2012/08/23

Ардын ухаан - Тогоо

Өнгөрсөн зун хамаатан саднуудаараа айлчилж ярьж хөөрөх үед нагац ахын нэгэн яриа өнөөдөр гэнэт санаад орж энд буулгахаар шийдэв. Хэдхэн жилийн өмнө зуны нэгэн үдэш нагац ахынд хотоос айлчилж ирсэн ах дүү нарын хүүхдүүд мөн хөгшин ээж бүгдээрээ унтахаар зэхэж байх үед гэнэт тэнгэр харанхуйлж аадар бороо орж эхэлжээ. Гадаа зүйлсээс хураахыг нь хураагаад, мал сүргээ хашихыг нь хашиж аваад "одоо юу л болов гэж" хэмээн бодож суутал бороо улам ширүүсээд ирэв. Ингээд хаяагаар ус шүүрч орж ирэхэд ах гарч гэрээ тойруулан шуудуу ухах гэж оролджээ. Гэвч хэтэрхий оройтсон байв. Усны түрэлт хүчтэй болоод ирэнгүүт ах гэртээ орж ирээд тэнд байгаа хүүхэд хөгшдийг хараад дотроо "ингээд амьтан ах дүүсийн амины өрөнд орох нь дээ" гэж айсан гэдэг. Ах сандарч тэвдээд ирэнгүүт гэрт байгаа хүмүүсийн байдал ч гэсэн ноцтой болж ирэв. Хаяагаар орж ирж байгаа усны хэмжээгээр ямархуу их түрэлт ирж байгаад анзаарсан байсных "хэзээ ингээд бүгдээрээ урсах бол" гэж бодсон хэмээн ярьж билээ. Энэ бүх сандрал айдас дунд амандаа маань бувтнаж байсан хөгшин ээж гэнэт ухасхийж зуухан дээр байсан тогоог авч гарсан гэдэг. Энэ хэсгийг ярьж байхад нагац ахын нүд нь гэрэлтэж байв. Хөгшин ээж азаар тэнд байгаагүй бол марташгүй муухай юм болох байж. Тогоог гэрээс хоёр метр орчим зайд хөмрүүлээд тавингуут түргэн урсгалтай уруйн ус салаалаад гэрийн хоёр хажуугаар өнгөрч байлаа.

Гайхамшигтай! Миний мэдэхийн хөөдсөн гадаргуу дээр юм тогтдоггүй нордоггүй шиг санагдах юм. Одоо бодоод байхад хөөтэй тогоог хөмрүүлээд тавингуут төгс салаалагч бүтэж байгаа юм шиг. Наалдаж бөөгнөрүүлэхгүй, хөмрүүлж тавьсан тохиолдолд хүчтэй түрэхэд доторх агаартаа хөхөгдөж амархан түрэгдэхгүй гэх мэт. Тогоо гэгч энэ эд аманд хоол залгуулахаас гадна амь авардаг юм байжээ :)

1 comment: