2014/06/23

Хайрт эх орон

Уржигдар нэгэн цус хөөргөсөн нэвтрүүлгийг үзээд, мөн өмнөх блогийн сэтгэгдэл дээр яагаад чимээгүй болсныг минь асууж сурагласныг уншаад өнөөдөр нэг юм бичмээр санагдсаных энд сараачиж сууна.

Товчхондоо бол: энэ блог дээр сараачиж байдаг гурван нөхөд гурвуулаа завгүй байх шиг байгаа юм. Миний хувьд ажлын бусад цагаар амжуулж бүтээх зүйлс гээд жагсаалт барьж явдаг мөртлөө яагаад ч юм эхэлсэнээ дуусгаж чадахгүй, эхлүүлж ч чадахгүй зүйлстэй, нэг тиймэрхүү төлөв байдалд хэдэн сарыг өнгөрөөж байна. Жишээ нь, үнсэн самбар гээд хүүхэддээ монгол бичиг зааж өгөхөд дөхөм болгох гэж эхлүүлж хийсэн зүйлээ одоо болтол бүрэн дуусгаж чадаагүй явж л байна. Эсвэл энийг дуурайж хийсэн хайрцаг маань хүнд үзүүлэхэд ёстой ичмээр дамшиг шиг юм болж гэртээ нуугаастай байж л байгаа. Гэх мэтчилэн хувийн сонирхолоор гэж хийсэн, хувьсгалд зориулж хийх гэсэн гэх мэт юмс толгойд байгаа ч тийрч давхиад гүйцээж чадалгүй цаг алджээ.

Эсвэл юу ч чаддаггүй юм байна гэдгээ мэдээд дуугаа хураасан ч байж болох юм (нөгөө хоёроо биш өөрийгөө хэлж байгаа юм шүү) :). Гэхдээ, хүн сураглаж байгааг мэдэх бас зүгээр санагдсаныг нуух юун. Хойшид чадахгүй ч чадсан юм шиг, хийгээгүй ч хийсэн юм шиг гээд юм бичиж байяа :)

За одоо гол сэдэв рүүгээ оръё. Юуны өмнө, Го.Бадарч гуайд дүйнгэтэж битүүрсэн толгойг цочиж задартал сэрээсэн нэвтрүүлэг хийсэнд тань чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Нийгмийн давхрага бүрээс жишээ авч, ялангуяа эрдэмтэн мэргэдийн дүлэгнэж түгдэрч гацсан биш шулуун оночтой яриаг чагнахад үнэхээр бахдалтай байлаа. Ингээд төрсөн сэтгэгдлээсээ жаахан нээмээр санагдаж үүнийг сараачиж байгаа билээ.

Энэ нэвтрүүлгийг залуучууд бол заавал үзэх хэрэгтэй. Үзсэн нэгэн нь үзээгүйдээ хэлж тараах хэрэгтэй. Үзэл санааны ямарваа нэгэн хагарал гарахгүйгээр хийсэн нэвтрүүлэг болсон гэж би бодож байгаа учраас үүнээс болж хэрүүл маргаан үүсэх ёсгүй. Монголыг хятадтай турхирсан ч юмуу, ямар нэгэн хэмжээгээр хальж "хэн нэгний" бууны нохой болж залуучууд маань бүү алдаасай. "Үг, үзэл санаа хоёрт бүү итгэ, үйл хэрэгт нь итгэ" гэж хэлж байгаа хэсэг бол чухал хэсэг.
Үзсэн залуу хүнд бол ямар ч байсан эх орноо хайрлах, хамгаалах сэтгэгдэл төрж байгаа гэдэгт итгэж байна. Тэр хэмжээгээрээ бид төрийнхөө удирдлагыг жинхэнэ монгол болгоход хөндлөнгийн гар толгой биш зөвхөн бидний толгой л шийдэж хийх юм байна гэсэн үүрэг ногдож байгааг ухамсарлаасай. Долоон сарын нэгнийх шиг үйл явдал дахин гараасай гэж хүсдэг хүмүүс байдгийг мэдүүштэй. Интернэтээр дүүрэн хэрүүл маргааны чимээ сонсогдож байна. Энэ нэвтрүүлгийн гол агуулга бол хэрэлдэж маргах түвшинд үзүүлсэн сэдэв биш байсан юм. Үндэстний тусгаар тогтнол ярьж байхад хажууд нь мөнгө ашиг ярьж байгаа тэр Дамба мэтийн бууны нохойнуудад үнэтэй үгээ бүү бар. Баттулга шиг л босоод явчих хэрэгтэй. Үйл хэргээрээ бид харуулах ёстой. Өөрийгөө боловсруулж, нийгмийн идэвхи үзүүлж, сонгуульд ухаалгаар оролцож, хог тоосоо гүвж, харийн хэлийн урт сунгасан сэдэвтэй нүд чих тагласан кино үзвэрт үнэт цагаа алдалгүй хийх бүтээх эрмэлзлээр өөрийгөө цэнэглэж эх орноо аварч хамгаалах ёстой юм шүү.

За бүр огшоод гар салгалаад ирлээ. Явж димидрол уух юмуу эсвэл ажлаа цааш нь хийе дээ :)

Монгол орон мандан бадраг!



2 comments:

  1. Долоо хоног бүр блог руу чинь шагайж нийтлэл нэмэгдэж үү харж явдаг шүү. Бичиж байгаарай

    ReplyDelete
  2. би ч гэсэн байнга л хардаг

    ReplyDelete