2010/08/13
Шинж тэмдэг
2010/08/09
Шинэ гар, шинэ монгол!
Өмнө нь өвөр монголд хэрэглэгдэж байгаа нэг, монголд хэрэглэгдэж байгаа хоёр гээд нийлээд гурван монгол бичгийн гарын хуваарилалтын талаар дурдаж байсныг уншигч авхай санаж байгаа буй заа. Түүнээс хойш мөн ч олон жил өнгөрчээ. Гэтэл одоо бичих шаардлага гарах бодит нөхцөл үүссэний дагуу ахин шинэ гарын хуваарилалт бүтээх болов.
Яагаад ахиад шинэ гарын хуваарилалт гэж?? Байгаа хэд нь юу нь болохгүй байгаа юм? Өвчтэй юмуу хаашаа юм!? гээд л асуулт анхааруулгууд ар араасаа хөвөрнө л дөө. Олон таван юм нуршилгүйгээр бяцхан судалгаагаар хариу барихыг хүсэв. Билигсайхан андын интернэт дээр дэлгэн тавьсан номын текст дээр суурилан, дээр дурдагдсан гаруудын хуваарилалтын гол (дундах) мөрийн товчнуудыг хэр оновчтойг харуулсан жижиг програм бичиж үзэв. Өвөр монголын гарын хуваарилалт нь Бадрал андын хэрэглэсэн гарын хуваарилалттай дунд мөрөөрөө ижил учраас нэг бүлэгт авч үзлээ. Ингээд кирил гарын хуваарилалт дээр суурьтай гарын хуваарь, минийхтэй нийлээд гурван гаран дээр туршив.
Нийт номын текстэнд орсон 201547 ширхэг монгол үсэгнээс:
Гарын хуваарилалт | Оносон тоо | Оносон хувь |
---|---|---|
Өвөр монголын хуваарилалт | 68054 | 33% |
Кирил суурьтай хуваарилалт | 86716 | 43% |
Монгол хуваарилалт | 136081 | 67% |
гэсэн оновчтой цохилтын үр дүн гарч байна. Үндсэн мөрөөс бараг далан хувийг нь цохино гэхээр дворак гарын үр дүнтэй адилхан сонсогдож байгаа биз??
Үнэнийг хэлэхэд, дворак гарын дүрмийн дагуу зохиохыг хүсэв. Зүүн гар талд эгшиг, баруун гар талд гийгүүлэгч. Эгшиг сүлбэлдэж бичигддэг монгол бичигт маань баруун зүүн гар тэгш цохиход тохиромжтой таарсан хуваарилалт мэт санагдсаныг нуух юун. Ингээд таныг чилээлгүйгээр гарын хуваарилалтаа харуулъя.

Хэрэв сайн ажиглах аваас зөвхөн өвөр монголд хэрэглэгддэг нанхиад үгийг бичихэд ордог гурван үсгийг бид бичихгүй байх гэж бодсоны улмаас хассан буй. Энэ нь мэдээж эцсийн гарын хуваарилалт биш билээ. Шинэ текст дээр туршин, шинэ санаануудыг хавсаргаж байж жинхэнэ монгол хүмүний гарт хэрэглэгдэх хуваарилалт босгохыг зорив. Уншигч авхай өөрийн ухаанаар тунгаана буй заа.