2012/04/27

Мангаа үндэслэв



Ажлын нөхрийн өрөө нэг иймэрхүү. Энэ зураг манай салбар өөр байшинд нүүсний дараа авсан зураг тул нүүх явцад хугарч, муудсаныг нь тайрч бараг талыг нь авсаны дараах харагдац. Өмнө байсан өрөөний буланд дэлгэцийг нь давсан навчнуудын дунд нөхөр суудаг байсан бөгөөд орж ирээд харахад яг л амазоны нэг нүхэнд компьютертэй хүн сууж байгаа юм шиг харагддаг байж билээ. За тэгээд нүүж байхад зөөдөг шат, хаалга, гадуур зөөх гэх мэтэд урагдаж тасдагсаар үлдсэн нь энэ.

Monstera хэмээх энэ ургамалыг анх харахад сүрдмээр, бас monster буюу мангаа гэдэгтэй адилхан сонсогддог болохоор би үүнийг "мангаа" гэдэг юм. Нүүлгэлцэж өгч байхдаа нэг хэсгийг нь тайрах болоход нь би авч тарьж үзье гэснээр энэ блогийг бичих шалтгаан гарч байгаа нь энэ билээ.


Эхлээд ердөө л тайрсан хэсгээ усанд хийж үндэслүүлдэг юм байна. Шууд тайрч авсан хэсгээ устай хувинд тавиад хэд хоноход жижигхэн цагаан үндэс шиг юм цухуйгаад эхэлдэг байгаа. Энэ ургамалаас урт урт бор өнгийн юм давхар ургаж унждагийг нь хүмүүс агааржуулагч хоолой нь гэдэг юм байна. Ажлын нөхөр анх үүнийг нь үнэхээр агааржуулах үүрэгтэй юм байна гэж бодоод суулгасан савных эргэн тойронд нь байлгасан нь дараах зурган дээр харагдана.



Гэвч нөхөр интернэт дээр хайж судалж мэдсэн зүйлээ намайг суулгаж байх үед зөвлөж ингэж хэлсэн юм: Эдгээр нь агааржуулагч хоолой биш, хүмүүс л тэгж нэрлээд байдаг болохоос биш үндсэн үүрэг нь газар олж ус сорох гэж хайж доошоогоо унжиж ургадаг. Тийм болохоор үндэслүүлэх гэж байгаа ус руугаа дүрчих. Яадагийг нь харъя. Навчны тэр том том нүхнүүд нь бол ердөө л өөрт нь далдлагдсан навчиндаа гэрэл нэвтрүүлэх гэж нүхтэй ургадаг юм байна гээд л ...


Байгаль үнэхээр гайхамшигтай зохицолдлогоотой юм даа. Би ч хэлсэнээр нь бүгдгийг нь устай хувинд дүрээд тавиад хэд хоносон нь дараах зурагт харуулав.




За тэгээд л үнэхээр тэр нь агаар сордог биш, газар хайж ургадаг нь зурган дээрээс харагдаж байгаа биз? Гайхамшигтай. Ингээд л баярлаад хоёр гурав долоо хоног болоод байсан чинь нөгөө ус нь үнэр ороод, булингартаад эхэлдэг юм байна. Нөхөр өрөөний хажуугаар орж ирж харсанаа. Пөөх үнэртэж байна. Усыг нь солих хэрэгтэй, хэрэв ингэж ялзрах юм бол наадах чинь тэр чигтээ хэрэггүй болно гэвээ. Хэхэ, ус солино гэж ерөөсөө толгойд орж ирээгүй юм байна. Бас яагаад ч юм энэ хоёр мөчир нь анх жаахан сэргэж өндийж байснаа буцаад доошоо гудайгаад байсныг нь тэгэхэд ойлгов. Усыг нь долоо хоногт нэг удаа бүрэн солиод хоёр долоо хоног орчим болоход л мөчир нь бүр босоод ирдэг байгаа. Бас нөгөө үндэснүүд нь бүр багсайгаад эхэлвээ. Ургамал хүртэл өөрт нь шаардагдах нөхцлийг нь бүрдүүлэхээр өндийгөөд ирэхийг нь харахаар их сонин сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Мангас тэжээж байгаа юм хойно хэхэ.




Ингээд газар авч торхонд булж суулгаваа хөөрхий. Дасах гэдэг юмуу, нөхцөл нь өөрчлөгдөхөөр бас тэгдэг юмуу нөгөө хоёр мөчир бас гудайгаад эхэлдэг юм байна. Доод хоёрыг нь бол угаасаа би тоохгүй орхичихсон юм. Энэ хоёрыгоо л би "олимпын хоёр найдвар" гэж нэрлэчихсэн тордож байгаа нь тэр шүү дээ :)




Гэтэл миний магнай хамар хоёрын дунд байдаг хоёр цэхэр маань бас нэг юм олж харлаа шүү. Олимпын хоёр найдварын нэгнийх нь зах нь шарлаж эхэлсэн бөгөөд нөгөө нь харин ногооноороо байгаад байсан тул "Олимпын ганц найдвар" болж өөрчлөгдөв. Тэгсэн чинь миний ам хамар хоёрын дээхэн талд байдаг өнөөх хоёр цэхэр чинь бас нэг юм олж харлаа. Олимпын найдварын нурууг нь угнаас дагуулаад цагаан зураас татаж хэд хонож байсан нь сүүлдээ зурган дээр харагдаж байгаа эрвээхэйн авгайлдархуу шиг хумиастай юм болоод ирдэг юмдаа. Ингээд дараах хэд хоногт ажилдаа орж ирэнгүүтээ л нөгөөхөө харж шалгадаг дон тусваа. Өдөр болгон шахуу өнөөх нь томорч өндийсөөр зурган дээрх шиг харь гаригийн амьтны хамарнаас гарсан антенн шиг юм болоод өндийчихлөө. Нээрээ мангас тэжээж байгаагаа мартчихсан байна шүү дээ хэхэ.






За таминь ээ тэгсэн чинь өнөөх миний эрүү зулай хоёрын дундах эд юмсыг харж чаддаг өнөөх хоёр цэхэр чинь бас нэг юм олж хараваа. Тав дахь өдөр нь л гозойчихсон байсан мангасын антенн чинь нэг дэх өдөр өглөө ороод ирсэн чинь пал хийтэл малийсан юм "Аавааа..." гээд байж байдаг байгаа. Иййй...




Дараах хоёр зураг бол нэг нь долоо хоногийн дараа, өнөөх нь дэлгэрсэнээс хойш хоёр долоо хоногийн дараах байдал. Залуу хүүхдийг "чи ч ногооноороо байна даа" гэдэг дээ. Мангасын энэ жижиг хүү ч бас ногооноороо байгаа биз? хэхэ. Долоо долоо хоногоор л өнгө нь ахмад навч шигээ өтгөрч ирж байгаа нь анзаарагдсан юм.





Хов сонсдог хоёр дэлдгэрээс алга дарам газар байрладаг үнэн гэж батлахад хэрэглэгддэг өнөөх хоёр цэхэр маань бас нэг юм харав. Шинэ хүүгийн нурууны дээх нь болохоор товгор салаалах үзүүр, доор нь болохоор бондгор боожгой шиг юм гараад ирэвээ. Өө уучлаарай уншигч авхай, агааржуулагч хоолой байсан юм байна. Би бодохдоо мангасын хүү юм чинь доороо бас чанарын тэмдэгтэй л юм байж таараа гэж бодчихож :)





Би амьдралдаа ерөөсөө мангас тэжээж байгаагүй юм байна. Цэцэг ч тарьж үзээгүй болохоор мангас үржүүлнэ гэж санаанд ч багтдаггүй байв. Одоо бол жаахан дөртэй болж байх шиг. Долоо хоногтоо нэг л ус өгнө. Өглөө ирэнгүүтээ гар шүршүүрээр навчнуудыг нь усаар шүршинэ. Ингээд л болоо. Мангас юм чинь цадаж ханахаа мэдэхгүй алж өгөх юм байх гэсэн чинь арай өөр юмаа.


За нэг иймэрхүү. Энэ блог миний урьд өмнө бичиж байсан IT блогноос хамгийн онцгой технoлогитой нь байсан байхөө :)

7 comments:

  1. Монстерагийн Монгол нэр нь Лагийн хуяг цэцэг гэж номд бичсэн байдаг

    ReplyDelete
  2. Еоо бичсэнийг чинь уншаад яг элэг хатах гэж байна шд ккк. Тэр урт урт бор зүйлийг нь Агаарын үндэс гэдэг үндэс зөвхөн газар доор байдаг зүйл биш л дэ амьдрах орчин нөхцөл онцлогоос хамаарч их олон янз шүү.

    ReplyDelete
  3. Баярлалаа Лхагвасүрэн! Лагийн хуяг гэж бас лаг ланжгар нэр байна шүү. Мэдэж авлаа :)

    ReplyDelete
  4. Манайд бас нэг ийм МАНГАА байсан юм байна. Гэхдээ навч нь ингэж олон салдаггүй. 2 2 л салдаг байсан. Даанч өнгөрсөн өвөл гэрээ орхиж хэд хоног яваад хөөрхий МАНГААГ цааш харуулсан даа...

    ReplyDelete
    Replies
    1. Их л олон хоног гэрээ орхиж дээ янз нь? Уул нь хэдхэн хоногийн өлийг даачихдаг юм шиг санагдсан. Эсвэл хөлдөөсөн бол ч дорхноо цаашаа харна шүү.

      Delete
  5. манга цэцэг зарна маш том урагсан байгаа холбоо баривал 99072369

    ReplyDelete
  6. 95297550 ene tsetsgiig zarna mash tom uragsan bgaa

    ReplyDelete