Showing posts with label dsl. Show all posts
Showing posts with label dsl. Show all posts

2011/10/04

Фриц хайрцаг

Сарын өмнө интернетийнхээ хурдыг ихэсгэж 50 Mbit-ийн хурдтай VDSL тавиуллаа. Цаанаас нь Фриц!хайрцаг 7570 гэсэн рүүтэр дагаж ирж байна. Берлиний AVM гэж компанид үйлдвэрлэгдсэн энэ рүүтэр европт нэлээд өргөн тархсан бөгөөд 200 аад евро орчмын үнэтэй зарагддаг, VDSL, WLAN, ISDN, USB, VOIP, DECT гэх мэт их функцтай нэлээд сайн рүүтэрүүдийн нэг юм. Урьд нь 10 евроны үнэтэй рүүтэр хэрэглэдэг байсан учир гайгүй рүүтэртэй боллоо гэж их баярлаад рүүтэрээ залгатал утасны компани маань рүүтэр үйлдвэрлэсэн компанидаа лиценз төлөхгүй гэсэн бололтой зөвхөн VDSL, WLAN болон нэгхэн VOIP сервер дэмждэг фирмвэйр (үйлдлийн систем) суулгачхаж. Тэгэхээр нь бусад функцийг нь яаж идэвхжүүлэх вэ гээд Гүүглээс хайвал фриц хайрцгуудад зориулсан Freetz (Free + Fritz гэсэн үгнүүдээс зохиосон зохиомол нэр) гэж нээлттэй эхийн үйлдлийн систем байдаг юм байна.

За тэгээд фриц хайрцаг дээрээ Freetz суулгахаар шийдэв. Эх кодыг нь татаж авч компайлдчхаад FTP_Uploader гэж програм ашиглаж рүүтэр лүүгээ хуултал рүүтэр маань асахаа болив оо хөөрхий. Асаангуут л хамаг гэрэл нь анивчаад унтарчих юм. Нэлээд хэдэн цаг оролдоод сүүлдээ аргаа бараад фирмвейр хуулдаг програм маань алдаатай хуулаад байж магадгүй гээд өөр хуулдаг програм хайгаад ruKernelTool гэж програм олов. Тэгээд энэ програмыг ашиглаж компайлдсан фирмвэйрээ суулгах гэтэл бас болдоггүй. Утасны компани маань фриц хайрцгийн 16 МB flash memory-г нь 8 MB, 8 MB-аар хоёр хуваачихсан, мөн bootloader нь 8 МB-ийн хэмжээтэй фирмвейр дэмждэг аж. Тэгээд Freetz-ээс хамаг функцийг нь хасаж байж 8 MB-ийн хэмжээтэй фирмвэйр үүсгэж аваад ruKernelTool програмаараа хуулав. Ямар ч байсан рүүтер маань асаж байна. Freetz нь bootloader ашигладаггүй шууд RAM руу хуулаад тэндээсээ flash memory руу фирмвэйр хуулдаг өөрийн гэсэн функцтэй аж. Тэрийг нь ашиглаад анх компайлдсан Freetz-ээ хуулаад рүүтэрээ асаав. Ямар ч байсан DECT нь ажиллаж байна харин интернет холбогддоггүй. Тэгээд дахиад Гүүглээс яагаад интернет болохгүй байна гээд хайв. Тэгтэл утасны болон интернетийн үйлчилгээ үзүүлдэг компани маань Германы цахилгаан холбоо компаниас өөрсдөө интернет үйлчилгээ аваад тэрүүгээр ээ дамжуулж 2 VLAN үүсгээд нэгээр нь интернет нөгөөгөөр нь утасны (Германы цахилгаан холбоо компаниас интернет хөлсөлж байгаа учир аналог утас тавьж болохгүй харин зөвхөн VOIP утасны үйлчилгээ үзүүлдэг, ашиглаж байгаа хүнд бол энэ ялгаа нь бараг анзаарагдахгүй) үйлчилгээгээ явуулдаг аж. Энэ технологийг Next Generation Network гэдэг аж.

За тэгэхээр утас болон интернетээ ашиглалтад оруулахын тулд энэ VLAN болон VOIP тохиргоонууд хэрэгтэй болов. Нөгөө утасны компани энэ мэдээллүүдээ яагаад ч юм их нуудаг аж. Фирмвэйр дээрээ ч гэсэн энэ тохиргоонуудыг олохоос сэргийлсэн хамгаалалтууд хийж. Аз болж 2 жилийн өмнөх фирмвэйр хувилбар дээр нь buffer overflow бололтой нэг алдаа гарч. Фирмвэйрийнхээ тохиргоог экспортлоод нэг сонин тэмдэгт бичээд буцааж тэрийгээ импортлоод өөрийнхөө гэрийн дугаар луу залгатал рүүтэр дээр маань telnet асаж байх юм. Үүнийг нь ашиглаж VLAN, VOIP тохиргоогоо аваад Freetz дээрээ хийтэл бүх юм нь ажиллаж байх нь тэр.

Дараа нь ЖМобайл VOIP рүүтэр дээрээ тохируулах гэж үзэв. Монголчууд болсон хойно ЖМобайлыхан серверээ буруу тохируулчхаж. Рүүтэр ЖМобайлын сервертэй холбогдохоор Digest authentication хийх үед realm гэдэг утга нь хоосон байгаад байв. Фриц хайрцаг маань ийм стандарт биш хариу ирэхээр буруу байна гээд холбогдохгүй байв. Яаг энэ алдааг жилийн өмнө Хашэрдэнэ олоод ЖМобайлын инженертэй холбогдож засуулсан аж. Тэгтэл тэр алдаа нь буцаад гараад ирж хөөрхий. Тэгэхээр нь dtmfbox гэж стандарт биш хариу ирсэн ч гэсэн холбогддог soft voip switch програм рүүтэр дээрээ суулгаж байж ЖМобайл ашигладаг боллоо. За ингээд Монгол утасны номер луу залгахын тулд эхлээд гэрийн утаснаас фриц хайрцагруу залгана, фриц хайрцаг маань цаашаа энэ dtmfbox гэж програмтай холбогдоно, тэндээсээ ЖМобайл VOIP сервертэй холбогдоно, тэгээд Монгол дахь утас дуугарна даа. Буцахдаа буцаад энэ замаараа ирнэ. Рүүтэр дээрээ жишээ нь гэрийн утаснаас 9911-аар эхэлсэн утас руу залгавал ЖМобайл ашигла, 0179-оор эхэлсэн утас уруу залгавал Герман VOIP ашигла гэх мэт заагаад өгчихсөн тул ийш тийшээ залгахад тун амар аж. Фриц хайрцаг маань ямар ч байсан урьд нь ашигладаг байсан 10 евроны рүүтэрийн хажууд жинхэнэ рүүтэр юм байна гэдгийг нэг хоног ашиглаад мэдрэв :)

Фриц хайрцагтай холбоотой бусад бичлэг:

2010/05/26

"Фриц хайрцаг"-тай танилцсан минь

Гэрт байсан утасгүй сүлжээ бүхий рүүтэрээ хүнд өгөх болсон тул шинийг авах шаардлага гарлаа. Нэгэнт авч байгаагийнх арай сүүлийн үеийн дөнгүүр юм авах санаатай eBay-с хайж байтал хэвлэгч болон диск залгаж болдог ASUS-ийн боломжийн юм гарч ирэв. Захиалах гээд үзтэл хүргэлтийн зардалтайгаа нийлээд овоо хэдэн ногоон болж байна.

Ингээд хүн үнэтэй юм авахынхаа өмнө хэсэг тээнэгэлздэг шиг жаахан суув. Юмыг яаж мэдэхэв гээд юм асуух бүрд мэдэж байдаг, надаас илүү олон оймс элээсэн "нөгөө" хүнээсээ асуутал бас л мэдэж байх юм. Нөгөө хүн миний авах гээд байгаа рүүтэрт:
- NAS руу зөвхөн FTP ашиглаж ханддаг
- openwrt дэмждэггүй юм байна
гэсэн 2 сул тал байгааг хэлээд програмч хүний гарын доор байхаар нэг рүүтэр санал болгосон нь Фриц хайрцаг байсан юм.

Дэлхийн дайны үед герман цэргүүдийг оросууд "фрийцүүд" гэдэг байсныг бодоход ямар ч байсан германы эд бололтой. За тэгээд боломжуудыг нь үзээд ам ангайн шууд л захиалчихлаа. Хамаатны ах германаас ирэх гэж байсан болохоор хүргэлтийн зардал ч хэмнэгдэв.

Боломжуудаас дурдвал:
- Өөртөө ADSL модемтой
- 4 LAN, WLAN
- DECT салгуу утастай хоршуулан хэрэглэх боломжтой
- Суурин утасны шугамаа залгаад автомат хариулагч, факсын машин болгон ашигладаг
- DECT утсаа VoIP болон суурин утасны аль алинд нь ашиглах боломжтой
- Нэг USB залгуурт нь салаалагч залгаад 9 хүртэлх тооны хэвлэгч, татагч (scanner), диск залгадаг
- Bittorrent програм суулгаад тасралтгүйгээр юм татдаг
- Хамгийн гол нь линүкс үйлдлийн системтэй байлаа.

Ирсэн даруйд нь задлаад залгатал хамгийн эхний асуудалтайгаа тулгарав. Ам ангайж байхдаа герман болон олон улсын гэсэн ялгаатай 2 хувилбар байсныг нь огт анзааралгүй герман хувилбарыг нь авчихаж. Аз дутахад одоогоор англи хэл рүү шилжүүлэх боломжгүй аж. За энэ ч яахав, Гүүгл ах асуудлыг шийдээд өгнө биз.

Ингээд SkyCC DSL тохиргоогоо хийн холбогдох гэтэл хариу алга. Залгуурынх нь ч учрыг олж чаддаггүй. Нөгөө хүнээ зовоон шалгаатал шаардлагатай мэдээллүүдийг эндээс олж өгөв. Тэгээд баахан ухаж ухаж Германд ADSL -ийн Annex B хувилбарыг ашигладаг, бусад улсад Annex A -г ашигладаг гэж мэдэв. Нөхдүүд фриц хайрцагны Annex B -тэй DSL програмыг нь Annex A болгож өөрчлөөд ашигладаг аж. Би ч бас Annex A руу шилжүүллээ. Бас л байдаггүй. Энд тэндээс юм үзэж байхдаа Freetz -г олж мэдээд рүүтэрийнхээ програмуудыг өөрчилж эхэллээ. Интернэтэд бас л холбогдож чаддаггүй. Ингэсээр нөгөө хүний зөвлөснөөр SkyCC DSL модемоо үзтэл ADSL биш SDSL байх нь тэр. Ингээд өөрийн SDSL модемоо рүүтэр рүүгээ давхар залгахаас өөр аргагүй болов.

Хэвлэгч болон дискээ залгаад шалгатал болж байна. Bittorrent -р баахан кино, тоглоом татав. Тэгээд бас яаж зүгээр байхав гээд факс, автомат хариулагч тохируулах гэж оролдлоо. Рүүтэр рүүгээ суурин утасны шугамаа бас суурин утасны аппаратаа холбоод гадагш дуудлага хийтэл болоод харин гаднаас дуудлага хийхээр авагдаад л тасраад байх юм. Фриц хайрцаг маань дугаар илгээхгүй дуудлагатай харьцахгүй гэж байгаа юм уу гэж бодоод суурин утсандаа дугаар илрүүлэх үйлчилгээ хийлгэв. Бас л байдаггүй. Ингээд эцсийн бүлэгт суурин утасны шугаманд бурууг өгөхөөс өөр аргагүй болов. Учир нь фриц хайрцаггүйгээр манай утасны дугаар илрүүлэгч 30 орчим дуудлаганд 1 удаа л ажиллах юм. Ажиллахгүй ч биш, ажиллах ч биш ёстой 2-ын хооронд. Гайхаад асуутал Цахилгаан холбоо ХХК-ий лавлах нь манай утасны аппаратанд бурууг өгөөд утсаа шидчихлээ. Ингээд мухардаж факс, автомат хариулагч шонгийн мод болов.

Хэсэг хугацааны дараа доторх ADSL модемыг нь шалгаж үзэхээр Micom DSL -тэй газар иртэл ажиллахаар барахгүй факс, автомат хариулагч нь ч болж байна. Micom ADSL2+ Annex M -ийг ашигладаг юм байна.

Ингээд фриц хайрцагтай хэрхэн бүтэлгүй бүтэлтэй танилцсан түүхээ өндөрлөе.

Ойрын ирээдүйд энэ хайрцгийг ашиглан гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг удирддаг юм хийнээ. Түлхүүрээ мартчихвал гэр рүүгээ утасдаад DTMF код илгээхэд хаалга онгойх жишээтэй. Эсвэл галын дохиолол идэвхижвэл фриц хайрцаг маань над руу утасдаад "гал" гэж хэлдэг байхаар ч юм уу.