Сүүлийн хэдэн өдрүүдэд энэ бас энэ, тэгээд үүнийг дараа нь түүнийг гэх мэтчилэн нийтлэлүүдийг унших бүр багадаа "чаддаг" байсан монгол бичгээ балбадаг төмөр дээрээ хэрэглэх хүсэл зориг удаан дарсан шампанскийг уулын уруу өнхрүүлж байгаад задалсан мэт зад татан төрөв. Унтан ухантан умартаж байх хооронд минь улс түмэн юу амжуулж байдгийг хайж хэсэг суув, бас харж хэсэг бахдав. Сайн өвөг дээдсээс саяхан хүртэл уламжлагдан ирсэн соёлт ганган босоо бичигтээ санаа сэтгэлээ болон сачийгаа сунаж тасартал зориулахаар шийдлээ.
Ингэж хөөрч догдолсон би бээр нэрээ бичиж нийтэд зарлахаар шийдээд "алив аваад ир, аянга буулгаж буй мэт алдарт бичгээрээ зулайнаас эхлээд өлмий хүртлээ алдаа муруйгүй алдлаад өгье" гэж ирээд л бичих мөчид хүрлээ. Юникод гэгч ертөнц дээрх буянтны ачаар юунд ч торолгүй монгол бичгийнхээ үсэг бүрийн цахим дугаартай дурайсан жагсаалт оллоо. Галт үнэг дээр үсэг нь харуулагдсангүй. Гүйж хайж байгаад CODE2000.TTF үсгийн маяг суулгаж аваад харж хэсэг суув. Мэдээж галт үнэг дээр Контрол товч дарж байгаад хулганы дамраар үсгийн хэмжээг томруулж харж болдог ч латин үсэгнүүд нь хамт томроод хамарнаас минь том болчихдог юм байна. Нэмэлт багана байгаад тэр дотор нь уг үсгийг зураг болгож харуулбал үсгийн маяг суулгаагүй хүнд ч гэсэн үзэгдчихмээр амар юм даа гэсэн бодол ажил дээр юм бодож байгаа хүний дүр үзүүлэн унтаж байх зуур сэрүүн зүүдэнд минь сэв гээд ороод ирлээ. Ингээд нуухаа арилгаад уг хүснэгтийг зургаар харуулсан баганатай болгож хийе гэж бодлоо. Ингэхийн тулд үсэг бүрээр нь зураг үүсгэнэ, багана нэмж тэнд нь зургаа оруулаад вэб болгож экпортлоно гэж бодоход амар ч яаж хийх вэ гэхээр янз бүрийн л арга толгойд орж ирэх байх. Зарим нь жижигхэн бүрхүүлийн програм бичнэ, зарим нь арван найз уруугаа утастаад арван таваар нь хувааж аваад гараараа хувиргаж бичээд буцааж нийлүүлэх ( энэ миний толгойд орж ирсэн анхны бодол ), эсвэл эклипс гэгч дээр жаава мастерууд энд тэндгүй балбаад бэлэн болгочихож ч бас чадах байх. Гэвч эмакс гэгч засварлагч дээр энэ зэргийн юмыг хурууны үзүүрээр хийж болдгийг мэддэггүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь шоологдохоор гээд хийх алхамаа дүрс бичлэг болгон нэг, хоёр мөн гурав таслан бэлтгэж тавив.
Зорилго бол тодорхой: Эндээс хүснэгтийг нь хуулж аваад, нэмэлт багана үүсгээд, тэнд нь зураг үүсгэж холбож оруулаад, буцаагаад вэб болгож экспортлох. Хийх алхам бүрээ todo гэсэн буферт жагсааж байгаад, гүйцэтгэсэн алхамаа тус бүрд нь чагталж байгааг минь анзаарна биз ээ. Гурав таслах хоёр шалтгаан байлаа. Нэгдүгээр андын зөвлөснөөр зуун мегагаас дээш дүрс бичлэг бүү үйлд, хоёрдугаарт гарын макрогоор бүрхүүлийн тушаал дуудсан бол урт файлд удаан үйлчилж харагдах бөгөөд энэ нь дүрс бичлэгт гацсан юм шиг гөлийж харагдах нь тоогүй санагдсан тул эхний хэдэн мөрөнд ажиллуулж харуулаад дүрс бичлэгээ зогсоон гүйцээж хийчихээд цааш нь үргэлжлүүлж хийв.
Хэрэглэсэн зэвсэг гэвээс: convert гэж imageMagick-н нэг бүрэлдэхүүн тушаал, эмакс болон түүний org горим.
Хэтийн төлөв: Монгол бичгээрээ тэрлэдэг болтлоо тийчлэнэ.
Мартаж болшгүй соёл!
