2012/08/05

Нум эвшээлгэх

Бас нэгэн жижиг болсон явдал. Энэ дөрвөн сард байна уу даа, эндэхийн нэгэн жижиг тосгонд дундад зууны үеэр хувцаслаж нум сум харвадаг баяр жилд хоёр удаа зохиодог юм байна. Монголд байнга очдог нэг найз маань монгол нумтай бөгөөд намайг өмнө нь хоёр удаа оролцохыг урихад нь яагаад ч юм зав тааралгүй алгасаж байгаад энэ жил санаа зовж заавал оролцоно гэж амлаад оролцов. Багадаа яармагт туулын бургасаар сатуркдсан юмаар (хавчаахай?) харваж, хөрөөний бариул хэсгийг тайрч сүх хийгээд Яношекдэж байснаас өөр ид шидгүй байж чадна гээд л дайрна биз дээ. За тэгээд л буугаад тойрсон олон руу мэндлээд л ороод явчихав аа. Баахан дээр үеийн хувцастай, хүнд урт сэлэм зүүсэн эр, эм, хүүхдүүд байна. Гурван янзын нум байлаа. Европ, монгол, солонгос төрлийн нумнууд байв. Оролцогсдын нэрийг самбарт жагсаагаад дөрвөн төрлөөр харваад эхэлцгээчихэж. Ердийн байт харваа, дөрвөлжин шатрын хөлөг шиг төрөл бүрийн өнгөтэй бай (зарим өнгөтэй дөрвөлжин дээр оновол оноо нь хасагдана), бүргэдийн чихмэл, хөдөлгөөнт байг харваж оносон оноогоор нь жагсаагаад цом гардуулдаг гэнэ. Урьсан найз маань ч бид нартай хамт сүүлдэж ирсэн болохоор тоноглож аваад л шуурхай харваж дуусаад намайг харва гэвээ. За ингээд онигооны хэсэг эхэлж байна. Найз намайг яаж ярьсан юм бүү мэд, монгол хүн ирж харвана гэх дуулианаар урьд жилүүдэд цом авсан хүмүүс нь жаахан чичирсэн байсан юм байж. Би ч найзын надад сунгасан өөрийнх нь нумыг нь гартаа атгаж аваад л ямархуу хүч орохыг нь дор нь танив. Нумыг татах жингээр нь ярьдаг юм байна. Хүүхдийн нум жишээ нь 30 lbs буюу 15 кг орчимоос эхэлдэг юм байна. Анхан суралцаж байгаа нөхдүүд бол 50 lbs буюу 25 кг-н татах хүчтэй нумаар эхэлдэг гэнэ. Нөхрийн нум харин "дөнгөж" 80 lbs буюу 40 кг-нх байсныг сүүлд асууж мэдсэн юм :) За тэгээд харваж байгаа шинэ хүн болгонд тусалж зөвлөж байх үүрэгтэй нөхөр намайг яаж харвахыг ажиглах гэж хэсэг сонжиж байснаа "за жинхэнэ монголоороо харвах юм байгаа биз дээ?" гэж асуув. Би тэгэхээр нь "үнэнийг хэлэхэд монгол нумаараа харваж үзээгүй ээ" гэлээ. Эндээс л чих минь улайсан байж магадгүй гэж одоо би боддог. Бургасан хавчаахайгаар би сумаа баруун талдаа буюу монгол байрлалаар тавьдаг ч гэсэн долоовор дунд хурууны өндөгөөр татдаг нь европ таталт гэдгийг энд л ойлговоо. Наадмын сур харваж байгаа хүмүүсийн зураг хардаг байсан мөртлөө яг тэгж татаж үзээгүй хүнд анх удаагаа эвлэдэггүй юм байна. Сурсанаараа хоёр хуруугаараа татах гэсэн чинь "ээ би монгол хүнд монгол нум татахыг зааж өгнө гэж ерөөсөө зүүдлээгүй юм байна" гэж өнөөх нөхөр уулга алдав. За эндээс л миний нүүр хүрэнтсэн байх гэж би одоо боддог. Эхний сумаа харвангуут хөвч нь шуун дээр хэрчиж байгаа юм шиг л тасхийлгэдэг юм байна. Эхний ээлжиндээ харваж дуусгачихаад хүмүүсийн нүд хариулж байгаад ханцуйгаа жаахан шамлаад харсан чинь шавхуурдаад байсан газарт нь шагайн чинээ хавдчихаж. Толгойд ердөө л "аахаан, ингэдэг юм бий вий" л гэсэн юм орж ирдэг юм байна лээ. Тэгэхэд л бүх хүмүүсийн шууг хамгаалсан ширэн бээлийг анзаарав. За тэгээд л тавьсан сумнууд байшин даваад явчихаваа. Бага залуугийн жаахан бяр гарт байсных л байх, татахад хүндрэлгүй татаж байнаа, онохдоо бол тэнээд л байв. Нөхөр өөрөө булиа эр болохоор яалт ч үгүй тийм хатуу нум хэрэглэдэг юм байна. Бусад нь тэрүүгээр нь харвахыг хүсдэггүй, зөөлөн оночтой европ нумаараа л харваад байв. Би ч ичсэн, шаралхсан даа болоод нөхрийн нумаар л буудаад байваа. Ашгүй хоёрдугаар үеийн шатрын хөлөг шиг байн дээр зарим сайн харвадагууд нь хасах оноотой дөрвөлжин дээр онож, би азаар ганцхан байдаг хамгийн дээд оноо 100 оноотой дөрвөлжин дээр нь онож нэг юм нэрээ аврах шив дээ. "Тэгж байгаад харвавал харвасан шиг харвах нь уу даа?" гэж өнөөх эр тоглож асууж байна. Би дотроо бол "Ёооё ..." гэсэн л уулгатай байлаа. Европ таталтаар хоёр хуруугаа зэрэг тавихгүй бол дараалж тавьсан тохиолдолд сүүлд тавигдаж байгаа хуруу нь чичиргээнд маш хүчтэй шавхуурдуулж мэдээ алддаг юм байна. Ингээд нэг сар гаран дунд хурууны өндөг мэдрэлгүй болсон юм даг.

За онигооны хэсгээс бушуухан холдоё. Бодох тусам бүр чих улайгаад уур хүрээд байдаг юм. Ингээд монголоос нум сум захиулж авчрая гэж эхлээд бодов. Тэгээд ер нь интернэтээр жаахан судлаваа. Манж нум, солонгос нум, япон нум, европ нум, монгол нум, унгар нум гээд л. Энд нэлээн дэлгэрэнгүй бий. За тэгээд л энэ бас энэ бичлэгүүдийг хараад өөрийн эрхгүй харвах хүсэл төрдөг юм байна. Та бүхэн энэ Лондонд болж байгаа олимпоос нум сумаар солонгосчууд яаж харвахыг харсан л байлгүй дээ. Солонгосын нэгэн хөгшин цэргийн ярилцлагыг олж уншив (одоо холбоосыг нь эргээд санадаггүй). Айхтар хөгшин ч биш юмаа бас. Хамгийн сонирхолтой нь солонгосын эр цэргийн албанд нум сум харвах нь заавал хийх ёстой зүйлд ордог юм байна. Тэрнээс гадна солонгос цэргүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсээс ихэнх нь нум сум харвацгаадаг гэж мэдлээ. Чингисийн монгол, хавт Хасарын харваа гээд л том том яриад байдаг хэрнээ бид чинь гээд л дотор бас айхтар хор шар уур буцалж байнаа бас. Зөндөө юм ухаж үзээд дараах дүгнэлтэнд хүрэв. Европ нум бол үнэхээр монгол нумын дэргэд юу ч биш юм байна. Хүүхдийн тоглоом. Манж болон япон нумнууд тогтмол зайнаас хол харвахад зориулсан нүсэр том эд байдаг юм байна. Солонгос болон унгар нум л үнэхээр монгол нумтай ижил зарчмаар ажилладаг юм байна. Монгол нуманд гэхдээ хурдыг нь ихэсгэдэг бас тусгай арга байдаг юм байна. Монгол нум байгаагүй бол Airbus ч бүтэхгүй байх байсан гээд нэвтрүүлэг бас бий. Гэвч монголд байгаа нумнууд бас хөөрхөн үнэтэй юм. 400 доллараас эхэлдэг бололтой. Эхний ээлжинд солонгос нум захиж бэлтгэл хийхээр шийдэв. Удаан хайж байж эндэхийн нэг спорт талбай дээр холын харайлт хийдэг элсэн талбайн өмнөх нь байгаа тавьж байгаад харвах юм бол болох юм байна гэж бодлоо. За тэгээд барилгын дэлгүүрээс бай хийх хөөсөнцөр, байны тавиур хийх юм болов. Байныхаа тавиураа эхний удаад жаахан том, өргөн юм дуурайж хийж машиндаа чихэх гэж хойд хоёр суудлаа нугалахгүй бол болохгүй болохоор болгосон юм. За тэгээд дүү хүүгийн "угсардаг жижиг болговол" гэсэн өгүүлбэрээс санаа авч хийсэн тавиураа зөөврийн жижиг болгож суудал буулгахааргүйгээр зөөхөд амар болговоо. Олимпийн харвах зай 70 метр, миний бэлддэг зай 30 метр, тосгоны харвадаг зай 20 метр. Манай ерөнхийлөгч энэ наадмаар яаж харвасныг мэдэх л байлгүй дээ. Энд ерөнхийлөгчид буруу өгөхөөс илүү улс төрийн албанд ажиллаж байгаа тэр зөвлөх ажилчид бас буруутай юм. Ерөнхийлөгч бүхнийг мэдэх, чадах алба үгүй. Тэр болгоныг зөв зүйтэй өнгөрөөх ёстой хүмүүс нь түшмэд. За за, хадуурч байна. Ер нь харвах бүр, бас онох бүр гоё содон сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Нэг л гоё! Ингээд угсардаг байныхаа тавиурын зургийг үзүүлье.









11 comments:

  1. Яаая харвадаг хэрэг ээ. Ёстой гоё хобби байна.

    ReplyDelete
  2. Сайн байна уу би FreeBSD VPS авсан юмаа тэгээд Xorg суулгаад тохиргоог нь хийх гэхээр ерөөсөө болдоггүй

    Fatal server error:
    xf86OpenConsole: No console driver found
    Supported drivers: pccons (with X support), syscons, pcvt
    Check your kernel's console driver configuration and /dev entries
    гэсэн юм гараад байх юм яавал дээр юм болоо нэтээс зөндөө ухаад боломжийн хариу олдоггүй ээ , надаа туслаач гэж гуйх гэсэн юмаа

    ReplyDelete
    Replies
    1. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэлгүйгээр ийм асуултанд хариулахад их төвөгтэй. Миний ойлгож байгаагаар суусан чөтгөр чинь jail дотор буюу шоронд байгаа эд болов уу. Хэрэв тийм бол цөмөө шинээр хөрвүүлнэ гэсэн асуудал байхгүй. Шорон дотор X сервер ажиллуулахад цөм дэх консолын тохиргооноос үл хамааран яаж ажиллуулах гэж байгаагаас болж бас ийм алдаа өгдөг бололтой. Сүүлийн үед чөтгөртэй бага зууралдсан болохоор сайн тусалж чадахгүй нь. Энэ форум дээрх хүндрэл таныхтай ижил юм шиг байна. #4 т хэлсэн нөхрийн зааврыг дагаад үздээ.

      Delete
  3. Тиймээ шоронд байгаа, баярлалаа минийхтэй ижилхэн юм шиг байна юу ч гэсэн оролдоод үзье

    ReplyDelete
  4. Монголчууд ингэж л харвадаг байсан.Гэхдээ 13р зуунд...


    Олон жил уулзаагүй дуу нар нь төрсөн ахыгаа тэврэхийг тэсч ядан хүлээхийн сацуу цэгцтэй өссөнөө харуулах гэж хэзээний дайчин эрс шиг зэрэгцэн зогсч байлаа. Энэ жил арван зургаан нас хүрч буй, их төрийн албанд удахгуй татагдах болсон Булгадар, Тодой хоёр ахыгаа учиргүй их бахархаж биширсэн харцаар ширтэнэ. Халуун дотно уулзалт, аян дайны сонин хачин, адал дурсамжийн яриа удтал ургэлжилсэн хойно Тодой гэнэтхэн ахынхаа яриаг тасалж "Та бидний цэц мэргэнийг шалгаж узэх уу? Уржигдар Булгаа бид хоёр зээр харваад. Нэг харайлт дунд нь би хоёр, Булгаа гурван сум яг зуун ташаанд нь зоогоод л унагасан" хэмээн хөөрөлхөв. Аминдурал "Нэг харайлтан дунд нь гурван сум тавьж байна гэдэг шалмаг байна шуу. Тиймээ. Тастөмөр өө" хэмээн анд руугаа нүд ирмэн дүү нараа урамшуулаад зогсохгуй ур чадварыг нь өөрийн нүдээр харахыг хүслээ. Цэц мэргэний тэмцээнд энэ жил арван гурав хурч яваа охин дуу Усун ч бас оролцохыг хүсч, нум саадагаа мөрнөөсөө мултлав. Булгадар ахдаа мундаг харвадагаа харуулахыг учиргуй хусч дээшээ тэнгэр луу харсан боловч нисч яваа ганц ч шувуу харагдсангуйд дотроо туйлын их харамсч урам нь хугарав. Уг нь шувуу нисч байсан бол нумаа ганц татаад л ахынхаа хөл доор унагаж уулга алдуулъя хэмээн бодсон аж. Өмнө нь тэрбээр нисч яваа шувууг гурван ч удаа алдалгуй унагаж байсан ч чинос овгийн Нагачу зайрангийн хуу Эмехэй шиг нэг сумаар нисч яваа хоёр шувууг ташраар нь нэвт харван унагаж сураагүйдээ дотроо бачууран атаархдаг байв. Зуун алдын зайд модноос өлгөсөн арьсан өмбүүлийг эхлээд Тодойгийн харвасан сум яг голоор нь нэвт хаван мэргэн тусч зоогдлоо. Харин Булгадар нуд ирмэхийн зуур угсруулан хоёр сум цэцэн тавьж магнайлав. Сум татах биш угалз мэтгэж баймаар уян нарийхан хуруутай Усун охин арьсан ембуул руу биш тавин алдын зайд хатгасан саваа мод руу нумаа онилж, харвасан сумаа оройд нь зүүлттэй төмөр цагирагны голоор хавуулан тогтоож орхилоо. Тэдний энэ тэмцэлдээнийг Сартуул улсаас олзлогдож ирсэн хэдэн уйгар барлаг шулсээ гоожуулах нь холгуй гайхан харж толгой сэгсрэн шогширцгооно. Охин дуудээ атаархсан Булгадар төмөр цагираганд тогтсон сумыг ахиад араас нь мэргэн харваж газар тулхэн унагалаа. Үүнийг харсан уйгар боолчууд өөрийн эрхгүй дуу алдан шагширцгаав. Харийн хүмүүст нуудэлчдийн иймэрхуу наадгай нь ер бусын гайхамшигтай тэмцээн, харваж буй улс нь хамгийн шалгарсан дайчид шиг санагдах боловч монголчууд бол үүнийг өдөр тутмын ерийн л ажил, хар нялхаасаа хавчаахай нумтай ноцолдож, хаа сайгуй ан гөрөө эргүүлж дадсан жирийн л багачуулын наадаан хэмээн ул тоомсорлох тул нэг их анзааралгуй мөр мөрийн ажлаа хөөн одоцгоох ажээ. Өөр өөрийн эрдэм чадлаа үзүүлсэний дараа дүү нар нь "Одоо Амиа ах та бидэнд нумныхаа чадлыг үзүүлээч" гэж гуйхад Аминдурал "Дараа цөмөөрөө буганд явах үеэр үзүүлье. Тастөмөр өө, харин чи нэг харваж үзүүлээч" гэж өгүүлэв. Ортууд омгийн өндөр ясархаг биетэй дайчин нуруунаасаа нумаа зугуухан сугалаад эвлэгхэн гэгч нь хурдан сумласнаа нэлээн өндөрт сая л гарч ирсэн элээ руу эвшээлгэн онилов. Нэвт харвуулсан элээг доош шидсэн чулуу шиг салхи зүсэн унах замд нь тэрбээр ахин хоёр ч сум тавьж амжсан бөгөөд мөчийн дараа гурван суманд сүлбүүлсэн шувууг авчрахад Тастөмөр Булгадарт сумтай нь хамт бэлэглэлээ. Сум гэдэг тал нутагт мөнгөн шагайнаас ч илуу ховор үнэтэй бэлэг учир Булгадарын хөл нь газар хүрсэнгүй. Энэ уед ах нь "Аян дайныхаа сонин хачнаас орой тухтай хуучилнаа" гэж хэлээд найзыгаа дагуулан их өргөөний зүг алхахад хөвгууд ортууд эрийн сумаар харваж узэх гэж хоорондоо булаацалдан хоцорчээ.

    /Монголчууд Шаолин сүмийнхэнтэй тулалдсан нь/

    ReplyDelete
  5. Сайн уу би толгойгүй суулгац хийгдсэн freebsd VPS авсан юмаа Тэгээд үүн дээр VNC (x11vnc)хийж болох боловуу эсвэл xorg суулгаад хийх үү , хэрэв xorg суулгахаар бол Xvfb гэх мэт зүйлийг ашиглаад яаж хийх юм бол уул нь миний санаагаар бол яг windows remote desktop шиг холбогдох гэсэн юмаа уул нь freebsd-с бусад линукс дээр хийх аргууд байгаад байгаамаа
    http://www.scotttyee.com/blog/2009/12/09/linux-headless-ubuntu-with-vnc/
    http://gpio.kaltpost.de/?page_id=84
    http://www.ghacks.net/2010/11/28/configure-linux-to-boot-without-a-monitor/
    freebsd дээр үүнийг яаж хийдэг юм бол гэж google-с хайгаад ерөөсөө хариулт олдоггүй та бүхэнд мэдэх зүйл байвал надад туслаач

    ReplyDelete
    Replies
    1. freebsd vps рүүгээ VNC эсвэл график орчноор холбогдох гэж буй бол Xorg сервер ямар ч байсан ажиллуулах ёстой. freebsd vps чинь бараг л VM байгаа болов уу, хэрэв тийм бол Xorg болох ёстой, шоронд байгаа бол болохгүй байх.
      Xorg ажиллуулчихвал заавал VNC-ээр биш X forwarding ашиглаад X-ийн ямар нэг програм өөрийн десктоп дээр ажиллуулж болно

      Delete
    2. Баярлалаа хариулсанд минийх шоронд байгаа
      It's not going to be possible to run xorg on freebsd jail as we are using custom kernel that does not have necessary drivers. гэсэн хариу өгсөн
      гэхдээ миний бодлоор драйверийг нь
      http://www.ghacks.net/2010/11/28/configure-linux-to-boot-without-a-monitor/
      http://gpio.kaltpost.de/?page_id=84
      эд нар шиг ажиллуулаад xorg суулгаж болж магадгүй гэж бодогдсон юмаа. Харин яг үүнийг FreeBSD дээр хийж болдог боловуу , нэг л сайн аргыг нь олж өгөхгүй байгаа юмаа

      Delete
    3. Линукс дээрх шиг FreeBSD дээр мониторгүйгээр ашиглаж болно, гол нь наад үйлчилгээ авч байгаа газар чинь дэмжихгүй юм байна. Чи өөрийнхөө машин дээр VM суулгаад дээр нь FreeBSD суулгаж байгаад сервер маягаар тохируулаад тэгээд дээрх линкэд заасан шигээр тохируулаад туршиж болно шүү дээ

      Delete
    4. Ер нь desktop болгож хэрэглэхгүй л гэж байгаа бол сервер лүү график ашиглаж холбогдох хэрэг байна уу? Тэрний оронд гарнаас бичсэн тушаалаар серверээ хэрхэн тохируулж засаж сурах вэ гэдэгт анхаарлаа тавьбал илүү их юм сурах байх даа? :)

      Delete
    5. server дээрээ давхар Wine ажиллуулдаг юм билүү гэж бодоод ,jail болохоор одоохондоо болдоггүй л юм шиг байна

      Delete