хүн агнах шинэ загвар үүсэхэд хангалттай ч байдаг байж болох юм.

Эх сурвалжийг эндээс уншина уу.