2026/03/01

Үнсэн самбар 1.0

Бараг арваад жилийн өмнө анх үнсэн самбар гэж JQuery, CSS дээр тулгуурлаж бичсэн жижигхэн апп биччихээд интернэтээр зарлаж их олон хүнтэй найз болж идэр насандаа их юм хийчихсэн юм шиг ичихгүй онгироо байж дээ. Сарын 5 евро төлдөг VPS сервер дээр байршуулчихсан, өдөртөө 3000 орчим хүмүүс ханддаг, босоо бичигээ сонирхсон хүнд бол хэрэгтэй л юм хийчихлээ гэж боддог байлаа. Хандаж байгаа хаягуудыг нь харахад ихэнх нь өвөр монголоос байсан. Монгол улсаас их цөөхөн хүн хэрэглэж байгааг харахад жаахан гуниг, бас "яагаад" гэсэн асуулт үргэлж төрдөг байлаа. За тэгтэл урд хөрш өвөр монголд монгол бичигийг ханзаар солих шийд гаргаж, арван жилийн болон их сургуулиудад монгол бичиг хэрэглэхийг зогсоов. Тэгтэл нэг өдөр үнсэн самбар луу орж чадахгүй байна гэж хүмүүс над уруу бичлээ. Сервер лүү ороход л удаашраад нэг л биш, өгсөн тушаал биелтлээ бараг арван секунд удаад, миний харж амсан хандалтын жагсаалт тэр чигээрээ урд зүгийн хаягнаас урссан хандалт байсан. Бараг тавхан минутын дотор DoS довтолгоонд ороод юу хийхээ мэдэхгүй гацаж билээ. Зурхайчидын математик тооцоогоо хийдэг байсан хэрэгсэл бол үнсэн самбар. Бичнэ, зурна, арилгана, ахиад бичнэ. Түүхэндээ хамгийн их бичиг үсгийн хувилбар үүсгэж хэрэглэж ирсэн улс бол монгол. Тусгаар тогтнолын том соёл. Тийм билигдлээр үнсэн самбар гэж нэрлэсэн юм. Бичгийн соёл бол их чухал. Нүдээрээ харж, амаараа хэлж, чихээрээ сонсож, гараараа бичиж байж тархинд нь суудаг мэдээллийн цогцолбор. Миний анзаарсанаар хүмүүс латин кириллээр хольж бичиж, англи хэлээр өвөр хоорондоо хээнцэрлэж ярьдаг болчихож. Энэ нь яг филипин улстай ижилхэн. Филипин киног эх хэл дээр нь тавиад үзэхэд эх хэлээ англи хэлтэй холиод, надад бол гунигтай л харагддаг. Бас нэг анзаарсан зүйл бол, босоо бичигээ харийн хэл үзэж байгаа юм шиг хүндээр тусаж авч байгаа хүмүүс. Үгийн үндэс, галиглах хоёрыг тогтоох чармайлт байхад л хангалттай шүү дээ. Ринчин гуай "хичээсэн хүнд гурван өдрийн дотор монгол бичгийг сурдаг" гэсэн байдаг. За ямартай ч, олон жилийн дараа үнсэн самбараа хиймэл оюун ухаантай хамтарч босголоо. Чиглэлийг нь зөв өгвөл зөв ажилладаг оюун ухааны ачаар монгол бичигээ ямар ч үйлдлийн систем болон гар утсан дээр ажилладаг болголоо. Бүндөүс 11 үйлдлийн системийн монгол бичгийн гарын хуваарилалтаар нийцүүлж, мөн кирил гарын хуваарилалтанд тааруулсан бөлгөө. Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн unesun-sambara.com 1.0